ХЯТАДЫГ ОРОСООР СОЛИНО ГЭНЭ ҮҮ

2015 оны 03 сарын 16

Хятад улс олон жилийн турш Умард Солонгосын гол ивээн тэтгэгч, өмгөөлөн хамгаалагч нь байж ирсэн юм. Гэтэл сүүлийн үед Бээжингийн энэ нөхөрсөг найрсаг байдал илт хөрж хүйтэрсэн байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болон улс төр, эдийн засгийн тогтолцооны хоцрогдсон хуучинсаг байдал хятадуудын дургүйг хүргэх болжээ. Бодит санал зөрөлдөөнийг хоёр улсын удирдагчдын хоорондын таагүй байдал улам гүнзгийрүүлж байгаа аж. Си Зиньпин Хятадын Төрийн тэргүүн болоод Пхеньянаас өмнө Сөүлд очсон нь энэ ан цавын нэг илрэл юм. Ким Жөн Ун ч эрх мэдлийн оргилд гарснаас хойших анхны гадаад айлчлалаа Бээжинд биш Москвад хийхээр сонгоод байгаа. Оросыг санхүүгийн нэг гол эх үүсвэр гэж БНАСАУ үзэх болсон нь илт. Их ялалтын 70 жилийн ойг тэмдэглэхэд Москвад БНАСАУ-ын дээд удирдагч, маршал Ким Жөн Ун гэж ер бусын зочин очих сураг сар гаруйн өмнөөс дипломат хүрээлэлд дуулдах болов. Ирэх эсэх нь яг таг тодорхой биш ч ийм айлчлал хийх боломжийг Умард Солонгосын удирдагч авч үзэж, нягтлан тунгаахад онолын хувьд бэлэн байгаа нь нэгэнт тодорхой болоод буй.

Энэ маршал төр тэргүүлээд гурван жил болоход дэлхийн улсуудын удирдагчдын хэнтэй нь ч нүүр учраагүй байгаа юм. Москвад дээд хэмжээний уулзалт хийж магадгүй байгаа хийгээд Орос, Умард Солонгосын харилцаа сүүлийн үед сэргэж буй нь Умард Солонгос Хятадын харилцаа эрс хүйтэрч буйтай юуны урьд холбоотой. Энэ хоёр улсын харилцаанд хямрал бий болох шинж тэмдэг Дээд удирдагчийн засаглалын эхний саруудад буюу 2012 оны зун, намраас ажиглагдсан бөгөөд түүнээс хойш байдал улам бүр муудсаар байна. Үүнийг зэрвэс харахад хачирхалтай. Хятад Умард Солонгосын гадаад худалдааны дөрөвний гурав орчмыг нь хянаж ирсэн тус улсын түнш, энэ салбарт монополь байр суурьтай болоод удаж буй билээ. Сүүлийн 7-8 жилд Умард Солонгост хүнсний болон хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бараг цорын ганц түнш нь Бээжин байв. Эцэст нь цар хүрээ бага ч гэсэн Пхеньянд орж ирж буй бүх хөрөнгө үндсэндээ Хятадынх байгаа юм. Хятадын анхааруулгыг үл ойшоон 2013 оны хоёрдугаар сард Пхеньян ээлжит цөмийн туршилт хийсэн нь эдний харилцаанд эгзэгтэй үйл явдал болов.


Бас Ким Жөн Уны хүргэн ах, Хятадтай эдийн засгийн талаар хамтран ажиллах асуудлыг зохицуулж байсан нөлөө бүхий хүний нэг Чан Сон Тэкийг 2013 оны арванхоёрдугаар сард баривчилсныг Бээжин дэмжихгүй байсан билээ. Үүнээс хойш Умард Солонгосын хэвлэлд Хятадыг илт шүүмжлэх болсон юм. Урьд нь зарим нэг асуудал байсан л юм. Умард Солонгост төмрийн хүдэр олборлох уурхай байгуулахад 40 сая орчим ам.долларын хөрөнгө оруулсан Хятадын уул уурхайн “Сиян” группийн хэргийг эргэн санахад хангалттай. Уг уурхайн барилгын ажил дуусмагц түүний тоног төхөөрөмжийг хураан авч, хятад хүмүүсийг Умард Солонгосоос хөөж явуулсан билээ. Хятад яаж ч эсэргүүцэл илэрхийлээд үр дүнд хүрээгүй төдийгүй Солонгосын тал ямар нэг төлбөр ч төлөөгүй юм. Энэ бүх зөрчлөөс үүдээд Хятадын төсвөөс санхүүжүүлж байсан Умард Солонгосын дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг зогсоох шийдвэрийг Хятадын тал 2014 оны эхээр гаргав. Ингээд Хятадын Манжуураас Умард Солонгосын хил орчмын усан буудал, эдийн засгийн онцгой бүс Расон руу татах байсан цахилгаан дамжуулах шугамын ажил тасарлаа.

90 орчим хувийг нь хятадууд барьчихаад байсан Ялуцян голын доод хэсэгт тавьсан гүүрийн ажил Умард Солонгосын эрэг хүрээд зогсов. Тэгэхдээ хөрөнгө оруулалттай холбоотой энэ муудалцаан орон нутгийн болон хувийн үйлдвэрийн газруудыг хамраагүй. Хятадын аль нэг хувийн компани Умард Солонгост хөрөнгө оруулах эсвэл эндхийн хүмүүстэй бизнес хийхэд бэлэн байгаа бол эрх баригчид тэдэнд саад хийхгүй, гэхдээ олигтой дэмжлэг бас үзүүлэхгүй юм. Ажил хэрэг хөрөнгө оруулалтыг зогсоосноор хязгаарлагдсангүй. Сүүлийн үед Умард Солонгосын талаар Хятадын албан ёсны хэвлэлд тун таагүй материал нийтлэх боллоо. Хятадын дипломатчид болон төр, засагтай холбоотой судлаачид урьд нь иймэрхүү шүүмжлэл хэлдэг байсан ч олон түмэнд дэлгэж байсангүй. Өнгөрсөн оны сүүлчээр, тухайлбал Нанжинийн цэргийн тойргийн командлагчийн орлогч байсан чөлөөнд байгаа дэслэгч генерал Ван Хунгуан Умард Солонгосын асуудлыг хөндлөө. Энэ бол Бээжинд бодож байгаа ч хэлдэггүй зүйлийг ил гаргаж тавьдгаараа улс орондоо танил болсон хүн л дээ. Тэрбээр сонинд бичихдээ Пхеньяны дэглэм дотоодын хурц хямралтай нүүр тулгарах юм уу Өмнөдтэйгөө зөрчилдөж эхэлбэл Хятад түүнд туслах албагүй гэв.

Хоёр улсын дипломат харилцаа ч хурцдав. Албан ёсны айлчлал эрс цөөрсөн төдийгүй түүний түвшин доошиллоо. Хятадын албан ёсны төлөлөгчдийг хүлээн авахаас Умард Солонгосын тал татгалздаг болсон. Ийм явдал өнгөрсөн сард тохиолдов. БНАСАУ-ын өдөрт тохиолдуулж Бээжингийн явуулсан албан ёсны мэндчилгээг Умард Солонгосын хэвлэлүүд сүүлчийнхээ нүүрэнд хэвлэв. Гэтэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний гарын үсэгтэй ийм илгээмжийг эхний нүүрэнд нь тавьж хэвшсэн билээ. Далд суртал ухуулгадаа бол Хятадыг их хар бараанаар “ревизионист” гүрэн гэх маягаар дүрсэлнэ. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрт хятадууд шүүмжлэлтэй хандаж буйгаас ийм мэдээллүүд нь Бээжингийнхний сонорт бүр илүүтэй хүрнэ. Ер нь бол Умард Солонгос, Хятадын хооронд хямрал болж буй нь илт болоод байна. Бээжин Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоосон 1992 онд Умард Солонгос, Хятад хоёр сүүлчийн удаа сүрхий муудалцсан юм. Хятадын удирдлага бүр анхаасаа л Умард Солонгосын цөмийн төсөлд таагүй хандаж байв. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн гүрэн Хятад улс, “цөмийн клуб”-ийн бусад гишүүнийнхээ адилаар атомын зэвсэг дэлгэрүүлэх гэсэн оролдлогод сэжигтэй ханддаг, тэгвэл түүнийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан хэрнээ, цөмийн зэвсгийн шаардлагатай технологи олж авах боломжтой болмогцоо уг гэрээнээс гарсан дэлхийн цорын ганц улс нь Умард Солонгос юм.

Түүнээс гадна Умард Солонгосын цөмийн пуужингийн систем Хятадын хилийн орчимд багагүй түгшүүртэй байдал бий болгодгийн хувьд Зүүн Азид Америкийн цэргийн хүчийг байрлуулах, улмаар түүнийг нэмэгдүүлэх шаардлага бий болгож байдаг юм. Эцэст нь Умард Солонгосын төрийн байгуулалтын хоцрогдсон, оновчгүй загвар нь олонх хятад хүний сэтгэлд огт нийцдэггүй. Энэ нь ялангуяа Хятадын удирдагчдын шинэ үеийнхэн, түүний дотор мөнөөх Си Зиньпинд хамаарна. Нэг хүнийг тахин шүтэх, ихэнхдээ Хятадын эсрэг чиглэдэг үндсэрхэг үзэл нь, тэр дундаа төвлөрсөн удирдлагатай үр ашиггүй эдийн засаг нь хятадуудын дургүйг туйлаас хүргэдэг. Умард Солонгост ч өөрийн гэсэн учир шалтгаан бас бий. Өөр хоорондоо өрсөлдсөн хэд хэдэн ивээн тэтгэгчтэй байхыг Пхеньян олон жилийн турш эрмэлзэж ирсэн юм. Энэ нь тэднийхээ зөрчил дээр тоглох боломжийг Умард Солонгосын дипломатчдад олгодог байжээ.

Хятадаас үндсэндээ эдийн засгийн бүрэн хараат байх нь Пхеньяны сэтгэлийг яахин зовоохгүй байх билээ. Умардаасаа Өмнөд нь Бээжинд илүү чухал болохыг Хойд Солонгосын удирдлага бас сайн мэддэг юм. БНСУ, Хятадын хоорондын худалдааны хэмжээ БНАСАУ-тай хийдгээс 40 гаруй дахин их. Түүнчлэн Өмнөд Солонгосыг Америкийн нөлөөллийн бүсээс гаргах нь цаг хугацааны л асуудал гэх найдвар Бээжинд байдаг. Тэгвэл Хятад-Өмнөд Солонгосын найрамдал нөхөрлөл зузаарч байгааг ажиглахдаа Умардын эсрэг тэд хуйвалдах вий гэж болгоомжилдог хүн Пхеньянд олон байдаг нь ойлгомжтой. Ямар ч байлаа гэсэн Хятадыг орлочих шинэ түнш, ивээн тэтгэгчийн эрэлд Умард Солонгос идэвхийлэн гараад байгаа нь гарцаагүй. Тэгээд Орост ихээхэн найдвар тавьж буй төдийгүй Японд хүртэл зарим талаар найдаж буй гэж хэлж болно. Харин энэ найдвар биелнэ гэхэд ихээхэн эргэлзээтэй.

Сөүлийн Кукмин их сургуулийн профессор Андрей Ланьковын бичсэнээс авав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД