ТОД МӨРТЭЙ, ТОЛГОЙ УЛСТӨРЧ БАЙВ, ТЭР

2015 оны 03 сарын 02

Оросын сөрөг хүчний нэрд гарсан улстөрч Борис Немцов энэ сарын 27-28-нд шилжих шөнө Москва хотын төвд, Кремль, Улаанталбайгаас ердөө 200 метр зайд буудуулж амиа алдав. Түүнийг Украинаас ирсэн эмэгтэйтэй хамт сүмээс гараад Москва гол дээрх гүүрээр явган явж байхад араас нь зургаан удаа бууджээ. Гэрчүүдийн хэлж буйгаар алуурчин этгээд цагаан өнгийн машинд суун одсон гэнэ. Өндөр нуруутай, тэгш шулуун биетэй, сайхан хувцасладаг, хүмүүсийг өөртөө татах гайхам чадвартай Борис Немцов Оросын сөрөг хүчний гялалзсан улстөрч, төр, нийгмийн ирээдүйтэй зүтгэлтэн байлаа. Улс төрд хөл тавиад 25 жил болохдоо тэр юу эсийг үзсэн гэх вэ. 90-ээд оноос улс төрийн шатаар хурдтай өгсөж, мужийн амбан захирагчаас Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч болон дэвшиж явсан юм. Тэрбээр Орост “залуу өөрчлөн шинэчлэгч” гэж одоо хэр нь нэрлэдэг улстөрчдийн том биш бүлэглэлд харьяалагддаг байсан. Түүнийг Ерөнхийлөгч агсан Борис Ельцинийг залгамжлагч гэж үзэх үе ч байв. Ардчиллын үнэт зүйл, зах зээлийг тууштай дэмждэг Немцов Орос улсаа капитализмд шилжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тэгэхдээ барууныхан түүнд баяр хүргэж байхад ЗХУ нурсны дараа нийгэмдээ байр сууриа олоогүй, амьдралд хөлөө олоогүй олон хүн Орост түүнийг үнэн сэтгэлээсээ үзэн ядаж байв.

Владимир Путин эрх мэдэлтэй болсноос хойш Немцовыг нүдэнд орсон хог, шүдэнд хавчуулсан мах шиг байх болсон гэж бичдэг ч байв. Эхлээд улс төрийн заль мэх хэрэглэн байж түүний намыг үрэн таран хийсэн. Дараа нь өөрийг нь олон түмний анхаарлаас холдуулах ажлыг зохион байгуулалттай хийв. Ингээд Немцов гэдэг хүн телевизийн дэлгэц, сонины хуудаснаас алга болж, Орос дахь авлигын байдалд хийсэн судалгааг нь хайхрахгүй орхиод зогсохгүй, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хэд хэдэн удаа баривчлан саатуулж ч байлаа. Борис Немцов “РПР-Парнас” намын нэг даргын сонгуультай байсан бөгөөд Украины талаар Оросын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн “Хавар” нэртэй маршийг өчигдөр ням гаригт зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Немцовыг сайн мэдэх сэтгүүлч эмэгтэй Ксения Собчакийн мэдээлснээр бол амиа алдах үед нь Немцовтой хамт Анна гэдэг эмэгтэй явж байжээ. Энэ эмэгтэй урьд өдөр нь Киевээс Москвад ирсэн аж. Оросын нэртэй улстөрчийн амийг бүрэлгэсэн явдал Орост төдийгүй гадаадад ихээхэн дуулиан тарьж, хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж байна. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “энэ бол захиалгат аллагын бүхий л шинжийг агуулсан, ноцтой өдөөн хатгасан харгис үйлдэл” гэж хэлэв.

Оросын Засгийн газар аллагын нөхцөл байдлыг шуурхай, шударга, ил тод мөрдөн шалгаж буруутай этгээдийг үнэний шүүхэд өгөхийг уриалж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Оросын сөрөг хүчин энэ хэргийг улс төрийн аллага гэдэгт эргэлзэхгүй байгаа аж. Украинд тогтвортой бус байдал бий болгоход Оросын цэргүүдийг оролцуулж байгааг шүүмжилсэнтэй холбоотойгоор л түүнийг алсан байх магадлалтай гэж Немцовын ойрын хамтран зүтгэгчдийн нэг Илья Яшин үзэж байна. Энэ аллага айлган сүрдүүлэх, эсэргүүцэл тэмцлийг тэргүүлэх хүнгүй болгох, эвлэршгүй сөрөг хүчнээс цаашдаа өшөөгөө авна шүү гэдгээ харуулах гэсэн ганцхан зорилготой гэж “РПР-Парнас” намын Петербургийн хорооны нэг удирдагч Андрей Пивоваров гэж үзсэн бол Немцовын эрх ашгийг илэрхийлдэг өмгөөлөгч Вадим Прохоров “Тэрбээр бизнес эрхэлдэггүй байсан болохоор түүнтэй холбоотой юм байхгүй. Хувийн чанартай асуудал ч байх учиргүй. Гагцхүү улс төрийн үйл ажиллагаа нь л үхлийнх нь шалтгаан болсон байж таарна” гэж хэллээ.


Борис Немцовын ард 87 настай ээж, дөрвөн охин нь үлджээ. Немцов өөрөө 55 настай байв. Немцовын ээж Дина Эйдманд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эмгэнэлээ илэрхийлж, энэ увайгүй, ичгүүргүй аллагыг зохион байгуулагч, гүйцэтгэгчдэд зохих шийтгэлийг нь оноохын төлөө бүхнийг хийх болно гэж амласан байна. Оросын түүхэнд, улс төрд, ТЭРнийгмийн амьдралд Немцов тод мөр үлдээсэн юм. Манай орны хувьд хүнд хэцүү шилжилтийн үед хариуцлагатай албан тушаалд ажиллах хувь түүнд тохиосон. Өөрийн байр суурийг хэзээд шулуухан, шударга илэрхийлж, үзэл бодлоо тууштай хамгаалдаг байсан гэж Путиний эмгэнэлд өгүүлсэн байна. Гадаад орнуудын төрийн тэргүүнүүд түүний дотор Германы Канцлер Ангела Меркель алуурчныг даруй олж, шүүхэд өгөхийг Путинээс шаарджээ. Тэгвэл Орос дахь илрээгүй улс төрийн аллагын тоонд Немцовын амийг хороосон явдал орчих вий хэмээн болгоомжилж буйгаа хүний эрхийг хамгаалдаг “Аmnesty International” байгууллага илэрхийлэв. Тус байгууллага ийн болгоомжлохдоо Анна Политковская, Наталья Эстемирова болон бусад хүмүүсийг алуулсан захиалагчид одоо хүртэл олдохгүй байгааг сануулжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар эмгэнэлээ илэрхийлэв. Хэдэн долоо хоногийн өмнө Немцовтой уулзаж Орос, Украины харилцааны талаар ярилцаж байснаа Украины Ерөнхийлөгч Петр Порошенко дурссан байна.

“Украины зөрчилдөөнд Оросын зэвсэгт хүчин оролцож байгааг гарцаагүй нотлох баримтуудыг олон түмний сонорт хүргэх ёстой гэж Борис надад хэлсэн. Хэн нэг нь үүнээс их айж байгаа. Борис айгаагүй, алуурчид айсан, тэд л түүнийг алсан” гэж Порошенко үзэж байна. Гуравдугаар сарын 1-нд болох олон мянган хүний маршийг Немцов удирдаж, Украинд хайртай, хүний эрхийг хүндэтгэдэг, эрх чөлөөг хоосон үг гэж үздэггүй өөр Орос байдгийг харуулах гэж байсан юм гэж Порошенко нэмж хэлээд, Немцовыг Украины их анд, Оросын их эх оронч хэмээн нэрлэсэн байна. Чеченийн удирдагч Рамзан Кадыров эднээс ихээхэн өөр байр суурьтай, Орост тогтворгүй байдал бий болгох зорилгоор Немцовыг Өрнөдийн тусгай албад хөнөөсөн гэж үзэж байгаа аж. Тэрбээр түгшүүртэй байдлыг дэврээх сонирхолтой хүчин л ийм хорон санаатай алхам хийнэ. Немцовын үхэлд Оросын удирдлагыг дэлхий дахин буруутгана гэж энэ аллагыг зохион байгуулагчид тооцоолсон. Оросын дотоодод ямар нэг арга замаар зөрчил бий болгохыг эрмэлздэг Өрнөдийн тусгай албад Немцовыг алуулсан гэдэгт эргэлзэх юмгүй гэж тэрбээр цахим хуудсандаа бичжээ.

Литвын Ерөнхий сайд асан Андрюс Кубилюс ярихдаа 2012 онд Немцов өөрийн аюулгүй байдлын төлөө санаа зовж, тус оронд улс төрийн шалтгаанаар гэр бүлийнхэнтэйгээ орогнох боломж байгааг тандаж мэдэж авсан гэсэн байна. Тэр үедээ ч Литвад үлдэж болно гэсэн хариу авсан ч Немцов эцэст нь татгалзсан гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч, хатагтай Даля Грибаускаите өнгөрсөн бямба гаригт мэдэгдэхдээ “энэ аллага Орос улс ард түмнийхээ эсрэг алан хядлага хийх аймшигтай цаг үе рүү гулсан орж байгаагийн гэрч” гэсэн байна. Оросын Мөрдөн шалгах хороо Борис Немцовыг алсан шалтгааны тухайд хэд хэдэн таамаглал албан ёсоор дэвшүүлжээ. Юуны урьд лалын хэт даврагчидтай, Украин дахь зөрчилтэй холбоотой байж болох юм гэж үзэв. Мөн бизнесийн үйл ажиллагаатай, эсвэл хувийн асуудлаар таагүй ханддаг хүмүүсийн өс санасан үйлдэл байж мэднэ гэсэн бодолтой байгаа юм байна. Алан хядах явдал, ялангуяа лалын дайчдын хэт даварсан ажиллагаанд Немцов эрс шүүмжлэлтэй ханддаг, үүнийгээ зоригтой илэрхийлдэг байжээ. Үүнийхээ төлөө, тэр дундаа “Сharlie Нebdo” сэтгүүлийн ажилтнуудыг буудсантай холбоотойгоор байр сууриа илэрхийлснээс түүнийг заналхийлэх нь их болсон байна. Хувийн өс хонзон гэх таамаглал эргэлзээ төрүүлж буй юм байна. Хөдөлгөөнтэй байг, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд машинаас зургаан удаа буудахад дөрөв нь ононо гэдэг тийм амар юм биш.

Ийм чадвартай гэмт хэрэгтэн тийм ч олон байхгүй биз. Энэ аллагыг мэргэжлийн хүн гүйцэтгэсэн байх магадлалыг энэ байдал ихэсгэж байгаа юм. Түүнээс гадна Кремлийн хаяанд, газар сайгүй хяналтын төхөөрөмж тавьсан орчинд ийм хэрэг үйлдэх хүн сэтгэл зүйн хувьд ихээхэн бэлтгэлтэй байж таарна. Нөгөө талаас нь авч үзвэл эмэгтэйчүүд өөрт нь муугүй ханддагийг Немцов нэг бус ярилцлагадаа үгүйсгээгүй юм. Тийм болохоор үүнтэй холбоотой хувийн хонзон авсан байж болох талтай. Аллагын цорын ганц гэрч, Немцовтой хамт явж байсан Анна гэх эмэгтэй жирэмсэн байсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байжээ. Сэтгүүлчдийн нотолдгоор Борис Немцов хүнд ихээхэн хэмжээний мөнгө зээлдэг байсан аж. Тэрбээр мөнгөөр ямар ч байсан гачигдаж байсангүй. 2003, 2007 онд томоохон ялагдал хүлээснийхээ дараа нэг хэсэг хугацаанд анир чимээгүй амьдарсан үе түүнд бий. Улс төрийг орхиж бизнест хөл тавьж буйгаа өөрөө ч зарлаж байсан удаатай. Энэ үедээ дайсантай болсон байж мэдэх. Гэхдээ Ерөнхий сайдын орлогч байсан хүнтэй холбоотой хэл ам үүссэн бол сонинуудын тэргүүн нүүрэнд мэдээлэхээс гадна улс төрийн хүчнүүд түүнийг нь шүүрч аваад ашиглаж таарна.

Тийм юм ер дуулдаж байсангүй. Тэгээд ч Немцов бизнесийн салбарт аливаа төсөл, хөтөлбөрийн гүн рүү нарийвчлан нэвтрэхгүй, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байсан болохоор түүнд дайсан байлаа гэхэд тоо нь маш цөөн байх нь эргэлзээгүй. Улс төрийн өдөөн хатгалга, Украины зөрчил Немцовын үхлийн шалтгаан байх магадлал бусдаасаа илүүтэй гэж хэлж болно. Халдлагыг ийн үзвэл юуны урьд Украины зүүн өмнөд нутгийн эх оронч үзэлтэй дайчид үйлдсэн байж болзошгүй. Түвэгтэй нөхцөлд буудахдаа мэргэжлийнх байж болохоор хандсан нь энэ сэжгийг лавшруулна. Гэтэл мэргэжлийн алуурчин Кремлийн дэргэд ийм хэрэг үйлдэх үү. Украины асуудлаар Москва айхтар буулт хийлээ гэж хорссоноо илэрхийлэхэд нөгөө Украины эх оронч иргэдэд л аллага хийхээр сонгож авсан газар нь ашигтай байж болох юм. Гэхдээ Новороссийн БНУ байгуулахыг талийгаач хэдийгээр эсэргүүцэж байсан ч тэрбээр улс төрийн болон бизнесийн дээд зиндааныханд багтдаггүй байсан болохоор түүний амийг хороосноор “Новороссия” төслийг дэмжигчдийнх нь байр суурийг сулруулж чадахгүйгээр барахгүй “Новороссия”-г дэмжигчид нь Москва хотын төвд аллага үйлдсэнээрээ Оросын тогтвортой байдалд аюул занал учруулагчдыг ивээгч болж хувирна шүү дээ.

Хэрэг явдал “Новороссия”-тай холбогдвол захиалагч нь дор хаяж Москвагийн энэ “төслийг” дэмжигчдийн гарыг хөдөлгөхгүй болгох, цаашилбал тэднийг тоглоомноос гарахуйц улс төрийн томоохон хэрэг даруй дэгдээх хэрэгтэй болсон Украины тал байх магадлал ихэснэ. Мөрдөн шалгах ажлын явцаас үзвэл хэргийн газраас олдсон хонгио нь янз бүрийх үйлдвэрийнх байгаа нь утасны үзүүрийг Украин руу улам хөтөлнө. Немцовын үхлийг Оросын эсрэг биш, чухамхүү Путиний эсрэг ашиглах, Орос дахь эрх мэдлийг өөр хүнд шилжүүлэх, Оросын гадаад бодлогыг өөрчлөх сонирхолтой хүчин ийм “тоглоом” сэдсэн байж болно. Энэ тохиолдолд тэр хүчин заавал Өрнөдийн тагнуулын байгууллагатай холбоо сүлбээтэй байх ч шаардлагагүй, харин хүчнийхэнтэй нь уялдаатай ажилласан байхыг үгүйсгэх аргагүй.

Ярослав мужийн Думийн депутатын хувьд Немцовын хийж байсан ажил нь амь насанд нь халдах шалтгаан болсон байж бас болох юм. Түүний оролцоотойгоор сүүлийн бүтэн хагас жилд энд авлигын хэргийг илрүүлж дуулиан шуугиан тарьсан. Мужийн амбан захирагчийн орлогч Александр Сенинийг эмнэлгийн байгууллагуудад тоног төхөөрөмж худалдаж авахдаа луйвар хийсэн гэж Немцов буруутгаж улмаар түүнийг огцруулсан. Шалгаруулалтад Сениний гэргийн мэдлийн фирм ялсан байдаг. Мужийн амбан захирагчийн охины ажилладаг фирмээс өндөр үнэтэй эмийг нэмүү өртгөөр муж нь авсан хэргийг Немцов бас илчилсэн байна. Гэмт хэрэгтний машиныг Метроны “Смоленская” өртөөний хажуугаас олжээ. Цагаан өнгөтэй “Lada Priora” маркийн уг машин Ингушетийн БНУ-ын дугаартай байв. Немцовын үерхдэг 23 настай загвар өмсөгч украин бүсгүй Анна Дурицкая машиныг харсан ч дугаарыг нь тогтоож авч чадаагүй аж. Борис Ефимович Немцовын шарилыг маргааш Москвагийн Троекуровын оршуулгын газарт нутаглуулна.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.13 BOL”J MUU UGUR EVREI!