САУДЫН АРАБЫН ХААН ШИРЭЭНД “СУДАИРИЙН УДМЫН” САЛМАН ЗАЛРАВ

2015 оны 01 сарын 26

Саудын Арабын хаан Абдулла ибн Абель Азиз дахин эмнэлэгт хэвтлээ гэж хэдхэн өдрийн өмнө зарлаж байсан. Тэрбээр 90 насандаа энэ сарын 23-ны шөнө насан өөд болов. Түүнийн өвчин хүндэрснээс Ойрхи Дорнодын энэ тэргүүлэх улсын дараагийн эрх баригчийн талаарх яриа хөөрөөг идэвхижүүлсэн юм. Одоо болтол мөрдөж буй уламжлалаар бол хаан ширээ түүний дүү жонон Салманд шилжих учиртай ч түүний нас нь “явчихсан” юм. Тийм болохоор ширээ залгамжлаад тэрбээр удах уу гэдэг асуудал түвэгтэй байлаа. Ингээд ширээний төлөө тэмцэл өрнөвөл “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд Ирантай өрсөлдөж эхэлсэн Саудын Арабын ажил үйлсэд сөргөөр нөлөөлөх нь эргэлзээгүй гэж үзэж байв. Энэ сарын эхээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энд айлчилсан юм. Тэрбээр мөнөөх Салман болон Нефтийн аж үйлдвэрийн сайд Али аль-Наймитай уулзсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсээс хатгалгаа тусаж эмнэлэгт хэвтээд байсан Абдулла хааны бие сайжраагүй байсан тул Мадурог айлчлах үеэр яриа хэлэлцээрт тэрбээр оролцож чадаагүй. Хаан Абдулла уг нь Үндэсний гвардийн эмнэлэгт шинжилгээ хийлгэхээр хэвтсэн юм. Сүүлдээ хатгалгаа туссан болж таарсан. Энэ оны эхний долоо хоногт хааныг хүчтэй эмээр эмчилж байв. Түүний биеийн байдлыг албатууд нь төдийгүй бусад оронд, ялангуяа АНУ-д анхааралтай ажиглаж байлаа. Вашингтон, Эр-Рияд хоёр олон жилийн хэлхээ холбоотой явж ирсэн болохоор үүнд гайхах зүйл байхгүй. Түүнээс гадна “Исламын улс”-ын эсрэг тулалдаж буй Америкийн тэргүүлсэн олон улсын эвсэлд Саудын Араб мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж буй билээ. Хаан Абдуллаг эмнэлэгт байхад буюу энэ сарын 5-нд Ирактай залгаа хил дээр лалын ариун дайчид Саудын Арабын цэргийн хүчин чадлыг нэгэнтээ сориод авсан бөгөөд эдний хилчдээс гурвыг нь хороосны дотор нэг нь генерал байжээ. Дайсан ч дөрвөн хүнээ алдсан. Хатгалгаа гайгүй боллоо ч хаан лав энэ сардаа, дараагийн сарын хэсэг хугацаанд ч эмнэлгээс гарахгүй болов уу гэж таамаглаж байлаа. Өнгөрсөн оны эцсээс ажлын чадвар нь эрс муу байсан аж. Гэхдээ л түүний шийдвэрлэсэн асуудал олон.

Катартай үүсээд удаж байсан зөрчлийг намжааж, Иорданы вантай уулзаж, зургаан сайдыг албан тушаалаас нь огцруулжээ. Хааны орыг залгаад байгаа жонон Салман Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байлаа. Тэрбээр энэ сарын 6-нд хааны өмнөөс уламжлал ёсоор телевизээр ард түмэндээ хандав. Бас Засгийн газрын хуралдааныг удирдаж байв. Гэхдээ 79 настай Салман 90 настай Абдуллагийн халааг авсан нь оносон сонголт мөн эсэх нь эргэлзээтэй. Жононгийн бие ч тийм сайн биш. Тархинд нь цус харвасан удаатай. Түүнээс гадна оюуны хомсдол өвчний эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн гэх яриа байдаг. Энэ бүхнээс үүдээд түүнийг хаан ширээнд удаан сууж чадахгүй л болов уу гэлцээд буй юм. Гэлээ ч нэгэнт хаан ширээнд суусан Салман ажилдаа шуурхайлан орж, Абдуллагийн бодлогыг үргэлжлүүлэхээ амлан, сайд нарыг шинэчлэн томилов. Үүнд гурав дахь үеийн төлөөллөөс нэг жонон орсон байна. Саудын Арабид хаан нь Ерөнхий сайдын албыг давхар хашдаг бөгөөд үе залгамжлах жонон нь түүний нэгдүгээр орлогч байдаг юм. Ерөнхий сайдын хоёрдугаар орлогч нь жононгийн нэгдүгээр орлогч бөгөөд жононг хаан болохоор суудлыг нь эзэлнэ. Абдулла хааны үед тус улсын гурав дахь чухал албан тушаал хэсэг хугацаанд “сул” байгаад 2013 оны хоёрдугаар сард уг албыг өөр нэг жонон Мукринд даалгажээ. Ийм энгийн зарчмыг үл харгалзан эрх мэдлийг Абдулла хаанаас шилжүүлэх үйл явц 2005 онд өмнөх хаан Фахд ибн Абдель Азиз аль-Саудыг амьсгал хураасны дараах шиг тийм өө сэвгүй болно гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй байв. Тэгээд тэмцэл үндсэндээ хоёр гол фракцын дунд эхэлчихээд байсан юм. Ордны далд явуулгын учир начрыг олохын тулд Абдулла хаан ширээнд суусан арван жилийн өмнөх явдлыг эргэн саная.

Одоогийн үйл явдлын гол дүрүүд байсан хаан Абдулла, жонон Салман, түүний орлогч Мукрин нар өнөөгийн Саудын Арабын анхны хаан, энэ овгийг үүсгэгч Абдель Азиз ибн Саудын хүүхдүүд юм. Абдель Азизыг 1953 онд өөд болсны дараа үе залгамжлах босоо тогтолцоо бий болж хаан ширээ ахаас нь дүүд шилжиж байх болсон байна. Угсаа үндэслэгчийг бие барахад түүний 44 хүүгийн 35 нь амьд сэрүүн байжээ. Одоо бол жононгуудын тоо гарын хуруунд багтахаар болж. Тэдний хамгийн залуу нь Мукрин. Өөрчлөлтийн чиг баримжаатай хүмүүс хаан Абдулла уламжлалыг зөрчиж, өөрийн залгамжлагчаар дараагийн үеийн төлөөлөгчийг томилох болов уу гэж горьдож байсан ч тэгсэнгүй. Тэгээд Саудын Арабын эрх мэдлийн төлөөх тэмцэл Абдель Азизын нэг эхийн хүүхдүүд буюу түүний төрсөн хүү нар болон бусад удмынхны хооронд өрнөж эхэлсэн байна. Нэг хэвлийн хүүхдүүдийг “Судайрийн удам” гэх бөгөөд энэ нь угсааг үндэслэгч Аль Саудын зургаа дахь гэргий Хасса бинт Ахмад аль-Судайригаас гарсан хүүхдүүд юм. Эд долуул учраас “Судайрийн долоо” гэж нэрлэдэг ч хаан Фахд болон жонон Султан (2011), Найеф (2012) нарыг нас барсны дараа энэ нэр тийм ч чухал гэгдэхээ больсон аж. “Судайрийн удмынханд” үе залгамжлах жонон Салман болон Мукринээс гадна Батлан хамгаалахын сайд байсан Абдул Рахман, жонон Турки, Дотоод хэргийн сайд байсан Ахмед нар багтдаг юм байна. Талийгаач Абдулла хаан нь Саудын Арабын вант улсыг үндэслэгч гэгддэг хаан Фахдын найм дахь хатны хүү байв. Тэрбээр нэг эхээс төрсөн ах, дүү наргүй учраас хааны удмынхан дотроо онцгой байр суурьтай нэгэн байлаа. “Судайрийн удмынхан” эсэргүүцэж байсан ч өргөмөл ах нар хийгээд хагас зуун жил тэргүүлсэн Үндэсний гвардийн дэмжлэгээр Абдулла хаан ширээнд суусан байна. Хаан болмогцоо хүчирхэг бүлэглэлтэй сөргөлдөхийг тэрбээр хүссэнгүй. Өөрийн холбоотон жонон Мукринийг Салманы орлогчоор томилжээ. Энэ нь олон хүний гайхлыг төрүүлсэн байна. Юуны урьд Мукрин нь үнэнийг хэлэхэд жонон биш байв. Яагаад гэвэл тэрбээр ордонд зарц байсан йемен бүсгүйгээс төржээ. Энэ бүсгүйг Абдель Азизын 18 дахь гэргий гэж үзэж байсан ч хаан түүнтэй албан ёсоор дэр нэгтгээгүй аж. Хоёрдугаарт, Мукринийг Ерөнхий сайдын хоёрдугаар орлогчоор, тодруулбал Салманыг нас барсны юм уу огцорсны дараа ширээ залгамжлах хүнээр томилсноор хаан насны дарааллыг зөрчсөн байна. Абдулрахман, Турки, Ахмед нар нь Салманаас насаар ах юм. Жонон Мукрин бен Абдул Азиз нь боловсрол сайтай, либерал үзэлтэй, Вашингтонд чамлахааргүй үнэлэгддэг нэгэн аж. Одоо 69 настай, Их Британид Агаарын цэргийн академид суралцсан, цэргийн нисгэгч байгаад Медин мужийн амбан захирагч болсон. Абдулла хаан болоод түүнийг Тагнуулын байгууллагын тэргүүнээр сонгосон байна.

Өрнөдөд, ялангуяа Америкт хаан ширээнд чухам Мукринийг залаасай гэж ихэд хүсэж байв. Гэхдээ ийм сонголтыг “Судайрийн удмынхан”, тэр дундаа жонон Ахмед зөвшөөрөхгүй л байсан болов уу. Түүнээс гадна 20 сая саудчууд хэнийг дэмжих байсныг ойлгоход түвэгтэй биш. Нэг талаас олон түмэн нь хайрлаж, хүндэлдэг Мукринийг хаан Абдулла өөрөө томилсон. Нөгөө талаас эрх мэдлийг шилжүүлэхэд насны дарааллыг харгалздаг уламжлалдаа арабчууд энэ зуунд ч урьдын адил хүндэтгэлтэй хандсаар буй. Түүнчлэн Салманы эрүүл мэндийн байдлыг нь анхаарахгүй байх аргагүй. Салман хаан болмогцоо бүхнийг өөрчилж ч болзошгүй. Эхний зарлигаараа л Ерөнхий сайдын орлогчдыг өөрчилж таарна. Урьд нь үе залгамжлах ханхүүгийн орлогч нь ханхүүг хаан ширээнд суумагц аяндаа түүний орлогч болдог байсан бол одоо Салман төрсөн ах Ахмедийгаа залгамжлагчаар томилж болох талтай. Тэгээд Мукринийг Ерөнхий сайдын хоёрдугаар орлогч болгох юм уу, эсвэл “хоосон” ч орхиж мэднэ. Абдуллаг залгамжилсан хүн ноцтой асуудлуудтай тулгарах нь зайлшгүй. Тухайлбал, нефтийн үнэ хямд байна, бүс нутагтаа тэргүүлэхийн төлөө Ирантай байнга өрсөлдөнө, эднийд залуучуудын дунд ажилгүйдэл эрс нэмэгдэж буй. “Исламын улс”-ын зүгээс учруулах аюулыг ч хайхрахгүй байж болохгүй. Өөр нэг аюул байгаа нь хааны удмыг үндэслэгчийн ач нарт эрх мэдлийг шилжүүлэх явдал. Ийм асуудал хэзээ нэгэн цагт тулгарна. Хаан агсны ач нар хэдэн арваар тоологдоно. Тэд бүгд боловсрол өндөртэй, эцэг эхээсээ илүү эрх тушаалд дуртай. Тэд бас уламжлалдаа үнэнч биш, лалын хууль журмыг хэт баримталдаггүй. Аль Саудын гурав дахь үеийнхэн тайзан дээр гарч ирэхийн төлөө хатуу ширүүн өрсөлдөөн эхлэхэд эргэлзэх зүйлгүй. Биенээсээ хаан ширээг булаацалдахдаа энэ ач нар юу ч хийхээс буцахгүй бөгөөд тэмцэлд ялж эрх мэдлийг авсан нэг нь өрсөлдөгчөө хатуу ширүүн цээрлүүлэхийг үгүйсгэх аргагүй. Залуу жононгуудын дундаас Абдуллагийн хоёрдахь хүү 61 настай Мутаиб бен Абдуллаг бусдаас илүү хүчирхэг гэж үздэг. Тэрбээр Үндэсний гвардийг командалж байсан эцгийнхээ орлогчоор олон жил ажилласан, одоо энэ цэргийг удирдаж буй. Мутаибт зориулж эцэг нь тусгай сайдын суудал бий болгож, хүүгээ Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулсан байдаг. Өнгөрсөн онд Мутаиб эцгээ хэд хэдэн удаа орлож, хөрш орнууд болон Өрнөд рүү албан ёсны төлөөлөгчдөө тэргүүлж явжээ.

Өөд болсон жонон Найефийн хүү, 59 настай Мохамед бен Найеф улс орондоо төдийгүй хилийн чанадад нэр хүнд, нөлөө ихтэй нэгэн. 30 гаруй жил Саудын Арабын Дотоод хэргийн яамыг удирдсан эцгийнхээ орлогчоор ажиллаж байсан бөгөөд одоо тус яамыг толгойлж байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Мохаммед Вашингтонд очиж, Тагнуулын төв газрын дарга Жон Бреннан, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх Сюзан Райс, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нартай уулзсан юм. Энэ явдлыг ирээдүйн хаан болохын дохио гэж олон шинжээч үзэж байв. Өөр нэг нөлөө бүхий “залуу” жонон бол Салманы хүү Мохаммед бен Салман. Тэрбээр вант улсын Зэвсэгт хүчний командлагчаар ажилладаг эцгийнхээ ерөнхий зөвлөх байсан юм. Салманыг эрх мэдэлтэй болохоороо энэ хүүдээ армийн удирдлагыг өгнө гэж таамагладаг.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД