ОНГОЦЫГ ТЕХНИКИЙН ШАЛТГААНААР осолдсон байх магадлалтай гэж үзэж байна

2015 оны 03 сарын 26

Germanwing компанийн Airbus A-320 онгоц Барселоноос Дюссельдорф руу нисэж яваад энэ сарын 24- ний өглөө Францын өмнөд нутагт осолдов. Түүнд сууж явсан 150 хүн бүгд амиа алдсан бололтой. Зорчигчдын 67 нь Германы, 45 нь Испанийн, түүнчлэн Турк, Казахстан, Аргентин, АНУ, Колумб, Мексик, Бельги, Мароккогийн иргэн байсан аж. Тэдний дунд дуурийн нэрт дуучин Олег Брыжак, Мари Раднер нар байжээ. Онгоцыг туршлагатай нисгэгч жолоодон явсан бөгөөд осолдохын өмнө тусламж хүссэн дохио өгөөгүй гэнэ. Герман, Франц, Испанийн Засгийн газрын гишүүд, түүний дотор ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер, Тээврийн сайд Александр Добринт, Испанийн Тээврийн сайд Ана Пастор, Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнев, Байгаль орчны сайд Сеголен Руаяль нар ослын газар нисдэг тэргээр очсон байна.

Онгоц унасан газар нь Альпийн нурууны хүн хүрэхэд түвэгтэй хэсэг ч цэргийнхэн болон аврагч 600 хүнийг яаралтай аваачжээ. Эндээс нисэгчдийн хоорондын ярианы бичлэг олдсон байна. Унахын өмнөхөн онгоц 11.6 мянган метрийн өндөрт цагт 1090 км хурдтай нисэж байж. Москвагийн цагаар 12.39 цагт онгоц радарын дэлгэцнээс алга болжээ. Үүнээс найман секундын дараа онгоцноос аюулын дохио (SOS) өгөөд сураг тасарсан аж. Тухайн үед тэнгэр сайхан байж. Онгоц минутанд 1000 метрийн хурдтай доошилсон бололтой, нисэгчид онгоцоо буулгах гэж оролдсон байж магадгүй гэж үзэж буй гэнэ. Энэ онгоц 1990 оны арваннэгдүгээр сард үйлдвэрээс гарсан, нэлээд хуучирсанд тооцогдох эд байжээ. Тиймээс техникийн талаар ноцтой бэрхшээл учирсан болов уу гэж үзэж буй юм байна. Дэлхийн нисэх хүчний түүхэнд хамгийн том осол 1977 оны гуравдугаар сарын 27-нд болсон нь Америкийн “Боинг-747” Голландын онгоцтой буудал дээр мөргөлдөж 583 хүн нас барсан тохиолдол байв.

Хоёр дахь нь 1985 оны наймдугаар сарын 12-нд Японд болж, 520 хүний амь хохирчээ. Үүнээс дөрвөн хүн амьд үлдсэн байна. 1996 оны арваннэгдүгээр сарын 12-нд Энэтхэгийн Дели хотоос 75 км зайд хоёр онгоц цагт 500 км хурдтай нисэж яваад мөргөлдөв. Казахстаны Чимкентээс Дели рүү гарсан Ил-76 онгоцонд 37 хүн , Делигээс Саудын Араб руу нисэж явсан “Боинг-747”-д 312 хүн сууж явж. 1980 оны наймдугаар сарын 19-нд Саудын Арабын нийслэлээс хөөрсөн онгоц хурдаа аваад байтал ачааны хэсэгт нь түймэр гарснаас даруй буцаж газардсан ч 302 хүн амь үрэгдсэн байна. Иргэний тээврийн онгоц цэргийн онгоцны золиос болсон тохиолдол цөөнгүй. 1988 оны долдугаар сарын 3-нд 290 зорчигч суулган хөөрсөн Ираны А-300 аэробусыг бөмбөгдөгч онгоц гэж андуураад америкчууд хоёр ч удаа пуужингаар харваж орхиж. 1983 оны есдүгээр сарын 1-нд БНСУ-ын “Боинг-747” онгоцыг Зөвлөлтийн цэргүүд байлдааных гэж андуураад Сахалин арлаас холгүй устгав. Түүнд 269 хүн сууж явжээ.

Нью-Йоркоос Сөүл руу нисэж явсан уг онгоц замаасаа хазайн ЗХУ-ын агаарын хил рүү орчихсон аж. 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Польшийн Агаарын цэргийн хүчний Ту-154 онгоцыг сөн өөв. Дотор нь 96 хүн сууж явсны дунд Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский гэргийн хамт, тус улсын армийн бүх командлал, улс төр, олон нийт, шашны зүтгэлтэн байжээ. 2014 оны долдугаар сарын 17-нд Амстердамаас Куала-Лумпур руу нисэж явсан Малайзын Боинг-777-200 ER онгоц унаж 283 зорчигч, нисэх багийн 15 гишүүн бүгд амиа алдав.

Нисэх онгоц алан хядах ажиллагаанд өртсөн тохиолдол ч байдаг. 2001 оны есдүгээр сарын 11-нд 19 алан хядагч Америкт зэрэг дөрв өн онгоц барьцаалж, хоёрыг нь Нью-Йоркийн худалдааны төв рүү чиглүүлсэн, гурав дахь нь Вашингтоны ойролцоох Пентагоныг мөргөж, дөрөв дэх нь Шенксвилль хотын дэргэд унасан. Тэгэхэд нийтдээ 3000 шахам хүн амь үрэгдсэн юм. 1985 оны зургадугаар сарын 23- нд Ирландын эрэг орчимд Энэтхэгийн “Боинг-747” онгоцыг 9400 метр өндөрт дэлбэлэв. 329 хүн амиа алдлаа. 1988 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Пан Америкэн” компанийн “Боинг 747-100” онгоц Шотландын Локерби хотын тэнгэрт дэлбэрч 270 хүний амь сүйдэв. 2014 оны гуравдугаар сарын 8-нд Малайзын Боинг-200 ER онгоц Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисэж яваад сураггүй болов. КуалаЛумпураас Бээжинг чиглэж явсан энэ онгоцонд 239 хүн явсан юм.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД