“НОРМАНДЫН ДӨРВӨЛ” МАРГААШ МИНСКЭД УУЛЗАНА

2015 оны 02 сарын 10

  Украин дахь хямралыг зохицуулах талаар ярилцахаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийл өгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар маргааш Минскэд уулзана. Тэд өнгөрсөн ням гаригт утсаар ярилцаад ийн тохирсон байна. Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой саяхан уулзсан бөгөөд тэдний уулзалтыг зохион байгуулахад бэлэн гэдгээ Беларусийн тал илэрхийлсэн аж. Украины байдлыг тогтворжуулах гол нөхцөл нь Донецк, Луганск мужуудад явуулж буй байлдааны ажиллагаагаа Киев зогсоож, Донбассыг эдийн засгийн талаар бүслэх оролдлогоосоо татгалзах явдал гэж Путин үзэж буй гэнэ. Тэрбээр Египетийн “Аль-Ахрам” сонины сурвалжлагчтай ярилцахдаа ийн хэлжээ. Киевийн эрх баригчид ард түмнээ сонсож, улс төрийн бүх хүчинтэй хэл амаа ололцож, иргэд нь аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хүний эрхийг сахиасай гэж Путин нэмж хэлсэн байна.

Украины нутаг дэвсгэр дээр зэвсэгт зөрчилдөөн эхэлсний төлөө Орос улс биш харин өөрийн хүсэл зорилгоо бусдад тулгахыг хичээдэг АНУ, түүний холбоотнууд хариуцлага хүлээх ёстой гэж тэрбээр үзэж байна.

Р.ЖАРГАЛАНТ