“ТҮҮНИЙГЭЭ УУЧИЛЖ БАЙГААГАА БИ ЯМАР АЗААР АМЬД БАЙХАД НЬ ХЭЛЖ АМЖИВ АА”

2015 оны 03 сарын 04

Немцов гэдэг хүн алагдсан биш түүний талаарх нарийн ширийнийг ч хүмүүс мэдэж авсаар байна. Амиа харамсалтайгаар алдсаных нь дараахан бидэнд олдсон мэдээллээр бол түүнийг дөрвөн охинтой гэсэн байсан. Тэгвэл авааль гэргий Екатерина Одинцова гэж бүсгүй бий бөгөөд тэд дундаасаа хүү, охин хоёртой юм байна. Хүү нь 19 настай, оюутан, эцэгтэйгээ их адилхан, охин нь 12 настай. “Би одоо хүүхдүүддээ эцгийг нь орлох боллоо” гэж Екатерина Одинцова ярьсан байна. Немцов, Одинцова хоёр салсан байсан аж.

Амиа алдахыг нь зөн совингоороо мэдсэн юм шиг, өнгөрсөн сарын 22-нд тохиосон “Уучлах өдрөөр” түүний бүх алдааг уучилж буйгаа Одинцова Бористоо хэлсэн гэнэ. “Урьд нь би гомдсоноосоо болоод биеэ барьж чадалгүй ааш авир гаргаж байсандаа одоо харамсах юм. Тэр минь гайхалтай хүн байсан, би түүндээ их сайн байлаа. Түүнийхээ сайн сайхан бүхнийг сэтгэлдээ тээж явах болно. Уучилж байгаагаа би ямар азаар амьд байхад нь хэлж амжив аа. Түүнийгээ ингэж амь үрэгдэхийг мэдсэн бол би аль эрт уучлах байсан” гэж харамсан ярьсан байна. Немцовыг буудуулахад хамт явж байсан украин эмэгтэй Анна Дурицкая өмгөөлөгчийнхөө хамт Киев рүүгээ буцсан гэнэ.

Түүнийг эх орон руугаа буцахад нь Москва дахь Украины ЭСЯ бүх талын туслалцаа үзүүлжээ. Дурицкаяг хамгаалж байсан хүмүүс түүнийг хааш нь ч явуулахгүй байжээ. Гэхдээ талийгаачийг оршуулахад очоогүй нь түүний өөрийнх нь шийдвэр гэнэ. Анна Дурицкая аллагын үеийн талаар юу санаж байгаагаа телевизийн “Дождь” сувгийн сурвалжлагчид ярьж өгчээ. Алуурчин түүний ард явсан бөгөөд Анна эргэж харахдаа цагаан өнгийн машиныг үзсэн гэнэ. Хардлагаас болж Немцовын аминд хүрсэн гэж үзэхгүй байгаагаа тэр бас хэлсэн байна. Улстөрчийг хажуугаар нь өнгөрч явсан суудлын машинаас буудсан гэж эхлээд мэдээлж байв.

Гэтэл яг тэр агшинд цас цэвэрлэж явсан машин тэднийг камераас халхалсан ч бичлэгт тодорхой дүрс үлдсэн байна. Гүүрэн дээр явж байсан Немцовыг шатан дээр хүлээж байсан болов уу гэлтэй хүн цас цэвэрлэгч машины цаанаас ухасхийн гарч ирээд машинд суун оджээ. Аннагийн ярьснаас үзвэл Борис тэр хоёр оройн хоолоо идчихээд тэднийд очихоор явж байсан гэнэ. Сэжигтэй юм огт анзаарагдаагүй юм байна. Борисыг буудуулаад унасны дараа Анна цас арилгагч машины жолооч дээр гүйн очиж цагдаа руу утасдаж өгөөч гэж гуйхад утасных нь дугаарыг хэлж өгчээ. Немцовыг унаснаас хойш барагцаалбал 10 минутын дараа цагдаа нар ирсэн байна.

Цагдаа нар Аннаг өглөө болтол байцааж, тэр үед өмгөөлөгч нь мэдээж тэнд байсангүй. Борис Немцовыг Украины тусгай албадын захиалгаар Чеченийн дайчид алсан гэх таамаглал Орост нэлээд анхаарал татаж буй гэх мэдээлэл байна. Тэр ч бүү хэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний аминд халдахаар зэхэж байсан гэх хэрэгт нэр нь дуулдаж байсан Адам Осмаев, Амина Окуева гэх нэг гэр бүлийн хоёр үйлдсэн байж болзошгүй гэж үзэж буй аж.

Үүгээрээ тэд Донбассын төлөөх тулаанд Украины хүчнийхний талд оролцож яваад амиа алдсан Иса Мунаевынхаа өшөөг давхар авсан байх магадлалтай юм байна. Немцовын амийг хороосон нь Орост иргэний эрхийн байдал хязгаарлагдмал байгааг харууллаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үзэж буй гэнэ. Хэвлэлийн эрх чөлөө, хурал цуглаан хийх, мэдээлэл түгээх эрх, иргэний үндсэн эрх Орост дөрөв, тав, арван жилийн өмнөхөөсөө дордсоныг би мэднэ гэж Обама онцолсон байна.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД