ИНДОНЕЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХАТУУ ХАНДАВ

2015 оны 01 сарын 19

Иргэдэд нь өршөөл үзүүлэхийг хүссэнийг үл хайхран тэднийг цаазаар авах ялыг гүйцэтгэсний дараа Бразил, Нидерланд улсууд Элчин сайд нараа Индонезоос татжээ. Өнгөрсөн ням гаригийн шөнө дундаас хойш Индонез болон Нигери, Малави, Вьетнам, Нидерланд, Бразил улсын тус бүр нэг иргэнийг цаазалсан байна. Тэд бүгд хар тамхины хууль бус наймааны хэрэгт холбогдсон хүмүүс байж. Ерөнхийлөгч Жоко Видодогийн үед гүйцэтгэсэн цаазын анхны хэрэг энэ юм. Өнгөрсөн баасан гаригт Бразилийн Ерөнхийлөгч, хатагтай Дилма Руссефф Видодотой утсаар ярьж иргэнд нь өршөөл үзүүлэхийг гуйсан аж. Бразилийн иргэн Марку Арчиф Кардозу Морейра гэгч 2003 онд 13.4 кг хар тамхи авч яваад Жакарта хотын онгоцны буудал дээр баригдсан байна. Нидерландын Гадаад хэргийн сайд Берт Кендерс цаазаар авах ялыг “хүний нэр төр, халдашгүй дархан эрхийг бүдүүлгээр зөрчсөн харгис, хүмүүнлэг бус шийтгэл” гэж үзсэн байна. Хар тамхитай холбоотой хэрэг үйлдсэн хүмүүст Индонезийн Ерөнхийлөгч хатуу чанга ханджээ. Өнгөрсөн сард тэрбээр бас зургаан хүнд өршөөлгүй хандсан аж.

Р.ЖАРГАЛАНТ