ВИКТОР ЯНУКОВИЧ: БИ УЛС ОРНОО ИРГЭНИЙ ДАЙНЫ ХӨЛД ӨРТҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЗАМЫГ СОНГОСОН

2015 оны 01 сарын 19

“Орост байгаа” гэхээс илүү тодорхой мэдээлэлгүй байгаа, саяхнаас эрэн сурвалжилж эхэлсэн Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтой Оросын “Аиф” сонины ерөнхий эрхлэгч Николай Зятьков ярилцсаныг сонирхуулъя.

-Украинд одоо болж буй явдлын төлөө, тэр ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой гэх бодол Танд төрж байна уу?

-Би төр тэргүүлж, шийдвэр гаргахад нөлөөлж чадах байсан тэр үеийнхээ төлөө хариуцлага үүрэх ёстойгоо бүрэн ойлгож байна. 2014 оны хоёрдугаар сарын 22-нд эргэлт гарах үед Украинд иргэний дайн болоогүй, цалин, тэтгэврийг хугацаанд нь өгдөг, нэг доллар 88 гривеньтэй тэнцдэг, Крым Украины бүрэлдэхүүнд, Донбасст хүний амь үрэгддэггүй байсныг санаж байна. Гаднын хүчний тусламжтайгаар төрийн эргэлт хийсэн улс төрийн зальхай явдалд саад хийж чадаагүй цорын ганц буруутай үйлдэлдээ гэмшиж явдаг.

-Миний мэдэж байгаагаар 2010 оноос эхлэн Та л Украиныг Европтой нийлүүлэх замыг тавьсан. Тэгвэл Украиныг Европт нэгтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурахыг болиулах шийдвэрийг яагаад гаргах болов?

-Украинд тохиож болох эдийн засгийн асар их алдагдлыг олж харснаас л ийм шийдвэр гаргахад хүрсэн. Вильнюст би энэ хэлэлцээрт гарын үсэг зурчихсан бол одоо Ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэж, улс орноо удирдаж байх байсан биз. Өрнөдийн орнуудын удирдагчид надтай баяр хөөр болон уулзаж, зөв шийдвэр гаргалаа хэмээн магтах байсанд эргэлзэх зүйлгүй. Би хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох ихээхэн магадлалтай ч болсон байж мэднэ. Харин Украины аж үйлдвэрийн тэн хагас нь дампуурч, хүн амын амьдралын түвшин гарцаагүй үлэмж хэмжээгээр унаж байж энэ бүхэнд хүрэх байсан юм. Ийм үнээр эрх мэдэлтэй үлдэх шаардлага надад байгаагүй.

-Европын холбоонд нэгдэх тухай хэлэцээрт гарын үсэг зурах нь ийм сөрөг үр дагавар авчрах нь та бүхэнд өмнө нь илэрхий болсон байх ёстой шүү дээ. Тэгэхэд яагаад хэлэлцээрийг үзэглэхээр товлосон хугацаанаас гуравхан долоо хоногийн өмнө энэ тухай зарласан юм бэ?

-Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Украины эдийн засагт ихээхэн хүндрэл учрахыг бид мэдэж байсан. Оростой хийх худалдаанаас учрах хохирлыг нөхөж олгох нөхцөлд л бид хэлэлцээрт гарын үсэг зурах байсан юм. Гэтэл Европын холбооны улстөрчид хэлэлцээрт даруй гарын үсэг зурахыг шаардаж, ямар нэг нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

-Майданы тухай ярилцъя. 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны шөнө оюутнуудын жагсаалыг хөөж тарааснаас бүх юм эхэлсэн. Үүний ард танай Тамгын газрын дарга байсан гэлцэх юм.

-Үүний ард хэн байсныг ойлгохын тулд энэ нь хэнд ашигтай байв гэдгийг бодох ёстой. Надад нэг явдал огт ашиггүй байсан. Тийм болохоор жагсагчдыг хөөж тараах талаар ямар нэг зарлиг гаргаагүй, гаргах ч учиргүй. Миний үзэж буйгаар энэ нь эсэргүүцлийн тайван жагсаалыг үймээн болгож хувиргах зорилготой, сайн зохион байгуулсан өдөөн хатгалга байж. Арваннэгдүгээр сарын 30-ны өдөөн хатгалгын ард Левочкин байсан гэх шууд нотолгоо надад байхгүй. Тэгэхдээ ингэж хардахад нөлөөлөх ноцтой үндэслэл байж таарна.

-Тайван жагсаал ер нь яагаад зэвсэглэсэн мөргөлдөөн болж, Таныг огцрохыг шаардах болсон юм бэ. Үйл явдлыг ийм замаар цааш үргэлжилнэ гэж төсөөлж байгаагүй юу?

-Төсөөлөөгүй. Үйл явдал тэгтлээ өрнөх үндэслэл ч байгаагүй. Европын холбоон дахь манай үйл ажиллагаа зогсоогүй, хэлэлцээрт гарын үсэг зурах хугацааг л хойшлуулсан байсан. Үндэсний эрх ашгаа хамгаалсан тусгаар тогтносон улсын хувьд ийм байр суурьтай байх бүрэн эрх бидэнд байсан. Үүнийг би олон түмэнд нэг бус удаа тайлбарласан шүү дээ. Гэтэл энэ үйл явдлыг бодитойгоор “найруулж” байсан хүмүүс, улс орныг ганхуулж, сул, чих зөөлөнтэй болгох төлөвлөгөөгөө нэгэнт батлачихсан байсан юм билээ. Юуны урьд Ерөнхийлөгчийг нь унагах шаардлага тэдэнд байжээ. Тэгээд л Ойрхи Дорнодод хувьсгал хийдэг шилдэг туршлагаараа хийх гэснээ хийсэн дээ. Тэгээд нийгэм дэх үзэн ядалтыг дэвэргэхийн тулд хүний аминд хүрч эхэлсэн. Грушевскийн гудамжинд хоёр залуугийн амийг хороосныг санаж байна уу. Тэд үнэндээ энд ч амиа алдсан юм биш, Төрийн эргэлт хийх технологийн золиос болгож, цогцсуудыг өөр газраас авчирсан байдаг.

-Майданыг хүчээр эзэлж авах, дараа нь буудах шийдвэр гаргасан гэж Украины ард түмний нэг хэсэг Таныг буруутгадаг. Нөгөө хэсэг нь эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарах талаар эрс шийдмэг байгаагүй гэж зэмлэдэг. Таны хийсэн үйлдлээс харахад аль талыг нь дэмжихээ шийдэж чадахгүй байгаа юу даа гэмээр…

-Украины бүрэн бүтэн байдлыг хадгалах, хүмүүсийн амь насыг хамгаалах, хууль баримтлах нь миний үүрэг байсан. Улсын Ерөнхийлөгчийн хувьд аль нэг талд нь би орж чадаагүй. Байдлыг энхийн замаар шийдвэрлэх, цус урсгахаас зайлсхийх чиглэлийг ямагт баримталж байсан.

-Тэглээ ч цус урссан. Майданыг хэн зохион байгуулсан гэж Та боддог вэ? Зөнгөөрөө болсон үйл явц уу, эсвэл түүнийг далдаас зохион байгуулагчид, удирдагчид байв уу?

-Майдан хэнд ашигтай байсныг харъя л даа. Тэнд байсан олон арван мянган хүн юу ч олж аваагүй. Бүх ашиг нь хариуцлага хүлээдэггүй улс төрчид, тэдний ивээн тэтгэгчдэд оногдсон. Тэд энэ бүхнийг олж авахад хялбар байна, “гэрэлт ирээдүйд” хүрэх замд гагцхүү Янукович саад болж байна гэж, худал амлалтаараа хүмүүсийн итгэлийг олж авсан. Үнэн хэрэг дээрээ бол жүжгийг найруулагчдад Янукович биш Украин улс хэрэгтэй байжээ.

-Хоёрдугаар сарын 18-21-нд Майдан дээр чухам юу болсон юм бэ? Буудах тушаал хэн өгөв?

-18-нд сөрөг хүчин хүмүүсийг Дээд Рада руу аваачсан шүү дээ. Парламент, Ерөнхийлөгчийн захиргааг эзлэх зорилготой байсан. Тэр үед Дотоод хэргийн ажилтнуудын гар дээр зэвсэг байгаагүй болохоор түүнийг хэрэглэх талаар тушаал гаргасан байж таарахгүй. 18-ны үд дунд болоход эсэргүүцэгчид дэлгүүр, сууцнуудыг сүйтгэж, Бүс нутгийн намын байр луу дайрч хоёр ажилтны нь амийг хороосон. Үүний дараа үйл явдал асар хурдтай өрнөсөн. Сөрөг хүчин хуулийн хязгаарлалтуудыг бүрэн зөрчиж, босогчдыг зэвсэглэсэн. Ганцхан энэ өдөр л гэхэд цагдаагийн хэдэн арван ажилтан галт зэвсэгт өртөн амиа алдлаа. Хэрэв жагсагчдад зэвсэг байгаагүй бол ийм юм тохиолдох уу? Энэ үед Баруун Украинд эрс үзэлтнүүд төрийн байгууллагуудыг олноор нь эзэлж эхэлжээ. Зэвсгийн агуулахуудыг ч эзэлсэн. Ингээд тэдний гарт олон мянган зэвсэг очсон доо. Майданыг хөөн тараах бодол надад байгаагүйг дахин хэлье. Хэрэв би хүссэн бол энэ “ажлыг” 19-ний орой цагдаагийн хүчээр хийчих байсан. 19-нд би өдөржин сөрөг хүчний удирдагчидтай яриа хөөрөө хийж эвлэрэлд хүрэх гэж байсан ч Майдан дахь эрс үзэлтнүүд үүнийг зөвшөөрөөгүй. 20-ны өглөө болоход зэвсэгтэй хүмүүс эрс нэмэгдсэн байлаа.

-Ийм эгзэгтэй үед Та яагаад Киевээс, улмаар Украинаас явахаар шийдсэн юм бэ?

-Гарын үсэг зуралцсан тохироонд 21-нд сөрөг хүчин идэвхтнүүдээ, эрх баригчид нь Киевийн төвөөс хүчнийхнээ татах ёстой байлаа. Би дээд зэргийн буулт хийж Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль хийх, Төрийн тэргүүний бүрэн эрхийг хязгаарлах, эмх замбараагүй байдал дэгдээгчдийг уучлахыг зөвшөөрсөн байсан. Энэ өдөр Харьков, Донецкод очиж дэмжигчидтэйгээ уулзахаар төлөвлөж байв. Гэтэл Харьков руу явж байхад манай цуваа руу зэвсэглэн довтолсон. 22-ны орой буюу Парламент намайг огцруулсан тухай шийдвэр гаргах үед би Украины нутаг дэвсгэрт байлаа. Энэ тогтоол олон хууль зөрчсөн, Үндсэн хуулийн бус шийдвэр юм. Эцэст нь уг шийдвэрийг баталснаар Үндсэн хуулийн байгууллагыг унагасан юм. Миний бүрэн эрхийг цуцлах дөрвөн аргаас сайн дураар огцрох, эсвэл нас барах хоёрын аль нэгийг нь сонгох шаадлагатай болсон юм билээ. Сөрөг хүчний удирдагчид над руу утасдаад огцрохыг ятгасан. Би эрс татгалзсан. Үүний дараа л надад болон хамт яваа хүмүүсийн минь амь насанд заналхийлсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн. Амь насанд халдах гэж оролдохоор нь “намайг алахаар шийджээ” гэдгийг би ойлгосон.

-Таныг алахаар шийдсэн гэж Та үнэхээр үзсэн хэрэг үү?

-Шийдсэн төдийгүй үүний тулд бүхнийг хийсэн. Миний цуваа руу хэд хэдэн удаа галлаж, нэг хүн шархдуулсны дараа л тангарагтаа үнэнчээр хандаж, Зэвсэгт хүний Ерөнхий командлагчдаа захирагдаж буй тэр хүмүүсийнхээ байгаа газарт очихоос аргагүй болжээ гэж ойлгосон. Крымд ирээд байхад одоо яах вэ гэсэн асуулт надад тулгарсан. Сайн дураараа олзлогдох тухай бодохын ч хэрэггүй. Хуйвалдагчдын хувьд тэдний гэмт хэргийх нь гэрч болох Янукович амьдаараа хэрэггүй. Өөртөө үнэнч хүчнийг ашиглаж Украинд Үндсэн хуулийн дэг журмыг сэргээн тогтоох эсвэл эх орноосоо гарч явах хоёр зам л үлдсэн байна гэж үзсэн. Үндсэн хуулийн дэг журам сэргээх гэсэн оролдлого маань иргэний дайнд хүргэх вий гэсэн болгоомжлол надад төрсөн. 2014 оны хоёрдугаар сард явуулсан албан ёсны судалгаагаар Украинд хүн амын 47 хувь нь Майданыг дэмжиж, 46 хувь нь эсэргүүцэж буй гэсэн дүн байсан юм. Тэгээд улс орноо иргэний дайнд өртүүлэхгүй байхаар би шийдсэн юм даа.

-Украинд болсон үйл явдал танай гэр бүлийг тойрсон авлигын хэргээс үүдэлтэй гэж Та үзэхгүй байна уу?

-Би ч, миний хүүхдүүд ч авлигын аливаа явдалд гар, хөлөө дүрээгүй гэдгийг би хэдэн ч удаа хэлж чадна. Украины одоогийн эрх баригчид биднийг авлигын хэрэгт орооцолдсон хэмээн нотлоогүй байгаа нь санамсаргүй юм биш. Ямар нэг баримт байхгүй юм чинь.

-Хилийн чанадад байгаа хадгаламжийн тань хэдэн тэрбум ам.долларыг царцаасан гэж Украины талаас мэдэгдээд байгаад Та ямар хариулт өгөх вэ?

-Хилийн чанадад би хадгаламжтай байж үзээгүй. Миний өмгөөлөгч нар хадгаламж байгаа, эсэхийг тодруулахыг хүсэж 40 гаруй улсад хандсан, нэг ч улс нотолсон хариу өгөөгүй байна.

-Гаднаас тусламж дэмжлэг авалгүйгээр Украины зүүн өмнөд нутагт дайн үргэлжлээд байх боломжгүй гэж үзэх хүн олон байна. Үүнтэй холбогдуулж Донецкийн болон Луганийн БНУ-ыг санхүүжүүлж байна гэж Украины эрх баригчид Таныг нэг бус удаа буруутгасан.

-Украины улс төрчдийн амнаас энэ мэт зэмлэл байнга гарч байдаг. Гол яриаг Наливайченко гаргаж байгаа. Миний ойлгож буйгаар Донецк, Луганийн БНУ-уудыг санхүүжүүлж буй асуудлыг мөрдөн шалгах ажлыг тэр хариуцаж байгаа. Тэрбээр энэ мэт асуултад хариулт олдохгүй болохоор л Януковичийг буруутга гэсэн, Украины одоогийн хууль сахиулагчдын дуртай болсон аргыг сонгоод байгаа юм. Өөрсдийн үйлдлийг хууль ёсны, эсэхийг, тэдний хувьд гарцаагүй үр дагавар ирэхийг бодолц гэж Наливаиченко болон түүний нөхдөд зөвлөмөөр байна. Тэдний гар тохойгоо хүртэл цусанд дүрэгдсэн юм шүү.

Р.ЖАРГАЛАНТ