ИРАНЫ ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙН АСУУДЛААР САНАЛ ИХЭЭХЭН ЗӨРҮҮТЭЙ БАЙНА

2015 оны 02 сарын 24

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тус улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар өнгөрсөн ням гаригт Женев хотод уулзав. Уулзалт “Ерөнхийлөгч Вильсон” зочид буудалд үдээс хойш эхэлжээ. Орой нь тэдэн дээр Ираны Дэд Ерөнхийлөгч, Атомын эрчим хүчний байгууллагын дарга Али Акбар Салехи, АНУ-ын Эрчим хүчний сайд Эрнест Монис хоёр нэмэгдсэн байна.

АНУ-ын хувьд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх яриаг сунжруулах, ямар нэг буулт хийхийг хүсэхгүй байгаа аж. Керригийн хэлснээс үзвэл хэлэлцэж буй асуудлаар тэдний хооронд санал бодлын ихээхэн зөрүү байгаа бололтой. Ираны тал цөмийн хөтөлбөрийн тухай яриа хөөрөөг хоригийг цуцлах асуудалтай зэрэг явуулах ёстой гэж үзэж байна.

Хориг ямар ч үр дүн өгөөгүй, асуудлыг шийдэх цорын ганц зам нь яриа хэлэлцээ гэж Зариф онцолжээ. Тэрбээр Ираны цөмийн хөтөлбөр энхийн шинж чанартай биш гэдгийг нотлох ямар нэг баримтыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ) олоогүй хэмээн нэмж хэлсэн байна. Хөтөлбөрөө энхийн зорилготой болохыг нотлох гэж бид олон юмаа золиос болгосон гэж Ираны сайд мэдэгджээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД