ХОРМОЙН ЯВДАЛ НЬ ГЕНЕРАЛЫГ ХОРИГДОЛ БОЛГОЖ МАГАДГҮЙ

2015 оны 03 сарын 13

АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ) дарга байсан генерал Дэвид Петреуст Холбооны мөрдөх товчоо (ХМТ), Хууль зүйн яамнаас эрүүгийн хэрэг үүсгэв. Түүнийг нууц амраг, сэтгүүлч Пола Бродуэллдээ нууцад хамаарах мэдээлэл дамжуулсан хэмээн сэжиглэж буй аж. ТТГ-ын дарга, 60 настай генерал Дэвид Петреус, Америкийн сэтгүүлчдээс “Пентагоны Моника Левински” гэдэг хоч авсан 40 настай сэтгүүлч эмэгтэй Пола Бродуэлл хоёрын “явдал” 2010 оны эцсээс илт болжээ. Хэргийн материалд дурдсанаар бол Петреус өөрийнх нь намтрыг бичихэд хэрэг болж магадгүй хэмээн найман ширхэг “хар ном” гээчийг нууц амрагтаа хэдэн өдрийн хугацаагаар 2011 онд өгсөн аж. “The Guardian” сонинд мэдээлснээс үзвэл тэдгээрт нууц ажилтнуудын нэр байсан төдийгүй Америкийн байлдааны болон тагнуулын үйл ажиллагаа, Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн удирдлага, тэр ч бүү хэл АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн чухал ярианы талаарх нарийн ширийн мэдээлэл ихэд дэлгэрэнгүй байжээ. Генерал Петреус Америк орондоо ихээхэн алдартай хүн байв. Түүний зураг сонин, сэтгүүлээс салахгүй. 2004 онд Newsweek сэтгүүлийн хавтсан дээр зураг нь дөрвөн ч удаа гарч байв. Нэгэнтээ зургийнх нь дор “Иракийг энэ хүн л аварна” гэж бичиж байсан гээд бод.

Тэрбээр хэвлэлийнхэнтэй хэл амаа олж чаддаг, аливаа хэвлэлийн бага хурал, уулзалтад оролцохоос татгалзахгүй, олсон мэдээллээ сэтгүүлчидтэй хуваалцахаас буцахгүй. Иракчууд түүнийг “Давид хаан” гэнэ, цэргийнхэн болохоор Р-4 (дөрвөн таван хошуутай Петреус) гэцгээнэ. 2004 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид байх үед Жорж Буш болон Иракийн талаар түүний явуулж буй бодлогыг дэмжсэн өгүүлэл генерал бичиж “The Washington Post” сонинд нийтлүүлэв. Буш үүнд нь талархсанаа илэрхийлж хэдэн жилийн дараа Ирак дахь Олон үндэстний хүчний командлагчаар томилсон байна. Энэ томилгоог Сенат дахь бүгд найрамдахчуудын удирдагч Митч Макконнелл “Ирак дахь ажиллагааг одоо шилдэг генерал удирдана. Үүнийг түүнээс өөр хэн ч хийж чадахгүй” гэж тайлбарлаж байв. Дараа нь Петреус Афганистан дахь цэргүүдийг удирдсан юм. Цэргийн алба нь Принстоны их сургуульд эрдмийн зэрэг хамгаалахад нь генералд саад болоогүй.

2008 онд Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь дэвших гэнэ гэх яриа сонсогдож байлаа. Тэгтэл 2012 юмуу 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас өрсөлдөх юм байх гэх чимээ ч дуулдав. Генерал өөрөө болохоор ийм мэдээллийг ямагт няцаадаг байсан юм. Ерөнхийлөгч Барак Обама түүнийг ТТГ-ыг тэргүүлэх санал 2011 онд тавихад нь хүлээг авч 37 жил хаагаад цэргийн албаа орхив. Сенатын гишүүд түүнийг санал нэгтэйгээр энэ албанд томиллоо. Гэвч Пола Бродуэллтэй хэлхээ холбоотой болсныг нь олон түмэн мэдсэний дараа тэрбээр суудлаа орхихоос аргагүй болсон байна. Гэр бүлийн талаар тогтворгүй байдал гаргавал АНУ-ын арми, тусгай албадад албан тушаалын гэмт хэрэг гэж үздэг юм. Учир нь ийм юманд орооцолдсон хүн бусдад олзлогдохдоо, урваж шарвахдаа хялбар байдаг бөгөөд ийм хүн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулна гэж үздэг. Сэтгүүлч Пола Бродуэллтэй генерал Петреус 2006 онд Харвардын их сургууль дээр лекц унших гэж ирэхдээ танилцжээ.

Тэр үед Пола армийн дэд хурандаа цолтой, хоёр хүүхдийн эх, Скотт Бродуэллийн гэргий байв. Сурагч байхдаа хөөрхөн охины тэмцээнд орж тэргүүн байр эзэлж байсан тэрбээр тухайн үед диссертац бичиж байжээ. “Би генералд өөрийгөө танилцуулаад эрдэм шинжилгээний ажлынхаа талаар ярив. Тэр надад нэрийн хуудсаа өгсөн” гэж сэтгүүлч эмэгтэй нэгэн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. Петреусийн намтрыг бичихээр Бродуэлл шийдэж, янз бүрийн арга хэмжээнд түүнийг дагалдаж явах болсон төдийгүй Кабулд ч хамт очиж байв. Дашрамд хэлэхэд, түүний бичсэн ном 2012 оны эхээр хэвлэгдмэгцээ л эрэлттэй бүтээл болсон гэдэг. Полагийн ярьснаар бол тэрбээр Петреустэй зургаан жил ойр нөхөрлөсөн бөгөөд генералыг ТТГ-ын дарга болсноос хэдхэн сарын дараагаас буюу 2011 оны арваннэгдүгээр сараас тэдний хооронд “учир” ургасан аж. Тэгээд захидлаар харилцаж байхын тулд дундаа шуудангийн хайрцагтай болжээ. Тэгсэн чинь генерал маань Жилл Келли гэх өөр эмэгтэйтэй бас бараг өдөр бүр бичиг захидлаар харилцдаг байсан нь хожим илэрсэн байна. Түүний нөхөр Скоттой Петреус анд нөхөд байж.

Келли офицеруудын дунд үдэшлэг зохион байгуулж, цэргийн баазын хэрэгцээнд хандив цуглуулна. Генерал гэргий Холлитойгоо ийм арга хэмжээнд идэвхтэй оролцоно. Гэр бүлийнхээ найзад захидал бичиж байснаа ТТГ-ын тэргүүн “цэвэр сэтгэлийн юм байсан” гэж сүүлд нь хүлээсэн байдаг. Гэтэл энэ нь Бродуэллд “цэвэр” гэж санагдаагүй учраас тэднийг хардан Жиллд нэргүй захидал бичиж, айлгаж сүрдүүлэхийг ч оролдсон байна. Келлийн үерхдэг нэг эмэгтэйн хэлснээр бол Петреусийн намтрыг бичигч Келлийг “генералаас холхон байхыг” анхааруулаад эс тэгвэл энэ явдалд “нөлөө бүхий нөхдөө” оролцуулж болох юм шүү гэж сануулсан аж. Айж эмээсэн Жилл Келли ХМТ-нд ханджээ. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаад үзсэн чинь нууц нэрний ард Бродуэлл байсан байна. ТТГ-ын дарга, намтар бичигч хоёр хайр сэтгэлийн явдал, уулзах учрах тухайгаа ярьж тохирсон, ирээдүйн явдлаа төлөвлөсөн 30 мянга орчим удаагийн цахим захидал компьютерээс нь олдсон аж. Тэнд бас нууц материалууд ч байж. Пола Бродуэлл Денверийн их сургуульд 40 минут лекц уншихдаа эрх баригчид ч амнаасаа унагаагүй баримтыг санамсаргүй дурдаж орхижээ.

Тэр нь 2012 оны есдүгээр сарын 11- нд Бенгази дахь Америкийн Консулын газар руу зэвсэглэсэн хүмүүс дайрсантай холбоотой зүйл байв. Тэр дайралтад Америкийн Элчин сайд Кристофер Стивенс болон өөр гурван хүн өртөж амиа алдсан юм. Сэтгүүлчийн хэлснээс үзвэл Америкийн консулын нутаг дэвсгэр дээр Ливийн дайчид орогнож байсан нь дайрах шалтгаан болсон байв. “Та нар сонссон эсэхийг бүү мэд, Ливийн хэд хэдэн хэт даврагчийг ТТГ баривчилсан байна. Гэтэл ТТГын шинэ тэргүүнийг хэвлэл, мэдээллийнхэнтэй холбогдохыг хориглосон аж. Тиймээс Ливид ажилладаг ажилтнуудаасаа л энэ тухай генерал дуулжээ” гэж Бродуэлл ярьсан байна. Түүний ярьсныг ТТГ тэр даруйд нь няцаав. Тэгэхдээ саяхан огцорсон Петреус л сэтгүүлч бүсгүйд энэ мэдээллийг дамжуулсан байх боломжтой гэж тус байгууллагын ажилтнууд сэжиглэжээ. Генерал суудлаа өгөхдөө “37 жил ханьтайгаа амьдарсан эр хүний хувьд ч, ТТГ-ын даргын хувьд ч Бродуэллтэй “жиг ургуулсан” байх ёсгүй гэж мэдэгдсэн аж. Ийм хэл ам дэгдсэн ч Дэвид болон Холли Петреус, Пола болон Скотт Бродуэлл нар салж нийлсэнгүй. Мөрдөн шалгах ажлын явцад генералыг Бродуэллд нууц мэдээлэл дамжуулснаа хүлээвэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг Хууль зүйн яам тавьсан ч Петреус түүнийг хүлээж авалгүй, нууц амрагтаа ийм мэдээлэл өгөөгүй хэмээн зүтгэв.

Түүний ярьснаар бол намтрыг нь бичигч бүсгүйг Афганистанд явж байх үед нь армийнхны хэн нэг нь нууц мэдээллийг түүнд дамжуулсан байж болох аж. Петреус сэтгүүлч эмэгтэйд нууцыг задруулсан гэдэгт ч, энэ нь АНУ-ын аюулгүй байдалд хохирол учруулна гэдэгт ч Ерөнхийлөгч Барак Обама болон эрх мэдэлтэй өөр олон хүн итгэхгүй байв. Бродуэллийнхний хөршүүдийн ярьснаас үзвэл Пола нь ёс журамтай бүсгүй, хоёр хүүгийнхээ гайхалтай ээж нь аж. Тэрбээр ахмад дайчдад туслахад зориулж мөнгө цуглуулдаг, хөдөө гадаа яваа нөхдийнхөө хүүхдүүдийг нь харж хандаж байдаг хүн байлаа. Генерал Петреус The Washington Times сонины сэтгүүлчид ярихдаа сэтгүүлч бүсгүй тэр хоёрын “явдал” 2011 оны эцсээс 2012 оны зургадугаар сар хүртэл ердөө хагас жил гаруй үргэлжилсэн гэсэн байна. Тэгэхдээ хормой хотны “ажил” нь зогссон ч тэд харилцаатай л байсан гэнэ. Жилл Келлид Бродуэлл заналхийлснийг сонсоод генерал ихэд гайхжээ.

Петреусийн тухай ном бичсэн анхны сэтгүүлч нь Пола Бродуэлл биш юм. Түүнээс өмнө Линда Робинсоны бичсэн ном 2008 онд хэвлэгдсэн байна. Номоо гармагц Робинсон АНУ-ын төв командлалд Петреусийн дэргэд ажиллах болсон аж. Пола Бродуэллийг заналхийлсэн үгтэй захидал бичсэнийх нь төлөө Прокурорын байгууллага буруутгахгүй нь 2012 оны арванхоёрдугаар сард тодорхой болов. Харин генералд эрүүгийн хэрэг үүсгэв. Буруутай нь нотлогдвол түүнийг 10-15 жил шоронд хорих ял онооно гэж хэвлэлд бичиж байлаа. 2013 онд ХМТ-ны ажилтнууд нэгжлэг хийж байгаад Петреусийн ширээний нэг нүднээс нууц мэдээлэл олсон бөгөөд генерал тэгэхэд ширээгээ түгжээгүй орхисон байсан гэдэг. Гэхдээ нууц баримт бичгүүдэд хайхрамжгүй хандсан буруутайгаа генерал энэ оны эхээр хүлээж, мөрдөн байцаагчидтай хамтарч ажиллахыг зөвшөөрсний дараа ТТГ-ын тэргүүн асныг 40 мянган ам.доллараар торгож, хоёр жил тэнсэн харгалзах ял өгч магадгүй болоод буй юм.

Энэ хэргийн эцсийн шийдвэр хэзээ гарах нь харин тодорхойгүй байна. Тийм ч айхтар хэрэг хийгээгүй хүн шоронд хоригдох ял авч байхад ТТГ-ын дарга байсан хүн нууц амрагтаа нууц материал дамжуулчихаад тэнсэн харгалзах ял авах нь шударга бус гэж үзэх хүн олон байгаа болохоор Петреусийн хэрэг буцаад шуугиан тарьж мэдэхээр байгаа аж. Wikileaks-д нууц материал дамжуулсан Брэдли Мэннинг шоронд 35 жил хоригдох болсон. ТТГ-ын ажилтан байсан Жон Кириаку “The New York Times” сонины сэтгүүлчийн дүрээр орон тооны бус тагнуул байсан хүний нэрийг илчилсэн учир 30 сар шоронд суух ял авсан.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.89.199 Та юу гэж бодож байна .хэ хэ хэ.Манайд ч гэсэн хормойн явдал нь нэг хурандаа хоригдол болгонгоо алдсан тийм үү балдан-очир хурандаа ..