ПУТИН: БИД ДАЙНД БЭЛЭН, ГЭХДЭЭ ДАЙН ХИЙХГҮЙ

2015 оны 02 сарын 25

Орост Эх орноо хамгаалагчдын өдрийг тэмдэглэсэн энэ сарын 23-нд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Крымийг буцаан авахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ гэж мэдэгдэв. Телевизээр “Нэг өглөө сэрэхэд л дайн эхэлчихсэн байх юм биш биз” гэсэн асуултыг Путинд зориулж тавив. Оросыг зэвсгээр далайлгаж чадахгүй. Бид дайнд бэлэн, гэхдээ дайн болохгүй гэж үүнээс хоёр хоногийн өмнө Путин хэлсэн байв. Ийнхүү итгэлтэй байгаагийнхаа шалтгааныг Путин нуусангүй. Цэргийн удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх, цэргүүдээ стратегийн чухал чиглэлд байрлуулах талаар Орост олон юм хийж, арми, флотын зэвсэглэлээ нэмэгдүүлэх өргөн хүрээтэй хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, агаар-сансрын хамгаалалт, цөмийн хүчээ шаргуу шинэчилж байгаа аж.

Батлан хамгаалах хүчээ ямар ч нөхцөлд сайжруулна, үүнд эргэлзэх явдалгүй гэж Путин хэлэв. Крымийг Украинд буцааж авах тухайд энд амьдардаг хүмүүс өөрсдөө хийсэн сонголтод хүндэтгэлтэй хандах ёстойг Путин сануулав. Крым Оросын, Украины, Татарын, Грекийнх байсан тэр чигээрээ үлдэнэ. Энд грек, герман хүмүүс ч амьдардаг юм. Крым энэ ард түмнүүдийнх байх болно гэж тэрбээр нэг жилийн өмнө хэлж байсан аж. Тэрбээр “Бид болохоор иргэний дайн гээд, Украин харин үгүй ээ, энэ бол Орос шууд манай нутаг дэвсгэрт дайрч ирсэн гээд байх юм. Дэлхий дахин яагаад үнэнийг олж харахгүй байна” гэсэн телевизийн хөтлөгчийн асуултад хариулахдаа Унгарт айлчилж байх үедээ миний хэлсэн зарим үг зохих нөлөө үзүүлсэн шиг байна. Гэхдээ ялагдлаа зөвтгөж, бурууг нь Орост тохох гээд байгаа нь тун зохимжгүй. Хамгийн гол нь Украин, Оросын хоорондын зөрчлийг дэвэргэх гэж оролдох нь их муу явдал гэсэн аж.

Киевийн эрх баригчдын нацист үзэл суртлыг Европын орнуудын удирдагчид анзаарахыг хүсэхгүй байгаад Оросын Ерөнхийлөгч эргэлзэхгүй байв. Украинд энх амгалан байдал тогтоох баталгаа нь Минскийн тохиролцоог туйлбартай сахих явдал. Гэтэл Майданд болсон эмгэнэлт үйл явдалд манай зарим ажилтан оролцсон мэтээр яриад байх юм. Яагаад ингэж хэлэх болсон нь гайхал төрүүлж байна. Мэдэгдэл хийхдээ анхааралтай хандаж байхыг Украины удирдагчдад хүсмээр байна” гэж Путин хэлсэн байна. Тэгэхнээ Оросын Ерөнхийлөгчийн туслах Владислав Сурковыг 2014 оны хоёрдугаар сард Майданд гадаадын мэргэн буучдын бүлэглэлийг удирдаж байсан гэж Украины Аюулгүйн албаны дарга Валентин Наливайченко хэлчихсэн юмсанж. Украины Ерөнхийлөгчтэй холбоотой байгаа ч түүнтэй ойрын үед уулзана гэж Путин амласангүй.

Түүний үзэж буйгаар ийм шаардлага байхгүй аж. ОХУ-ын гадаад бодлогын чиг шугамыг тодорхой ойлгоход НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр энэ сарын 23-нд Гадаад хэргийн нь сайд Сергей Лавровын хэлсэн үгнээс иш татах нь зүйтэй болов уу. Украин дахь Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлтийг илт сайшаах нь Өрнөд хийгээд АНУ дэлхийд ноёрхох гэсэн хэнээрхлийнх нь үр дагавар юм гэж тэрбээр хэлсэн байна. Оросын сайд “тусгаар улсад дарамт үзүүлэх, өөрийн шийдвэр, стандартыг бусад улсын улс төр, эдийн засаг, үзэл суртлын салбарт тулган хүлээлгэхийг оролдох” зэрэг зохисгүй арга хэрэглэж буйд анхаарал хандуулжээ. Түүний үгээр бол Аюулгүйн зөвлөлийг “удирдагчийн” шийдвэрт тамга дардаг л байгууллага болгож хувиргах оролдлого хүчтэй байгаа бөгөөд энэ нь бүтэхгүй болохоор түүнийг олон улсын энх амгалан, аюулгүй байдлыг сахиулах гол асуудлаар бодлого боловсруулах ажлаас нь хөндийрүүлэхийг хичээж байгаа аж.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД