ХЯТАДЫН ХОЁР ЧУУЛГАН ХИЙГЭЭД ДЭЛХИЙ ДАХИН, МОНГОЛ УЛС

2015 оны 03 сарын 05

Соёлын гавьяат зүтгэлтэн, хятад судлаач, МУСГЗ Ц.Сүрэнжавтай ярилцлаа.

-Хятадын “хоёр чуулган” гэж нэрлэдэг үйл явдал эхэллээ. Хятад судлаач хүний хувьд энэ талаар товчхон тайлбар өгөхгүй юү.

-Жилд нэг удаа чуулдаг Хятадын “хоёр чуулган” эхэлж байгааг дэлхий даяар анхааралтай ажиглаж байна. Энэ сарын 3-нд Бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 12 дахь удаагийн III чуулган Бээжинд эхэлсэн бол өнөөдөр үдийн өмнө БХАТИХ-ын ээлжит чуулган нээгдлээ. Жил бүрийн гуравдугаар сарын эхээр болдог энэ хоёр чуулган нь манай өмнөд хөршийн нийгмийн амьдрал дахь маш том үйл явдал юм. Манай улс төрийн тогтолцоо тулгын гурван чулуун дээр тогтож байдаг бол Хятадынх тулгын дөрвөн чулуун дээр тогтдог гэж ойлгож болно. Улс төрийн энэ уламжлалт тогтолцоо нь Хятадын нийгэм, улс төрийн тогтолцооны ондоошил юм. Энэ хоёр чуулганы хооронд улс төрийн дээрх хоёр байгууллагын үйл ажиллагааг тус чуулганаас сонгон байгуулсан байнгын хороо эрхлэн явуулдаг. Тэдгээр байгууллагын дээд эрхийг жилд нэг удаа болдог чуулган барьдаг юм.

-Хятадын улс төрийн тогтолцооны ондоошил гэж сая хэлснээ дэлгэрүүлж тайлбарлаж болно биз дээ. Бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл гэж ямар чиг үүрэгтэй, ямар статустай институц юм бэ?

-Үүнийг дэлгэрүүлж тайлбарлана гэвэл их олон зүйлийг дурдах хэрэгтэй болно. Товчхон хэлэх гэж оролдъё. Манайд бол төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар гэсэн төрийн гурван өндөрлөг байдаг. Гэтэл Хятадад ХКН, БХАТИХ буюу парламент, Төрийн зөвлөл буюу Засгийн газар, БХУТЗЗ гэсэн дөрвөн өндөрлөг байдаг юм. БХУТЗЗ гэдэг энэ бүтэц өөр улс оронд үндсэндээ байхгүй тул үүнийг Хятадын улс төрийн тогтолцооны ондоошил гэж байгаа хэрэг. Бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл гэдэг нь нийт нийгмийн зөвшилцөл, нэгдсэн фронтын дээд байгууллага юм. Өөрөөр хэлбэл, энэ бол шийдвэр эцэслэн гаргадаг байгууллага биш, харин Хятадын улс төрийн олон хүчин буюу найман нам, шашин омгийнхон, олон үндэстэн, Хонконг, Макао, Тайвань зэрэг бүс нутгийн өргөн оролцоо бүхий зөвшилцөл, ардчиллын баталгаа болсон байгууллага гэж хэлж болно. Улс төрийн зөвлөлийн чуулганаар хэлэлцсэн асуудлыг нэгтгэн дүгнээд БХАТИХ-ын чуулганд оруулж шийдвэр гаргуулж баталгаажуулдаг ёстой. Тодруулбал, энэ чуулган бол эцсийн шийдвэр гаргадаг дээд эрх бүхий институц гэсэн үг. БХУТЗЗ-ийн анхны чуулган 1949 онд болсон бөгөөд уг чуулганаар БНХАУ-ыг байгуулах анхны гол гол шийдвэрийг хуульчлан тогтоосон байдаг. Харин БХАТИХ 1954 онд байгуулагдаж анхны чуулганаа хийсэн түүхтэй юм.

-Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн энэ удаагийн чуулганаар ямар асуудлыг голлон хэлэлцсэн бол?

-Чуулганы нээлт дээр тус байгууллагын тэргүүн Юү Жуншан илтгэл тавьж, Хятадын нийгэм, улс төрийн өнгөрсөн хугацааны ололт амжилт, цаашид тавих зорилтуудын талаар үнэлэлт дүгнэлт өглөө. Хөндөж хэлэлцсэн асуудлын төвд “хуулиар улсыг засах” гэдэг асуудал гол байр суурь эзлэв. Энэ бол улс орныг хуулиар удирдан хөтөлнө гэсэн үг юм. Хуралд 1154 төлөөлөгч оролцсон. Нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд авлигатай хатуу тэмцэх, бусармаг, тогтворгүй байдлыг өдөөхийг цэгцлэн хориглох, ард түмэнд үйлчлэх, хот хөдөө, бүс нутгийн хөгжлийн зөрөөтэй байдлыг арилгах, төрийн үйл ажиллагаанд олон түмнийг өргөнөөр татан оролцуулах явдал нэн чухал болохыг илтгэлд онцлон тэмдэглэсэн. Өнгөрсөн жилд тус зөвлөлдөх зөвлөлийн гишүүн 14 хүнийг ажил үүргээс нь чөлөөлсөн тухай дурдсан нь авлига, хээл хахуультай эвлэршгүй тэмцэл хийж буйн гэрч юм. Төр засаг өөрт олгогдсон дархан эрхээ үнэнчээр, хөдөлбөргүй хэрэгжүүлэх нь нийгмийн тогтвортой байдал хийгээд бусармаг явдлыг гаргуулахгүй байхын үндсийн үндэс мөн болохыг эндээс төсөрхөн харж болно.

-Зохион байгуулалтын талаар ямар арга хэмжээ авах бол. Элдэв халаа сэлгээ хийх нь үү?

-Үүнийг хэлэхэд арай эрт байна. Миний бодоход зохион байгуулалтын гойд өөрчлөлт хийхгүй л болов уу. Тус орны дээд удирдлага эв нэгдэлтэй, нэгэн зүгт хандсан, ард иргэдийнхээ дийлэнх олонхийн итгэл үнэмшлийг олсон, хүн ардын аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө бүхнийг хийж, хэрэгжүүлж байгаа, нийт нийгмийн байдал тогтуун, төлөв түвшин байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм. Хятадын дээд удирдлагын хүрээнд элдэв зохисгүй асуудал гарвал тэр даруйд нь шийдээд зохих арга хэмжээг цаг алдалгүй авч байдагтай нь ч холбоотой. Алгуурлах нь араасаа байнга асуудал дагуулж байдаг. Нөгөө талаар Хятадын дээд удирдлагын шинэ баг бүрдээд гурав дахь жилдээ ороод байгаа нь гадаад орнуудын улс төрийн хүрээний мэргэжилтнүүд, тоймчид болон шинжээчдийг энэ удаагийн “хоёр чуулган”-аар зохион байгуулалтын талаар томоохон арга хэмжээ авахгүй байх гэсэн дүгнэлт хийх боломж олгож байна.

-Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац буурч байгаа, тус орны ДНБ-ий өсөлт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй төлөвтэй байгаа тухай гадаадын хэвлэл үүдэд бичих болсон. Энэ хэр үндэслэлтэй бол?

-Үүнийг тодорхойлж хэлэхэд эрт байна. Учир нь өнөөдөр нээлтээ хийж байгаа БХАТИХ-ын ээлжит чуулганд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлыг тайлагнахдаа тодорхой тоо баримт дурдах нь гарцаагүй. Эдийн засгийн өсөлтөө ойролцоогоор найман хувь байхаар төлөвлөсөн байсан. Гэхдээ арай энэ хэмжээнд хүрэхгүй байх гэж гадаадын эдийн засгийн судалгааны хүрээнийхэн тооцож байгаа тухай хэвлэлүүдэд бичиж тайлбарласаар ирлээ. Миний бодоход өсөлт 7.7- 7.8 хувь байх магадлалтай. Учир нь Хятадын эдийн засгийн өсөлт савлагаа багатай, хэт халалт, огцом уналтын үеэ нэгэнт өнгөрөөсөн, цаад талдаа бэлэн валютын нөөцийн найдвартай баталгаатай учраас макро түвшний хяналт, зохицуулалт хийгээд явахад болохгүй зүйл огт байхгүй.

-Хятадын “хоёр чуулган” яагаад дэлхий дахины анхаарлыг татаж байна. Монголын хувьд энэ чуулгануудын юу нь сонин байж болох бол?

-Манай өмнөд хөршийн эдийн засаг бол дэлхий дахины хамгийн том эдийн засгийн нийтлэг болох гэж өдрөөс өдөрт өгсөж байна. Нөгөө талаар Хятадын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийг тогтворжуулагч, олон улсын санхүүгийн хямралаас сэргийлэгч гол хүчин зүйл болж байгаа юм. Үнэндээ дэлхийн олон орон Хятадын эдийн засаг, санхүү, мөнгөн гүйлгээнээс улам бүр хараат болж байна. Тийм болохоор Хятадын эдийн засаг уналтад орох нь бараг бүх улс оронд нэн ашиггүй байдлыг буй болгож мэднэ. Манай улсын хувьд Хятадын эдийн засаг тогтвортой өсөлттэй байх нь яаж ч бодсон бидэнд ашигтай гэж хэлэх ёстой. Ядахдаа бид экспорт, импортын зах зээлээ тэлэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгд үүлэхэд өмнөд хөршийн эдийн засгийн бодитой өсөлт онц чухал гэж үзэж болно.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД