АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ХАЛДЛАГАД ӨРТӨВ

2015 оны 03 сарын 06

Өмнөд Солонгост суугаа Америкийн Элчин сайд Марк Липперт өчигдөр халдлагад өртөн эмнэлэгт хүргэгджээ. Сахлын хутганы ир барьсан этгээд “Өмнөд, Умард Солонгос нэгдэх ёстой” гэж хашгираад түүн рүү дайрсан аж. Телевизээр харуулсан бичлэгт сайдын нүүр, бугуй цустай байгаа нь харагдсан ч амь насанд нь аюулгүй гэнэ.

Гэмт хэрэгтнийг баривчилсан аж. Тэрбээр 2010 онд Японы Элчин сайд руу мөн дайрсны учир шийтгэл хүлээж байсан этгээд гэнэ. Түүнийг Ким Ги Чон гэх бөгөөд 55 настай, 2006-2007 онд Умард Солонгост хэд хэдэн удаа очиж байжээ. Ким Ги Чон Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирт зориулж Сөүлийн төвд ёслол үйлдэхийг оролдсон байна.

Сүүлийн үед тэрбээр Солонгосын хойгийн нөхцөл байдалд АНУ-ын гүйцэтгэж буй үүргийг сонирхох болсон гэнэ. 42 настай Элчин сайд Липперт Сөүлд удаан хугацаагаар амьдарсан бөгөөд 2014 оноос одоогийн албаа хаших болжээ. Урьд нь АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Азийн асуудал хариуцсан туслахаар ажиллаж байсан аж.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД