“ТА НАР СУВИЛЛЫН ГАЗАР БИШ, БӨӨНӨӨР ХОРИХ ЛАГЕРЬТ ИРЭЭД БАЙНА”

2015 оны 03 сарын 17

Освенцимийн бөөнөөр хорих лагерийг Зөвлөлтийн цэргүүд чөлөөлсний 70 жилийн ойн үеэр баахан шуугиан дэгдсэн билээ. Польшийн Гадаад хэргийн сайд Гжегож Схетынь энэ хорих газрыг 1945 оны нэгдүгээр сарын 27-нд украинчууд чөлөөлсөн гэж хэлсэн нь гал дээр тос хийсэн явдал болсон юм. Үүний хариулт болгож Оросын батлан хамгаалах яам нууц байсан олон зүйлийг дэлгэсэн. Тэдгээрийн дотор Украины нэгдүгээр фронтын 60 дугаар армийн бүрэлдэхүүнийг 1945 оны нэгдүгээр сарын байдлаар олон түмэнд сонордуулсан юм. Түүнээс үзвэл тус арми нийтдээ 89.5 мянган цэрэг, офицертэй, үүний 42.3 мянга нь орос, 38.0 мянга нь украин хүмүүс байжээ....Польшийн нутагт бөөнөөр хорих лагерь бий болгох санаа 1939 оны сүүлчээр Германы удирдлагын толгойд төрж, төслийг нь боловсруулсан байна. Польшийн эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр эсэргүүцлийн хөдөлгөөн өргөжиж байна гэх мэдээлэл гарах болсноор уг лагерийг байгуулсан аж. Тэгээд хүмүүсийг олноор нь баривчлахаар шийдвэрлэсэн учраас тэднийг байрлуулах газар хэрэгтэй болсон байна. Шинэ лагерь байгуулахаар Освенцим (германчууд Аушвиц гэдэг) гэх жижиг хотыг сонгож авчээ.

Висла, Сола хоёр том голын уулзварт байх газар тул цаашдаа лагерийг өргөжүүлэх, гадаад ертөнцөөс тусгаарлахад ч тохиромжтой гэж үзэж. Түүнээс гадна төмөр замын аятайхан зангилаатай байв. Яваандаа улсын бөөнөөр хорих лагерь болгох хорих газрыг Аушвицаас холгүй байгуулна гэсэн мэдээлэл 1940 оны нэгдүгээр сарын 25-нд СС-ийн райхсфюрер Генрих Гиммлерт ирэв. Энд 10 мянган хүн хорихоор төлөвлөлөө. Ингээд бөөнөөр хорих лагерь байгуулах шийдвэр 1940 оны дөрөвдүгээр сарын 27-нд гарч анхны комендантаар Хёсс гэгчийг томилжээ. 1940 оны зургадугаар сарын 14-нд анхны хоригдол болох 728 польш хүнийг энд авчирлаа. Үүний хамт энэ хавийн тосгодын оршин суугчдыг нүүлгэж эхлэв. Лагерь тогтмол өргөжсөөр 1941-1943 онд дотроо хэд хэдэн хэсэгтэй болсон байлаа. Хоригдлуудыг эрэгтэй, эмэгтэйгээр нь тусгаарлан лагерь болгосон төдийгүй цыган, еврей нарт зориулж гэр бүлийн лагерь ч бий болгов. Освенцимд үхэл ердийн үзэгдэл боллоо. Хүмүүсийг хүчир хөдөлмөрт зүтгүүлж, өлсгөлөн, эмнэлгийн хүмүүн бусын туршилтаар тамлана. Яргалал, доромжлол дээд цэгтээ хүрэв.

Тухайлбал, Польшийн эсэргүүцлийн хөдөлгөөний дайчдын хумсыг нь суга татаж, зогсоогоор нь олон хоногоор хорьж, эсвэл гарыг нь ард нь хүлээд дүүжилнэ. Хоригдлыг дураараа зодох, тэр ч бүү хэл алах эрхийг СС-ийн ажилтан бүр эдэлнэ. Түүгээр ч барахгүй лагерийн ахлагчаас эхлээд үсчин хүртэл ингэх эрхтэй. Бүх төрлийн шийтгэлд зодуур заавал орно. СС-ийн ажилтнуудын мэдээлэл дээр үндэслэн шийтгэлийг комендант юм уу лагерийн даргын орлогч онооно. Освенцимд хамгийн хүнд шийтгэл нь цааз байв. Энэ шийтгэлийг мод, элсээр хийсэн тусгаарлах хавтан бүхий зориуд хар өнгөөр будсан хана барьсан тусгай газар гүйцэтгэнэ. Хананы дэргэд элс асгасан байх бөгөөд цус түүн рүү нэвчиж шингэнэ. Жилийн ямар ч улиралд цаазлах хүмүүсийг энд чармай нүцгэн авчирна. Эхлээд эмэгтэй хүнийг, дараа нь эрэгтэйг. Цогцсуудыг машинд ачиж яваад шатаах зуух руу асгаж орхино. Хүмүүсийг алах хамгийн жигшүүртэй аргын нэг нь хийгээр хордуулж хороох явдал байсан бөгөөд дайны дараа баривчлагдаж цаазаар авах ял хүлээсэн мөнөөх Хёсс өөрийн намтартаа “1941 оны зун намайг райхсфюрер (Гиммлер) Берлинд гэнэт дуудаад “Еврейн асуудлыг эцэслэн шийдэхийг фюрер (Гитлер) тушаалаа. Энэ үүргийг СС-ийнхэн бид гүйцэтгэнэ. Дорно зүгт байгаа устгах цэгүүдэд ийм нүсэр ажил хийх боломжгүй. Тиймээс Аушвицийг би сонгож авч байна.

Учир нь тээврийн хувьд аятай нөхцөлтэй юм. Бас ийм ажил гүйцэтгэх газрыг тусгаарлаж, далдлахад түвэггүй. Энэ үүргийг гүйцэтгүүлэхээр эхлээд би СС-ийн дээд зиндааны офицер сонгох гэж байснаа болилоо. Энэ ажлыг чи хийнэ” гэсэн байдаг. Хүмүүсийг хоморголон алахдаа буудах аргыг хамгийн үр дүнтэй хэмээн үзэж удаан хугацаанд хэрэглэж байв. Хёсс хичнээн еврейг хэдийд өөр рүү нь ирүүлэхийг мэдэхгүй, тэднийг бөөнөөр нь хороох аргаа ч олохгүй байжээ. Нэгэнтээ түүнийг эзгүйд орлогч Карл Фрич нь “туршилт” хийхээр шийдсэн байна. Энэ үеэр Оростой Герман дайтаад эхэлчихсэн байсан бөгөөд 1941 оны намар Зөвлөлтийн олзлогдсон дайчдын түрүүчийг Освенцимд авчирсан нь 11957 хүн байсны 600-г нь лагерийн 11 дүгээр блок руу явуулав. Энд хуучин хоёр фермийг хийн камер болгож өөрчилжээ. Чухам энд цианит устөрөгч гэгч хийг анх удаа хоригдлууд дээр туршсан аж. Хёссыг буцаж ирсний дараа хийн туршилтыг хоёр дахь удаагаа хийв. Амь нь тэмцсэн хоригдлууд гарах гэж зүтгэсэн ч хаалга түгжээтэй байх нь мэдээж.

Цус гаргахгүйгээр ийн алах нь тун түвэггүй, аятайхан арга гэж лагерийн комендант Хёсст итгүүлэв. Ийнхүү “Циклон-Б” гэж нэрлэх болсон цианит устөрөгч Аушвицэд хоригдлуудыг нэг далайлтаар хядах гол хэрэгсэл болсон байна. Гэхдээ энэ арга бас олон түвэг учруулсан аж. Шарилуудыг газар ухаж булаад байхаар хөрсний усыг хордуулаад байлаа. Үүнээс гарах гарц олжээ. Ингээд хувийн фирмүүдийг оролцуулсны эцэст 1941 оны наймдугаар сард Аушвицэд хүүр шатаах зуух бий болгов. Оны эцэс болоход энд коксоор ажилладаг дөрвөн зуухтай болсон байлаа. Эхний үед нэг пийшин нь цагт 54 шарил шатааж байжээ. Гэвч Берлинээс дэвшүүлсэн “чухал зорилтыг” шийдвэрлэхэд ганц пийшин хүрэлцэхгүй байсан тул 1941 оны арваннэгдүгээр сард болон 1942 оны намар хоёр дахь, гурав дахийг нь “ашиглалтад оруулжээ”. Эрнст Вольфганг Топф, Мартин Клеттнер, Вильгелм Кох, Курт Прюфер, Фриц Зандер гээд “Топф, түүний хүүхдүүд” фирмийн шилдэг инженерүүд асар олон шарилыг пийшингээр “шийдвэрлэх” үйлсэд эргэлт гаргах шинэ технологийн эрэлд мордоцгоов. Тэдний хүчин чармайлт голын хийтэй захиалагчийнхаа хүслээс ч хол түрүүлсэн гэж хэлж болохоор. Прюфер, Зандер нар үндсэндээ тасралтгүй ажиллах “галын урсгал” хэмээх систем санал болгов.

Энэ саналыг ажил хэрэг болгосноор I зуух хоногт 340, II, III нь тус бүрдээ 1440, дөрөв, тав дахь зуух 768 шарил шатаах хүчин чадалтай болжээ. Ийм маягаар хоногт 4756 шарилыг нүүрс болгох боломжтой болсон байна. Энэ бол онолын хувьд гаргасан тооцоо юм. Үнэн хэрэг дээрээ хүчин чадал нь дээр хэлснээс хоёр дахин их байлаа. Тухайлбал II, III зуух хоногт 5000 орчим, IV, V дахь нь 3000 хүртэл шарил шатаадаг байсан аж. “Еврейн асуудлыг эцэслэн шийдвэрлэх” хөтөлбөр баталсан нууц зөвлөгөөн 1942 оны нэгдүгээр сарын 20-нд Берлиний ойролцоох Ванзеед болсноос хойш Аушвиц рүү еврей нарын цуваа тасрахаа байв. Еврей нарыг 1942 оны хоёрдугаар сарын дундуур хийгээр анх цааш нь харуулжээ. Эхлээд тэднийг хуурахаар оролдож, ажилд хуваарилахын өмнө усанд оруулна гэж СС-ийн нэгэн ажилтан хэлсэн байна. Ямар ч сэжиг аваагүй хөөрхий еврей хүмүүс хувцсаа тайлаад хийн камер руу орж байлаа. Энэ арга гитлерчүүдийн санаанд ихэд нийцсэн тул түүнийг удаан хугацаанд хэрэглэсэн аж. Сүүлдээ ч еврей нарыг хааш нь авчирснаа нуухаа больж.

Хёссын орлогч, дээр өгүүлсэн Карл Фрич нэгэнтээ ачигдаж ирсэн еврей нарт “Та бүхэн амралт сувиллын газарт биш, Германы бөөнөөр хорих лагерьт ирлээ. Эндээс төмөр хоолойгоор дамжиж гарах ганц л гарц бий. Санаанд чинь энэ нийцэхгүй бол төмөр утсан тор руу одоо явж болно” гэж хэлсэн байна. Еврей ачсан цуваа Словак, Нидерланд, Бельги, Франц, Хорват болон Польшийн газар бүрээс ирж байв. Тэднийг хүлээж аваад эрүүл хүмүүсийг нэг тийш нь, хөгшид, хүүхэдтэй эмэгтэйчүүд, сул биетэйг нь нөгөө тийш нь зогсоолоо. Эхний ангилалд багтсан хүмүүс үхэн үхтлээ ажилд зүтгэнэ, ирэгсдийн 70-80 хувийг эзэлдэг хоёр дахь хэсэг нь даруй үхэх тавилантай. Франц, Бельгиэс авчрагсдын гуравны нэгээс илүүг нь лагерийн шороон дээр ч гишгүүлэлгүй камер рүү илгээсэн удаа ч бий. Заримдаа ажиллах хүч шаардлагагүй байвал авчирсан хүмүүсээ тэр чигт нь устгах тохиолдол ч байжээ. Хийн камерт орсон хүмүүс түвэггүй үхдэг гэж үздэг байсан алуурчид үүдийг нь нээхэд зарим шарил нь бөөлжис, өтгөн, цусаар “будагдсан” байсан гэдэг.

Гиммлер 1942 оны дөрөвдүгээр сарын дундуур энд ирж, хүмүүсийг вагоноос буулгаж байхыг, шарилыг нь камераас гаргаж ирэхийг өөрийн нүдээр үзсэн байна. Тэгээд тээврийн хэрэгслийг нэмэгдүүлнэ, ажлын чадваргүй еврей нарыг “тэжээгээд” байх хэрэггүй гэж хэлсэн аж. Хүмүүсийг хэрхэн алж байгааг нүдээр харсан хүмүүсийн нэг болох комендант Рудольф Хёсс ярихдаа “Хий орж ирдэг хоолойд ойр байгаа нь тэр дороо амьгүй болж ойчихыг хаалганд байх шагайвчаар харж болдог. Тэдний бараг гуравны нэг нь даруй үхдэг. Бусад нь хоорондоо шахцалдаж, хашгичиж, татавгасхийн хий самардана. Энэ орилоон хашгираан удалгүй амь тавихын өмнөх эхэр таталт болж хувирна. Ингээд сайндаа 20 минут өнгөрөхөд хэн ч хөдлөхөө байдаг” гэсэн байдаг. Дараа нь камерыг хүчтэй үлээгчээр цэвэрлэж салхи оруулна. Тэгээд үхсэн хүмүүсийн үсийг авч, алтан шүдийг нь сугалаад цогцоснуудыг шатаах зуух руу тэргэнцрээр зөөнө. Шатаахад ч бас 20 минут л зарцуулна. Үнс чандрыг гүйцэд шатаагүй ясны үлдэгдэлтэй хамт Харменж гэдэг тосгон руу аваачиж загас элбэгтэй цөөрөм, намаг руу цацна, заримдаа лагерийн ногооны аж ахуйд бордоо болгож ашиглана. Шарилыг шатаахгүй булдаг байхад түүнийг хүмүүс ухдаг, энэ нь бохирдлын үндэс болдог байж. Тиймээс урьд нь булчихсан байсан 107 мянган шарилыг 1942 оны зуны сүүлчээс арваннэгдүгээр сард ухаж гарган шатаасан байна. 1943 онд Аушвицийн ачаалал ихсэв. Еврейчүүдийг их олноор нь авчрах болжээ.

Тэдний шарилыг зуухнуудад шатааж барахаа больсон тул ил задгай шатаах болов. 1944 онд нэг өдөрт хамгийн олон хүн шатаасан нь Унгараас авчирсан 24.000 еврей байжээ. Алтан шүд сугалж авах, хийн камераас шарилуудыг гаргах, үсийг нь авах, шатаах зэрэг туслах чанартай ажлуудыг “онцгой команд” гэж нэрлэдэг хоригдлуудын тусгай хэсэг хийнэ. Энэ “командад” ихэнхдээ еврей нарыг оруулна. Уг “командад” ажиллахаас татгалзсаны улмаас 1944 оны долдугаар сарын 22-нд Грекээс авчирсан 435 залуу еврейг нэг дор цаазалсан байдаг. Ер нь бол “онцгой командынхныг” томоохон ажил хийлгэчихээд устгах нууц заавартай байв. 1944 оны намар лагерийг нүүлгэхээр төлөвлөсөн байснаас бүр ч олноор нь алах болсон байна. Аушвицэд хүмүүсийг хийгээр устгаж алах “ажил” 1944 оны арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилжээ. 1944 оны аравдугаар сарын 7-нд энд бослого гарч, эцэст нь хэдэн зуун хоригдол амиа алдсан байна. Үүнээс өмнө наймдугаар сараас лагерийн удирдлага түүнийг устгах, үйлдсэн хэргийнхээ баримтыг үгүй хийх ажилд яаравчлан оров.

Хийн камерт оруулж амийг нь бүрэлгэсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ч устгав. Эдгээр камерт тавьсан техник төхөөрөмжийг буулгалаа. Еврей нараас дээрэмдэж авсан зүйлээ агуулахад хадгалж байснаа ч ийш тийш нь зөөв. Хамгийн үнэ цэнэтэй зүйлээ вагоноор Герман руу явуулж, үлдсэнийг нь устгаж орхив. Шарил шатааж байсан зуухнуудаа 1944 оны арванхоёрдугаар сард дэлбэлэв. 1945 оны нэгдүгээр сарын 17-нд хийсэн сүүлчийн тооцоогоор Аушвицэд нийтдээ 400 мянга гаруй хүн авчирсан байжээ. 1945 оны нэгдүгээр сарын 27-ны шөнө 03.00 цагийн орчимд генерал П.А.Курочкины 60 дугаар армийн генерал Ф.М.Красавины командалсан буудлагын 100 дугаар дивиз Освенцимийг чөлөөлжээ. Тэгэхдээ яг Освенцим хот, хорих лагер руу дайрч орсон нь хошууч Анатолий Шапирогийн буудлагын корпусын 106 дугаар отряд юм. Лагерийн нутаг дэвсгэр дээр тэгэхэд 650 орчим цогцос байсны ихэнх нь өлбөрч үхсэн эмэгтэйчүүдийнх байсан аж. Харин лагерьт амьд хүн 9000 байжээ. Эндхийн ажилтнуудыг шүүх хамгийн том ажиллагаа 1963 оны арванхоёрдугаар сараас 1964 оны наймдугаар сард Майн дахь Франкфуртэд болж, СС-д алба хааж байсан 22 хүн шүүгдэгчийн сандалд сууснаас 17 нь буруутан болж, тэдгээрийн зургаа нь дээд хэмжээний ял насаараа хоригдох шийтгэл хүлээсэн байна.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД