“НАМАЙГ МӨНХРҮҮЛНЭ ГЭЖ АМЛАСАН МӨРТЛӨӨ ӨӨРӨӨ ҮХЧИХЛЭЭ”

2015 оны 02 сарын 26

Эрх мэдэлтэй хүмүүс ядаж өөрөө урт наслах, цаашилбал мөнхрөх жорыг эртнээс эрж хайсаар ирж. Тэдний нэг хэсэг нь мөнхөд залуу байлгах рашаан ус бий болгож, зарим нь маарамбуудаас тан авч хэрэглэн, үлдсэн нь үхлийг мэхлэх зан үйл хийнэ. Өнөө бидний үед бол элэнц хуланцын үеийн ийм юм санаанд үл багтана. Гэхдээ л олон зууны өмнө таалал болсон нөхдийнхөө адил, “мөнхийн ус” олоод хүртчих бодлоос одоо цагийнхан ч ангижраагүй байна. Бусадтай харьцуулбал Хятадын их эзэн хаадаас Чингис хаан хүртэлх Дорно зүгийн ихэс дээдэс үхлээс зайлсхийх арга хайж байсныг гэрчлэх баримт илүүтэй үлдсэн байдаг аж. Манай тооллын өмнөх 256-210 онд байсан Хятадын Цинь улсын анхны эзэн хаан Цинь Шихуанди бусад бүх дарангуйлагчийн адилаар үхлээс жигтэйхэн айдаг нэгэн байж. Хятадын Их цагаан хэрмийг бариулсан онцгой хичээнгүй хүн байв, тэр. Тэрбээр эцэст нь эзэн хаан ертөнцийн мөнх бусыг үзүүлэхийг хориглосон зарлиг гаргажээ. Гэсэн ч тэр мөнхөрч чадсангүй.

Түүнийг нас барахад цогцсыг өргөөнд нь залж, бүх л ёслол хүндэтгэл үйлдсэн байна. Тэгээд ч муудсан шарилыг булахаас өөр яалтай билээ. Хятадын Хань удмын долоо дахь хаан У-ди манай тооллын өмнөх 156-87 онд амьдарч байсан бөгөөд тус улсын түүхэнд хамгийн мундаг эрх баригч гэгдэж байв. Тэрбээр мөн л мөнхрөхөөр хичээж байжээ. Түүний засаглалын үед ид шидтэн, хар хэл амтай гэх хүмүүс онцгой эрх дархтай байв. Харин худал хуурмагийн өчүүхэн төдий сэжиг тэднээс илэрвэл эзэн хаан огт хайрлахгүй цаазална. У-ди хаан ид шидтнүүддээ мөнгө өгч мөнхийн рашаан хайлган холын замд явуулна. Эзэн хаан эртний уламжлалыг сэргээн сүм хийд олноор байгуулж, байнга өргөл өргөж, лам нар нь үхэл хаанаас минь холуур өнгөрөөсэй хэмээн залбирал үйлдэнэ. Сүүл рүүгээ У-ди хаан сэтгэл мэдрэлийн өвчтэй болж, ордныхноо олноор нь цаазалж, энэ яргалалд төрөл төрөгсөд нь ч өртсөн байна. Ухаан мэдрэлгүй болсон тэр амьтан зүй тогтолт үйл явцыг мэхэлж яаж чадах вэ дээ, хий юм үздэг болж зовж шаналсаар амьсгал хураажээ.

Аугаа их Чингис хаан тухайн үедээ зард гарсан Хятадын эрдэм чадалтай ламыг орд өргөөндөө урьж, үхэшгүй мөнхийн сахиус бүтээж өгөхийг хүссэн байдаг. Энэ мэргэн өтгөс Чингис хаан дээр хоёр ч удаа ирж, сахиус бүтээж өгсөн ч тэр нь ямар нэгэн нөлөө үзүүлээгүй, хаан, эрдэмтэн хоёул 1227 онд бараг зэрэг шахам бурхны хутгийг олсон гэдэг. Хязгааргүй эрх мэдэлтэй байсан ч, “зэрлэг” азийнхнаас хэн нь ч мөнхрөх замыг хайхдаа эртний шашны ёсоор хамгийн хүчтэй гэгддэг хүнээр тахил өргөх аргыг хэрэглэж байсангүй. Нөгөө “гэгээрсэн” европчууд маань энэ тухайд азиудаас түрүүлчихсэн байна. Тухайлбал, Францын маршал, гүн Жиль дэ Рэ-г (1404-1440) аваад үзье. Энэ хүн алхими, хар дом сонирхдог байв. Маршал мөнхийн рашаан бий болгохоор оролдож, үүний төлөө хүүхэд, залуусыг дүүжлэн хороож, агталж ч байжээ. Учир нь хатааж, нүдэж нунтагласан эр хүний нууц эрхтэн ид шидтэй эм тангийн найрлагад ордог гол зүйл нь гэж үзэж байж. Өтөлж өөд болохоос энэ хүн аврагдах байсан эсэхийг бүү мэд, ямар ч байсан 1440 онд түүнийг шүүхийн шийдвэрээр алуурчин боомилж хороосон гэдэг. 1560-1614 онд амьдарч байсан Унгарын гүнж Элизабета Батори нөхрөө нас барсны дараа гоо үзэсгэлэнгээ алдахгүй байхад ихэд анхаарсан аж.

Урт насалж, гоо сайхан байхын тулд эр хүнтэй хавьтаагүй охины цусанд орохыг нэгэн төлөгч эмэгтэй түүнд зөвлөсөн байна. Түүнээс хойш Элизабетагийн цайзаас 650 охины цогцос олдсоны нэлээд нь язгууртан дээдсийн үр сад байв. Энэ цуст гүнжийг 1640 онд илрүүлж, цайзынх нь нэг өрөөний хананд цементлээд жаахан нүх гаргаж, түүгээр талх, ус төдийхөн өгч амийг нь зогоодог байжээ. Гүнжид ойр байсан хүмүүсийн гэрчилснээр тэрбээр сайхан байдлаа хадгалсаар хэдэн жил болоод амь тавьсан аж. Алс тэртээх Дундад зуунаас ХХ зуун руу хүрч ирвэл үнэн худлыг тогтооход түвэгтэй, хэзээ ч ил тод болгохгүй байж болох ч намын дээд зиндааныхны насыг уртасгах зорилгоор судалгаа шинжилгээ хийдэг газар ЗХУ-д байсан гэлцдэг юм. Түүнийг нэрд гарсан хувьсгалч Александр Богданов гэгч үүсгэн байгуулж, өөрөө удирдаж байсан ч гэдэг. Тэрбээр нас ахиж яваа хүмүүст залуусын цусыг сэлбэхэд шинэ эрч хүч орно гэж бүр 1920-иод онд үзэж байжээ. Туршилтаа хэд хэдэн удаа амжилттай хийсний дараа Ленинийг мөнхрүүлэх шидэт арга оллоо гэж Богданов бодсон байна.

Гэвч дэлхийн пролетарийн жолоодогч уг аргыг “цус сорох явдлыг ил тод болгосон хэрэг” гэж үзээд эрс татгалзсан аж. Ленин удалгүй амьсгал хурааж, судалгаа шинжилгээ хийдэг уг газрыг нөхөр Сталин ивээлдээ авчээ. Намын, нас өндөр болсон зүтгэлтнүүдэд Богданов хэд хэдэн удаа бусдын цусыг хийж үзэхэд нөгөөдүүлийнх нь бие хаа үнэхээр өөр болоод иржээ. Тиймээс мань эр хүнийг өтөлж үхүүлэхгүй байж болох нь гэж итгэсэн байна. Тэгээд Богданов эрдэмтэн судлаачийн хувьд өөр дээрээ туршилт хийсэн аж. Эцэст нь цус сэлбэх нэг удаагийн оролдлого нь бүтэлгүй болсноос Богданов халдвар авч нас барав. Түүнийг оршуулахад оролцсон Сталин тэгэхэд “Чи намайг хуурлаа. Намайг мөнхрүүлнэ гэж амласан мөртлөө өөрөө үхчихлээ” гэж хэлж байжээ. Үүнээс хойш нөгөө судалгаа шинжилгээний газрыг өөрчлөн зохион байгуулж, цус солих ажлыг ч зогсоов. Цаашдаа урт наслуулах оролдлогоо үргэлжлүүлсэн эсэхийг бүү мэд. Үхлээс зугтах оролдлого хийсэн сүүлчийн дарангуйлагч нь Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен байлаа.

Одоо Өмнөд Солонгост аж төрж буй Умард Солонгосын дүрвэгч доктор Ким Со Ений бичиж, саяхан хэвлүүлсэн номд энэ талаар өгүүлсэн байна. Ким Ир Сен, Ким Чен Ир хоёрыг дор хаяж 120 наслуулах цорын ганц зорилгоор байгуулсан хүрээлэнг энэ эмэгтэй удирдаж байсан аж. 65 нас хүрсэн жилээ буюу 1977 оноос Умард Солонгосын удирдагч урт наслах талаар сонирхох болжээ. Ким Ир Сен шинжлэх ухаанд л итгэдэг байснаас элдэв ид шидтэн, илбэч жатгач, зөнч гэх хүмүүсийг төрийн чухал ажилд оролцуулдаггүй байв. Тийм болохоор нас уртасгах сэдвээр олон зуун эрдэмтэн, судлаач ажиллах болсон байна. Тэд ургамлаар туршилт хийж, хүний бие, сэтгэхүйг судалж байлаа. Тэгээд хүний насыг хоёр зүйл л уртасгаж чадна гэх дүгнэжээ. Энэ нь уурлаж уцаарлахгүй зөв сэтгэлтэй байх, цус солих хоёр байв. Ким Сон Ений ярьснаас үзвэл дарангуйлагчийн өргөөнд хошин жүжигчид, авьяаслаг хүүхдүүдийг өдөр бүр авчирч тоглуулдаг байж. Тэднээс хэн нэг нь Ким Ир Сений инээдийг таван удаа дараалан хүргэж чадвал тэр дор нь гавьяат жүжигчин цол олгоно.

Харамсалтай нь их удирдагч инээх нь битгий хэл ховорхон мушийдаг хүн байсан болохоор “гавьяат” болсон хүн тун цөөн. Нөхөр Ким Ир Сений эрүүл мэнд муудаад байсан учраас ердөө инээж, уурлахгүй байснаар урт наслахгүй нь тодорхой болов. 77 настай байхаас нь дарангуйлагчид залуу эр хүний цус өдөр бүр юүлэх болжээ. Яваандаа Ким Ир Сений цусны бүлэг өөрчлөгдсөн нь түүнд ямар хэмжээгээр цус юүлж байсныг гэрчилнэ. Цус яагаад ч дарангуйлагчид нэмэр болсонгүй. Тэрбээр 1994 онд 82 насандаа таалал төгсөв. Үүнд Ким Ир Сен өөрөө буруутай гэж доктор Ким Со Ен үзэж байна. Хэчнээн хэлээд ч их удирдагч тамхиа хаясангүй. Ким Ир Сенийг нас барахаас хоёр жилийн өмнө Ким Со Ен Өмнөд Солонгос руу дүрвэжээ. Номондоо түүний өгүүлснийг бодитой хийгээд санаанаасаа зохиосон алин болохыг хэлэхэд хэцүү. Харин Умард Солонгосын удирдагчид Зөвлөлтийн жолоодогчдоос олон зүйл сурсныг үгүйсгэх аргагүй. Тийм болохоор тэд цус юүлэх “Сталины аргыг” урт наслах хэрэгсэл гэж үзэж ашигласан байж яагаад болохгүй гэж…

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.72.245.70 Таuur utsaargvi zuw setgeltei baihni zuw юу гэж бодож байна ...
112.72.13.229 15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮