ОБАМА УЛС ОРНЫ БАЙДЛАА КОНГРЕССТ ИЛТГЭВ

2015 оны 01 сарын 22

Барак Обама мягмар гаригт Конгресст үг хэлэхдээ “Америкийн хүч чадал, дипломат бодлогын нэгдлийг харуулна” гэж энэ онд явуулах гадаад, дотоод бодлогынхоо талаар өгүүлжээ. “Том улс нь багыгаа шахаж хавчдаггүй байх зарчмыг баримтална. Оросын түрэмгийллийн эсрэг зогсохдоо Украин дахь ардчиллыг дэмжинэ” гэж тэрбээр хэлсэн байна. АНУ өөрийн холбоотнуудын хамт Оросын эсрэг хориг арга хэмжээ авах “хүндхэн ажил” хийснээ Обама дурджээ. “Путиний түрэмгийллийг стратеги, хүч чадлаа харуулж байна даа гэж зарим нь үзэж байсан. Гэвч Америк холбоотнуудынхаа хамт хүчирхэг, эв нэгдэлтэйгээ өнөөдөр харуулж чадаж байна. Орос бусдаас тусгаарлагдлаа, эдийн засаг нь “будаа” болж байна. АНУ хоосон заналхийлдэггүй, байнга шаргуу, шийдмэг ажилладаг юм” гэж Обама онцолсон аж.

Ираны эсрэг тавьсан хоригийн дэглэмийг чангаруулахаа азнахыг Обама Конгресст уриаллаа. Тэгэхгүй бол Америкийн дипломат хүчин чармайлтыг унагаж болзошгүй гэж үзэж байгаа аж. “Исламын улс” мэтийн олон улсын алан хядах ажиллагаа явуулдаг бүлэглэлүүдийн тухайд АНУ ямар бодлого баримтлах талаар тэрбээр ярихдаа алан хядагчдыг ангуучлах, тэдний сүлжээг устгах ажлаа үргэлжлүүлнэ, энэ талаар дангаар хөдлөх эрхээ ч хадгалж үлдэнэ гэсэн байна. “Афганистанд бид цэргийн үүргээ дуусгасан” гэж Обама хэллээ. Зургаан жилийн өмнө Ирак, Афганистанд Америкийн цэргийн 180 мянган алба хаагч байсан бодол одоо ердөө 15 мянган үлдээд байгаа юм. Манай цэрэг, эрдэмтэд, сувилагчид, эрүүлийг хамгаалах салбарын ажилтнууд Баруун Африкт олон хүний амийг аварч, өвчний тархалтыг зогсоон эболаг яллаа гэж Конгресст явуулсан илгээлтдээ өгүүлжээ. Эцэст нь олон улсын хамтын нийгэмлэгт хандаж одоо цагт болон цаашдаа нийтээр “дулаарахын” чухлыг Обама тэмдэглэв.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД