АНГЕЛА МЕРКЕЛЬ НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭХ ҮҮ

2015 оны 02 сарын 17

Германы Бундестаг (Парламент)-ийн депутатууд Украинд энх амгалан байдал тогтоохын төлөө гаргаж буй хүчин чармайлтыг нь үнэлж Канцлер Ангела Меркелийнхээ нэрийг Нобелийн шагналд дэвшүүллээ. Хэрэв түүнд энэ шагналыг хүртээвэл сүүлийн 25 жилд нэр хүндтэй шагналын эзэн болсон төр засгийн долоо дахь тэргүүн болох аж. 1990 оноос хойш энэ шагналыг ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбач ёв, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Фредерик Виллем дэ Клерк, Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабин, БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жун, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон-Серлиф нар хүртээд байгаа юм.

Меркелийн нэрийг дэвшүүлэхийг Христосын ардчилсан холбоо намын Сильвия Пантель, Карл-Георг Вельман нар санал болгожээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ромын хамба лам Францисийн нэрийг Европарламентын тэргүүн Мартин Шульц, Германы Хөдөө аж ахуйн сайд сайд Кристиан Шмидт нар Нобелийн шагналд бас дэвшүүлсэн юм. Нобелийн хорооны дүрмээр бол урьд нь тус шагналыг хүртсэн хүн, Засгийн газар, Парламентын гишүүд, Олон улсын шүүхийн шүүгчид, их сургуулийн захирал, профессорууд энэ шагналд нэр дэвшүүлж болдог юм.

Тэгвэл Карл-Георг Вельман нь Бундестагийн Гадаад бодлогын хорооны гишүүн гэнэ. Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлсэн бөгөөд одоо 103 хүн, 25 байгууллага энэ нэр хүндтэй шагналын эзэн болоод байна. Тухайн цагтаа Оросын эзэн хаан II Николай, ЗСБНХУ-ын тэргүүн Иосиф Сталин, Германы Канцлер Адольф Гитлер, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль, ХБНГУ-ын Канцлер Конрад Аденауэр нар нэр дэвшиж байсан ч шагнал хүртээж чадаагүй юм байна.

Архив ухаж үзвэл Уинстон Черчилль Нобелийн шагналыг утга зохиолын бүтээлээрээ авсан байдаг. Сталины нэрийг 1945 онд Норвегийн түүхч, Норвегийн хорооны гишүүн байсан Хальвдан Кут, 1948 онд Прагын их сургуулийн профессор Владислав Ригер нар, Гитлерийн нэрийг 1939 онд Шведийн Парламентын гишүүн Эрик Готтфрид Кристиан Брандт дэвшүүлж байжээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД