ИЗРАИЛЬЧУУД “ХЕЗБОЛЛАХ”-ЫН УДИРДАГЧИЙН ХҮҮГ ХӨНӨӨЖЭЭ

2015 оны 01 сарын 20

Сирийн Эль-Кунейтра хотын орчимд Израилийн Агаарын цэргийн хүчин халдлага хийх үеэр “Хезболлах” бүлгийн удирдагчийн хүү Жихад Мугни гэгч алагдсан байна. Тэрбээр шийтийн дайчдын бүрэлдэхүүнд багтаж байсан аж. Түүн рүү Израилийн нисдэг тэрэгнээс хоёр ч пуужин харваж орхисон гэнэ. “Хезболлах”-ын дайчид Дамаскаас 40 км зайд орших Эль-Кунейтра мужийн үлэмж хэсгийг эзэлж аваад байгаа дээрэмчдийн бүлгийн эсрэг Сирийн армийн талд байлдаж буй аж. Израилийн дайралтад өртөж хэд хэдэн хүн амиа алдсан сураг байна. Түүгээр ч барахгүй Голаны өндөрлөгт “алан хядагчдын бүлэг” устгасан гэж Израилийн телевиз мэдээлжээ. “Хезболлах”-ын удирдагч, шейх Хасан Насрулла Сири дэх дайн эсэргүүцэгчдийн хүчийг шавхаагүй, Израилийн довтолгоонд хэзээ ч хариу барихад бэлэн гэж мэдэгдлээ. Имад Мугнийн хүүг амиа алдсаны дараа “Хезболлах” Израилийн эсрэг үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлж болзошгүй гэж тус бүс нутгийн ажиглагчид үзэж байна. Бейрутэд 1983 онд АНУ-ын тэнгисийн явган цэргийн штабыг дэлбэлснээс хойш энэ хүн шийтүүдийн дунд домог болж үлдсэн бөгөөд 1980-1990 онд дэлхий дахинд болсон ноцтой алан хядах ажиллагаатай түүний нэрийг холбож үздэг болсон юм. Тэрбээр өөрөө 2008 онд Дамаскад болсон аллагын үеэр амиа алдсан гэдэг.

Р.ЖАРГАЛАНТ