“КОННЕТАБЛЬ МИНЬ, ЧИ ЕР ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙНА”

2015 оны 03 сарын 25

Ирээдүйд Францын Ерөнхийлөгч болох байсан Шарль де Голль 1890 онд Лилль хотын шашны нэгэн сургуульд франц хэл, уран зохиолын хичээл заадаг хохь тайжийн гэр бүлд төржээ. Энэ айл таван хүүхэдтэй байв. 1893 онд Европын нөгөө талд Смоленск мужид өөр нэг хүү Миша Тухачевский төрсөн байна. Түүний эцэг нь мөн л ядуурсан тайж байв. Эднийх харин олон хүүхэдтэй, дөрвөн хүү, таван охинтой айл байлаа. Шарль де Голль багадаа Парист очсон бол Миша Тухачевский ч ялгаагүй, Москвад иржээ. Тэд хоёул цэргийн хүн болно гэж хүүхэд байхын л боддог байж. Де Голль эцэст нь 1909 онд Версалийн ойролцоо байх Сен-Сирийн цэргийн дунд сургуульд оров. Тус сургуулийг Наполеон байгуулсан гэдэг. Тэгвэл Тухачевский гимназид сурч байгаад 1911 онд Москвагийн бага даргын нэгдүгээр корпуст шилжиж, 1912- 1914 онд Александровын цэргийн дунд сургуульд сурсан байна. Де Голль этгээд ааштай, их авьяаслагаараа бусдаас ялгарч байлаа. Их өндөр (190 см) болохоор орчноо тэр өндөрлөгөөсөө харна.

Тухачевскийн хувьд ааш бас л сайхангүй, авьяас гэвэл ер бусын. Дээр нь франц хэл сайн мэднэ. Де Голль 1912 онд төгсөөд бага дэслэгч цолтойгоор хоёр жил явган цэргийн ангид алба хаав. Тухачевский 1914 оны зун бага дарга болж Семёновын хороонд алба хаах боллоо. Ингэж байтал дэлхийн I дайн эхэлж Франц, Оросын энэ хоёр офицер фронт руу явжээ. Тухачевский зоригтой, маш мундаг байлдаж байлаа. Хагас жилийн хугацаанд таван ч одонгоор шагнуулав. Оросын офицерууд дотор 22 наслахдаа бусдаасаа ингэж онцгойрсон нь тун ховор. Архивын материалаас үзвэл Тухачевский гурван долоо хоногт нэг удаа одон хүртэж байжээ. Тэрбээр Георгиевийн загалмайгаар шагнуулчихыг хүсэж байлаа. 1914 оны арваннэгдүгээр сарын 5-нд Тухачевский шархдаж түүнийг Москва руу явуулав. Де Голль ч мөн дайны эхний өдрүүдэд фронтын тэргүүн шугам дээр байлаа. Бас л сайн байлдаж, 1914 оны наймдугаар сарын 15- нд Нормандид хөл нь шархдав. Тэгээд Лионд эмчлүүлээд 1915 оны нэгдүгээр сард эргэж иржээ. Тэгтэл Сомма голын эрэг дээр болсон тулаанд зүүн хөлөндөө шарх авлаа. Дэслэгч удаан хугацаагаар эмчлүүлээд явган цэргийн 33 дугаар хороондоо буцаж ирэхдээ ахмад болсон байв.

Хожим нь 1919 оны долдугаар сард Хүндэт легионы одонгоор шагнуулжээ. Энэ үед Тухачевский германчуудад олзлогдоод байв. Польшийн нутаг дээр тулалдаж яваад 1915 оны хоёрдугаар сарын 19-нд олзлогдсон аж. Үүнээс найм хоногийн дараа Тухачевский нас барсан гэх ташаа мэдээлэл Оросын сонинд гарч, үүнийг сонссон ээж Мавра Петровна нь амь голтой төдий амьтан болж орхив. Дашрамд хэлэхэд, Тухачевскийн олзлогдсон нөхцөл байдал цагаантны дүрвэгсдийн дунд ширүүн маргааны сэдэв болсон байдаг. Офицер байсан хүмүүс болохоор Тухачевскийг чадвар муутайгаасаа болсон, хулчгараасаа болж олзлогдсон гэцгээж байв. Гэвч аль нь ч нотлогдоогүй юм. Сталинч түүх бичлэгт улаан маршалын намтрын энэ хэсгийг тас нууж байсан бол тухайн үеийн албан ёсны үзэл суртал түүний олзлогдсоныг урвасантай адилтгаж байсан юм. Тухачевскийн алба хааж байсан Семёновын хорооны офицер Г.Бенда дурсамждаа бичсэнээр 1915 оны хоёрдугаар сард нэгэн шөнө өтгөн манан татаж байсныг ашиглан германчууд Оросын тэргүүн суман руу довтолсон аж. Хүч илт тэнцвэргүй байв. Сумангийн дарга болон олон цэрэг алагдаж, 30 орчим хүн олзлогдсоны дотор толгой руугаа цохиулж ухаан алдсан Тухачевский байжээ.

Түүхч В.А.Лесков “Тухачевский бусдын адил Оросын төл өө тулалдах гээгүй, тушаал дэвших гэж фронтод явсан юм. Тэрбээр 30 насандаа генерал болчих бодолтой байсан” гэж бичсэн байдаг. Тухачевскийг тулалдалгүйгээр өөрөө бууж өгсөн байж болохыг гэрчлэх маргашгүй хоёр баримт байдаг нь тэр олзлогдох үедээ шархдах нь битгий хэл энд тэндээ шалбараа ч үгүй аж. Тэгвэл түүний дарга, Орос-Японы дайнд оролцож, Георгиевийн загалмайн одон хүртсэн Веселагогийн биед сумны болон жадны 20 гаруй шарх байсан гэдэг. Тэгэхдээ шархгүй байгаа нь хүнийг буруутгах баталгаа нотолгоо бас биш юм. 1916 оны гуравдугаар сарын 2-нд Германы тал хүнд их буугаар буудаж, хий ашиглаж, эцэст нь гардан тулаан хийж Де Голлийн батальон бараг бүрэн устжээ. Де Голль шархдаж ухаан алдсан байна. Түүнийг амьсгал хураасан гэж үзсэн аж. Ийнхүү хаа газрын хоёр залуу офицер биенээсээ хамааралгүйгээр Германд олзлогдсон байна.

Тэднийг нэг хорих лагериас нөгөө рүү нь зөөж байв. Оростоо эргэж ирээд Тухачевскийн бичсэнээр бол лав зургаан лагерь дамжсан, гурван ч удаа оргож байсан гэнэ. Эцэст нь түүнийг олон улсын олзлогдогсдыг хорьж байсан Ингольштадтын цамхагт авчирчээ. Оргох оролдлого олон удаа хийсэн, засаршгүй этгээдүүдийг Германы өнцөг булан бүрээс ийш нь авчирсан байна. Энд орос, франц, англи, итали хүмүүс хоригдож байлаа. Де Голль ч бас энэ л замыг туулав. Тэгээд явж явж нөгөө Ингольштадтын есдүгээр цамхагт иржээ. Ирээдүйд цэрэг, улс төрийн нэртэй зүтгэлтэн болох энэ хоёр хүн энд нүүр учирсан байна. Де Голлийн өөрийнх нь хэлснээр тэрбээр “Тухачевскийтэй нэг өрөөнд удаан хамт байжээ”. Хожим нь генерал болсон Жорж Катру, Луй де Мезейрак гэдэг хоёр франц хүн бас энэ цамхагт хоригдож байж. Сэтгүүлч болсон Реми Рур ч байсан бөгөөд тэрбээр “Улаан армийн командлагч Михаил Тухачевский” гэдэг ном бичиж 1928 онд Парист хэвлүүлсэн юм. Тэгэхдээ Пьер Фербак гэдэг нууц нэр хэрэглэсэн байна. Залуу Тухачевскийг “туранхай, болхи хөдөлгөөнтэй энэ залуу уранхай цэрэг хувцастайгаа ч гэсэн тун дэгжин харагдана. Цагаан царайтай, хар үстэй тэрбээр Италийн кампанийн үеийн Бонапартыг эрхгүй санагдуулна” гэж бичсэн байдаг.

Реми Рурд Тухачевский аятайхан сэтгэгдэл төрүүлдэг байснаас түүнтэй яриа хөөрөө олонтаа өрнүүлдэг байсан аж. Тэд бас их маргана. Рур хожим нь “Христосын шашин, бурхан, урлаг, уран зохиол, Бетховен, Оросын тухай, “орос сэтгэл”, Оросын сэхээтний тухай ч бид маргаж байсан. Тэр орос офицер маргах жигтэйхэн сонирхолтой хүн байсан” гэж дурссан нь бий. Реми Рур номдоо мөнөөх Луй де Мезейрак гэх мэт нэлээд хүний нэрийг дурдсан ч де Голлийн талаар юу ч өгүүлсэнгүй. 1928 он гэхэд де Голль хэн ч мэдэхгүй нэгэн байсан болохоор тэр биз. Де Голлийн намтрыг бичигч Жан Лакутюртэй 1964 онд ярилцахдаа харин түүний байдлыг нэлээд тодорхой өгүүлсэн байна. “Тэрбээр ихэнхдээ ганцаар сууж герман сонин байнга уншина. Түүн дээрээ тэмдэглэгээ хийж, дайсны ялагдлын талаар ямар нэг мэдээлэл олоод үзчихийг хичээнэ. Германы цэргийн болон иргэний төлөөлөл болсон хүмүүсийн зан байдлыг шаргуу судалж, тэдний сул талыг хайна”.

Де Голлийг энд ихэнхдээ Коннетабль (Сен-Сирийн цэргийн дунд сургуулийн үеийнх шиг), Тухачевскийг ердөө Миша юм уу, Тука гэж дуудна. Хоригдлууд энд ер юу хийх вэ дээ, оросууд нь шатар, францчууд нь бриж тоглоцгооно. Харин Тухачевский хийл худалдаж аваад түүнийгээ л тоглож байдаг байв. Хоригдлууд оргохсон гэж их бодно. Де Голль ч ялгаагүй. Нэг удаа ийм оролдлого хийгээд тэр дороо баригдав. Тухачевский ч энд байгаад байхыг яахин хүсэх билээ. 1917 оны наймдугаар сард Тухачевский оргов. Тэгээд ШвейцарьГерманы хилийг нэвтэрчээ. Ийн оргосон нөхцөл байдал араасаа бас л хэл ам дагуулсан байна. Олзлогдогсдыг хотоор явахыг зөвшөөрөхдөө оргож зугтахгүй гэсэн ам өчгийг бичгээр авдаг байжээ. Тухачевский ч мөн ийм үүрэг авсан ч офицер хүний үгээ хайхралгүй зугтаж орхисон байна. Удалгүй турж үхсэн болов уу гэмээр орос хүний цогцос олдсоныг Тухачевскийнх гэж үзэв. Тэгэхэд Тухачевский Парисыг зорьж явсан бөгөөд тэндээсээ Лондон орж, цааш далайгаар Стокгольм хүрч улмаар Петроградад очжээ.

Хрущевийн үеийн албан ёсны намтарт нь Тухачевскийг Германы хорих лагериас таван удаа оргосон гэж бичсэн байдаг аж. Гэтэл үнэн хэрэг дээр ийм боломж байхгүй гэж үздэг байна. Түүгээр ч барахгүй хотоор зугаалах үеэр Тухачевский зугтсан нь үнэн юм болов уу. Тэрбээр тун онцгой явдал л тохиолдоогүй бол офицерийн нэр хүндийг гутаах энэ мэт үйлдлийг хийхээргүй хүн байсан гэдэг. Тухачевский 1917 оны есдүгээр сарын 29-нд Парист цэргийн атташе А.А Игнатьев дээр ирсэн байдаг. Тэр өдөр нь Игнатьев Лондон руу генерал Н.С.Ермоловт “Германд олзлогдоод оргож яваа Семёновын хорооны бага дэслэгч Тухачевскийн хүсэлтээр би түүнд Лондон хүрэхэд шаардагдах мөнгө өглөө. Цааш замнахад нь түүнд туслахаас татгалзахгүй байхыг танаас хүсье” гэсэн бичиг явуулжээ. Ингээд Тухачевский 1917 оны аравдугаар сарын дундуур Петроградад ирж, биеэ тэнхрүүлэхээр гэрээ зорьсон байна. Яг энэ үед Октябрийн хувьсгал тохиов. Большевикуудыг засгийн эрхэнд гараад ер удаагүй байхад буюу 1918 оны хавар Свердлов, Куйбышев, Ленин, Троцкий нартай Тухачевский уулзсан байдаг. Жирийн нэг “муу” бага дэслэгч большевизмийн дээд хүрээнийхэн дунд ороод явчихсан нь гайхмаар.

Цэргийн салбарт албан тушаал асар хурдан ахисан үйл явдал нь ч ингэсгээд л эхэлж. Тухачевский 1918 оны гуравдугаар сард Улаан арми, Оросын Коммунист нам (ОКН)-д элсчээ. Тэгээд зургадугаар сараас л Дорнод фронтын I армийг командлав. 1919 оны I-II сард өмнөд фронтын VIII армийг командалж, Деникин, Колчак, Врангелийг бут цохилоо. Зөвлөлт-Польшийн дайнд тэрбээр бүхэл бүтэн фронт удирдсан байна. 1921 оны гуравдугаар сард Кронштадтын бослогыг хатуу ширүүнээр дарахад оролцож, тавдугаар сард тариачдын бослогыг хөөн тараахаар Тамбовыг зорив. Тэрбээр 1928 оны тавдугаар сараас Ленинградын цэргийн тойргийг командлах боллоо. 1931 оны зургадугаар сараас Цэрэг, тэнгисийн хэргийн ардын комиссарын болон ЗХУ-ын Хувьсгалт цэргийн зөвлөлийн даргын орлогчоор ажиллалаа. 1935 оны арваннэгдүгээр сард 42 настайдаа ЗХУ-ын маршал цол хүртэв. 1936 онд Батлан хамгаалах ардын комиссар нөхөр Ворошиловын нэгдүгээр орлогч боллоо. 1937 оны зургадугаар сард түүнийг Германы тагнуул, Троцкийн хуйвалдааны оролцогч хэмээн үзэж буудан хороов. Де Голль Германд уджээ.

Олон шорон дамжиж, оргох гэж олон удаа оролдоод тухай бүртээ баригдсаар эцэст нь Магдебургэд очоод байхдаа эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсныг 1918 оны арваннэгдүгээр сарын 11-нд дуулав. Суллагдаад 1919 оны эхээр Францын цэргийн нэгэн сургуульд сурч байгаад дөрөвдүгээр сард Польш руу томилогдов. Энд Францын офицерууд Польшийн армид зааварлагчаар ажиллах болсон аж. Хүндэт легионы одонгоор шагнуулснаа де Голль энд л дуулав. 1927 онд хошууч цолтой боллоо. Хүнд захирагдах дургүй, зарчимч байдал нь албан тушаал ахихад нь түүнд ихээхэн саад болж байв. 1933 оны арванхоёрдугаар сард дэд хурандаа, 1937 оны арванхоёрдугаар сарын 25-нд буюу улаан маршал Тухачевскийг амиа нэгэнт алдаад байхад хурандаа цол авлаа. 1940 оны тавдугаар сарын 25-нд түүнийг бригадын генерал болгохоор нэрийг нь дэвшүүлжээ. Германд олзлогдоод нэг өрөөнд хоригдож байсан орос нөхрийнх нь хувь заяа хэрхсэнийг де Голль дуулаа болов уу? Харамсалтай нь энэ талаар ер баримт алга. Харин хожим нь генерал де Голлийг дэлхий мэдэх болсон билээ. Тэрбээр Францын Түр Засгийн газрын дарга болоод байхдаа 1944 онд Москвад очсон аж.

Сталинтай уулзсан ч Тухачевскийн талаар тэд юу ч ярьсангүй. Шарль де Голль Францын Ерөнхийлөгч болсон хойноо 1960 онд Парист Н.С.Хрущевийг хүлээн авч уулзжээ. Тэр үед Тухачевскийг цагаатгасан байсан ч бас л түүний талаар тэд ярилцсангүй. 1966 онд де Голль Москвад хариу айлчлал хийх үеэрээ Тухачевскийн төрөл садангуудтай уулзахыг хүсэж байсан ч чадаагүй аж. Энэ хоёр хүн дэлхийн I дайн дууссаны дараа нэг удаа уулзсан гэдэг. Энэ явдал Тухачевскийг Францад очоод байх үеэр 1936 оны хоёрдугаар сард болсон байна. Тэрбээр Парист албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохын зэрэгцээ Францын цэргийнхэнтэй уулзах ёстой байв. Парисын нэг зоогийн газар энэ уулзалт болоход Ингольштадтад хоригдол байсан 20 орчим хүн тэнд цугларсан байж. Тухайн үед Парист цагаач байсан орос хүн В.М.Александров энэ уулзалтын талаар “Тухачевскийн хэрэг” номдоо бичсэн бөгөөд уг ном 1990 онд орос хэлээр хэвлэгдсэн аж. Францын сэтгүүлч Жан Пуже ч 1973 онд хэвлэгдсэн “Ахмад де Голль гэгч” номдоо бас энэ талаар тэмдэглэсэн байна.

Александров, Жон Пуше хоёул уг үйл явдлыг өөрийн нүдээр хараагүй бөгөөд хүмүүсийн амнаас сонссоноо бичсэн аж. Тухачевский тэгэхэд Зөвлөлтийн хоёр генералтай иржээ. Маршалын гоё дүрэмт хувцастай, Лениний одон зүүсэн байв. Дэд хурандаа де Голлийг хармагцаа “Коннетабль минь, чи ер өөрчлөгдөөгүй байна. Мэргэжлийн армийн тухай номыг чинь уншсан. Түүнийг орос хэл рүү орчуулах үүрэг өгсөн. Таны санааг би дэмжиж байгаа” гэж хэлжээ. 1934 онд Парист хэвлэгдсэн де Голлийн “Мэргэжлийн арми руу” гэдэг номыг нь хэлсэн бололтой. Энэ номыг “мэргэжлийн арми” нэрээр 1935 онд орос хэлээр гаргасан байна. Улаан армийг өөрчлөн байгуулахыг Тухачевский хүсэж байсан ч дайны өмнө түүний шилдэг дарга нарыг нь буудаж алж байгаад Сталин энэ ажлыг хийсэн юм.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
201.242.136.248 An answer from an expert! Thanks for cointiburtng. http://twdrbnj.com [url=http://lqsanfll.com]lqsan fll[/url] [link=http://mhbshbh.com]mhbsh bh[/link]
201.242.136.248 An answer from an expert! Thanks for cointiburtng. http://twdrbnj.com [url=http://lqsanfll.com]lqsan fll[/url] [link=http://mhbshbh.com]mhbsh bh[/link]
201.166.152.117 Wow, this is in every recsept what I needed to know. http://pmrvnwic.com [url=http://vdcgubtl.com]vdcgu btl[/url] [link=http://ygvzpmh.com]ygvzp mh[/link]
193.188.65.181 What I find so inrnetstieg is you could never find this anywhere else.
93.57.11.139 The genius store caeldl, they”re running out of you. http://wqlsyn.com [url=http://pmugpvneqk.com]pmu gpvneqk[/url] [link=http://kknwqwxc.com]kknw qwxc[/link]
186.92.200.237 If I were a Teenage Mutant Ninja Turtle, now I”d say ”Kwnabuoga, dude!”
50.254.4.194 I have been so bedrlweied in the past but now it all makes sense!
178.173.143.12 I don”t know who you wrote this for but you helped a brheotr out.
190.73.155.237 This is exactly what I was looking for. Thanks for wrtigni!