“ОРОСУУД МААНЬ ХОЛБООТНЫХООС АРАЙ Л ӨӨР ААШ АВИР ГАРГААД БАЙХ ЮМ”

2015 оны 03 сарын 10

Хоёр сарын өмнө буюу нэгдүгээр сарын 12-ны үүр цайж байхад Армений Гюмри хотод байх цэргийн 102 дугаар баазад алба хааж буй хугацаат цэрэг, Валерий Пермяков эндхийн иргэн Аветисяны гэрт давхин орж буудаад уг гэр бүлийнхнийг хүйс тэмтэрч орхив. Долоон хүн байсны зургаа нь тэр дороо амьсгал хурааж, ой хагастай хүү амьтай байсныг орос цэрэг буу нь баарснаас хутгалчихаж. Армен эмч нар болон тэдэнд туслахаар оросууд очсон ч тэр бяцхан амьтан долоо хоноод хорвоог орхижээ. Үүнд Орос, Армений тал эрүүгийн хоёр хэрэг үүсгэв. Хүмүүст тэр өдөр үгээр хэлэхэд хэцүү аймшигтай байдал харагджээ. Аветисяныхан буудуулах үедээ бүгд унтаж байж. Ор хөнжил дотроо үхсэн хүмүүс, цусанд хутгалдсан нялх амьтан, “Калашниковын” гэж нэрлэдэг автомат буу. Харуулын байраа орхиж явсан Пермяковыг олоход түвэг байсангүй.

Кавказын энэ БНУ-д илт славян царай зүстэй хүнд нуугдах боломж байхгүй. Нэг хоногийн дараа л Пермяков Турктэй залгаа хил орчмоос баригдав. Нүдээр үзсэн хүмүүсийн ярих нь тэрбээр өөрийг нь эрсэн цэргийнхнийг очиход хээр зүгээр л хэвтэж байсан гэнэ. Ямар нэг эсэргүүцэл ч үзүүлсэнгүй, хийсэн хэргээ ухаарсан байдалтай, тэгээд л мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тэрбээр, харуулд гараад байхдаа уйдсанаас сэлгүүцэхээр шийдэж, бас ам нь цангаснаас анх тааралдсан айлын хаалга цохижээ. Үүдээ нээхгүй болохоор нь дотогш нэвтрэх гэж оролдоод чимээ шуугиан гаргасан тул хэн нэг нь сэрж, тэгээд цаашаа дээр өгүүлсэн үйл явдал болоод өнгөрч. Хэсэг хугацааны дараа Пермяков мэдүүлгээ өөрчилж, цэргийн алба хаахаас залхаж, Турк рүү зугтахаар шийдээд явж байтал ус уумаар санагдахаар нь айлд орсон, гэрийнхэн сэрээд дарга нарт нь хэлнэ гэж бодогдсоноос буудаж орхисон гэж хэлжээ. Гюмри хотынхон болохоор түүнийг ус биш, арай хатуу юм олоод уучих санаатай ортол Орост ажиллаж хэдэн мөнгө олсон ч рублийн ханш унаснаас урам муутайхан ирээд удаагүй байсан гэрийн эзэн тааламжгүй угтаа биз.

Түүнчлэн Орост байхын л архинд төдийлэн хорхойсдоггүй байсан түүнд гашуун нясуун юм хайсан хүн ямар олигтой л санагдав гэж, тэгээд бас өглөөний 06.00 цагт шүү гэж таамаглажээ. Энэ явдлыг элдэв юм бодож олохдоо дуртай зарим хүн 1990-ээд онд Уулын Карабахад анх армен хүн алагдсан өдөртэй, эсвэл Османы эзэнт улсад арменчүүдийг аймаглан устгасан хэрэгтэй холбож үзэж байв. Тэгтэл мөнөөх Пермяковын эцэг нутагтаа шинэ протестант шашинтнуудыг толгойлдог гэнэ гэх мэдээлэл бүр ч дайран дээр давс хийнэ гэгч болов. Ангийн удирдлагад нь хэлчих байх гэж айснаас гэрчийг устгахад хүрсэн гэж Пермяков хэлсэн шүү дээ. Тэгвэл хутгалуулчихсан бяцхан хүүхэд ямар юмны нь гэрч байх билээ. Энэ хэргийн дараа оросуудыг эсэргүүцэж гудамжинд арга хэмжээ зохион байгуулсан арменчүүдэд “Пермяков сэтгэцийн өвчтэй хүн байсныг мэдэлгүй цэрэгт татчихсан юм гэнэ” гэх мэдээ хүрэв. Гэвч ирээдүйн алуурчинг цэрэгт явуулсан Оросын холбогдох байгууллага энэ мэдээллийг няцаалаа.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Арменийн Төрийн тэргүүн Серж Саргсян нар утсаар ярьж, хамтарсан мөрдөн шалгалт явуулахаар Оросын цэргийн болон төрийн байгууллагын хүмүүс Арменд ирж, үйлдсэн хэргийн байдал, хүмүүсийн уур бухимдлыг харгалзан алуурчинг шүүх ажлыг Армений нутаг дэвсгэр дээр Армений хуулиар явуулахыг шаардсаныг Оросын тал харгалзан үзнэ гэсэн ойлголт өгсний дараа жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ сая намжив. Энэ бүхнээс үүдэн мөрдөн байцаах ажлыг Армений нутаг дээр, Оросын цэргийн баазад явуулах, тэгэхдээ зарим талаар хамтран ажиллах нь, харин шүүн таслахдаа Оросын хуулийг баримтлах нь, яагаад гэвэл өөрийн иргэнийг өөр улсын хуулийн мэдэлд шилжүүлэхийг Оросын Үндсэн хуулиар зөвшөөрдөггүй юм байна гэх төсөөлөл хүмүүст одоо бий болоод байгаа аж. Аветисяны гэр бүлийг хөнөөсөн нь маш онцгой тохиолдол юм. Хоёр гол хүчин зүйл хүмүүсийг гудамжинд дуудаж гаргалаа гэж сэтгэл судлаач Карине Налчажян үзэж байна.

Нэгдүгээрт, хүний гарт нэг гэр бүлийн голомт сүйрэв. Гэр бүл нь арменчүүд хийгээд нийт хүн төрөлхтөний хувьд хамгийн ариун нандин зүйл билээ. Хоёрдугаарт, “Бидний найз нөхөр байх ёстой хүн манайхныг аллаа” гэж эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид ихэд гомдож байна. Болсон үйл явдлын эргэн тойронд бий болсон уур хилэн намдсан гэж Налчажян үзэхгүй байгаа аж. “Бид дуугүйхэн харзнаж байна. Сэтгэлийн хөөрөл далд байдал руу орсон байж болох ч шинээр сэдэл өгвөл энэ хөөрөл дахин урган гарч ирэхийг үгүйсгэх аргагүй” гэж тэрбээр хэлсэн байна. “Орос, Армен хоёр холбоотон тулдаа л бид тэсэж тэвчиж байна” гэж Гюмрийн хэвлэлийн “Аспарез” клубийн удирдагч Левон Барсегян хэлжээ. Энэ хэргийг үндэстэн ястны хоорондын асуудлаас үүдэлтэй гэж Арменд хэн ч үзэхгүй байгаа гэнэ. Барсегяны ярьснаас үзвэл Оросын цэргийн бааз дахь сахилга, дэг журмаас шалтгаалж эндхийн хүмүүсээс амь алдсан нь ганц энэ тохиолдол биш аж. Хэдэн жилийн өмнө цэргийн хоёр албан хаагч хотоор согтуу тэнэж явснаа автомат буугаар тал тал тийш нь галласан байна. Суманд нь өртөн хоёр хүн амиа алдаж, 10 гаруй хүн шархаджээ. Тэднийг Орос руу аваад л явсан гэсэн, шийтгэл хүлээсэн эсэхийг бүү мэд.

Түүнчлэн төмөр цуглуулж явсан хоёр хүүхэд Оросын цэргийн баазын буудлагын талбай дээр амиа алдсан. Бэлтгэл, сургуулилалт хийдэг тэр талбайд хамгаалалт байхгүй, тэсэрч дэлбэрээгүй үлдсэн зэвсгийг тэндээс зайлуулдаггүйг энэ явдал харуулсан. Оросын цэргийнхэнтэй бид сайн харилцаатай байдаг, эндхийн олон хүн тэнд ажил хийдэг. Гэтэл сүүлийн үед оросууд зэвсэг нэгтэй холбоотныхоос арай л өөр ааш авир гаргаад байх шиг байх юм” гэж мөнөөх Левон Барсегян өгүүлж сууна. Валерий Пермяковт хатуу шийтгэл оноох нь эргэлзээгүй. Гэхдээ тэр нь Оросын цэргийн бааз Гюмрид байх тухай хэлэлцээрийг төдийгүй ерөөс Оростой тогтоосон харилцааг, Армений гадаад бодлогыг бүхэлд нь авч үзэхийг хүмүүс шаардаж байгаа одоогийн нөхцөлд Холбоотон Орос улсын нэр хүндийг Армений нийгэмд сэргээж чадах болов уу. Хүмүүсийн гол эсэргүүцэл цэргийн бааз юм уу, Орос улс руу биш ард түмнээ хамгаалж чадахгүй байгаа Армений удирдлага руу чиглэсэн гэж Левон Барсегян хэлсэн нь анхаарал татахгүй байх аргагүй.

Шийдвэр гаргах талын хувьд Оросын олон нийтийн санаа бодол жин дарах нь мэдээж ч гэсэн, Оросын Үндсэн хуулийн заалт байлаа ч Пермяковыг Армений талд шилжүүлж өгөх хүсэлтийг бид явуулж Оросоос албан ёсны хариулт авах ёстой гэж Ереван хотын хэвлэлийн клубийн ерөнхийлөгч Борис Навасардян үзэж байна. Үүний зэрэгцээ Оросын цэргийн баазыг Арменаас гаргах, хил хязгаараа хамгаалах салбарт Оростой хамтарч ажиллахаа болихыг тэрбээр эсэргүүцэж буй. Гагцхүү хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг хоёрдмол утгагүйгээр тодорхойлох алхам хийхгүй бол төрийн байгууллын суурийг бүрдүүлж буй салбарт хүлээсэн үүргээ Армений эрх баригчид биелүүлэхгүй байна гэх иргэдийнхээ бодлыг улам гүнзгийрүүлэх болно гэсэн байр суурьтай байгаа аж. Түүний бодлоор Гюмрид үйлдсэн хэргийг хэрхэн шийдэхээс үл хамааран Армений эрх баригчид Москватай тогтоосон харилцаагаа ядаж одоогийн түвшинд хадгалахыг хичээж буй бололтой. Тэгэхдээ энэ хэргийг шийдсэн үр дүн нь Армений олон нийтийн санаанд нийцэхгүй бол эрх баригчид нь тэдний болон сөрөг хүчний давхар шахалтад орж, улмаар Оросын эсрэг үзэл санаа дэврэхэд хүрч мэднэ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД