УКРАИНЫ АРМИЙГ “НАТО-ГИЙН ГАР ХӨЛ” ГЭЖ НЭРЛЭВ

2015 оны 01 сарын 28

 

Украины Донбасст байдал хурцадсанаас ээлжит бусаар хийж буй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жеффри Фелтман Мариупольд жирийн иргэд рүү зориуд гал нээсэн хүмүүс шүүхийн хаалга татах ёстой гэж мэдэгдэв. Дайныг дахин эхлүүлсний бурууг НҮБ дахь Оросын төлөөлөгч Виталий Чуркин Киевт тохов. Тэгвэл Украины төлөөлөгч болохоор Украин руу цэрэг, техникээ илгээж байна гэж Оросыг зэмлээд, Минскийн тохиролцоог хэрэгжүүлэхийг уриаллаа. Салан тусгаарлагчдын хяналтад байгаа газраас галласан гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хэлжээ. Олон улсын эрхийг мөрдөхийг Фелтман салан тусгаарлагчдад уриалаад, дайсагналцлыг зогсооход өөрийн нөлөөг ашиглахыг Оросоос хүслээ. Америкийн төлөөлөгч Саманта Пауэр салан тусгаарлагчдыг Орос дэмжиж, өөрийн хяналтад байгаа газар нутгийг Украины нутгийн гүн рүү тэлэхийг эрмэлзэж байна хэмээн зэмлэв. Украинд Орос түрэмгийлэл үйлдэж буйг нотлох баримт Киевт олон бий гэж НҮБ-д суугаа Украины төлөөлөгч Юрий Сергеев мэдэгдлээ. Украины нутаг дээр Оросын 9000 цэрэг байгаа талаар бид ярьж байсан бол энэ тоо одоо 12000 хүчээ. Мөн 235 танк, 720 хуягт тээвэрлэгч, 263 их буу байна гэж тэрбээр хэлжээ. Тэгвэл Оросын удирдагч Владимир Путин Санк-Петербург хотод оюутнуудын өмнө үг хэлэхдээ зөрчилд өөнийг энх тайвны замаар зохицуулахыг Киев хүсэхгүй байна гэжээ. Тэрбээр Украины армийг улс орныхоо эрх ашгийн төлөө биш, геополитикийн зорилгын төлөө явж буй НАТО-гийн гар хөл гэж нэрлэв.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД