ПАРИС ДЭЛХИЙН НИЙСЛЭЛ БОЛОВ

2015 оны 01 сарын 13

Гурван өдрийн дотор 17 хүний аминд хүрсэн алан хядах ажиллагаанд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх эв нэгдлийн жагсаалд Францын хотуудаас гурван сая гаруй хүн оролцсон байна. Хамгийн том жагсаал Парис хотод болж 1.6 сая орчим хүн оролцсон аж. Энэ бол Францын нийслэлийн гудамжинд болж байсан арга хэмжээнүүдээс хамгийн олон хүнийг хамарсан нь юм байна. Бүх насны, бүх ажил мэргэжлийн, нийгмийн олон давхаргын төлөөлөл үүнд нэгдсэн гэж ВВС-гийн сурвалжлагч мэдээлжээ.

“Алан хядагчид бидний эрх чөлөө рүү довтоллоо, үүнийг бид давтан гаргуулахгүй” гэсэн үгийг жагсагчид хэлж байв. Ийм жагсаалыг Берлин, Вена, Брюссель, Лондон хот гээд Европ даяар зохион байгуулж буйн зэрэгцээ Парист болж буй жагсаалд нэгдэж эв санаагаа илэрхийлэхийн тулд Франц руу дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж байна. Амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөдтэй хамт Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Палестиний автономийн тэргүүн Махмуд Аббас, Иорданы ван, түүний гэргий болон бусад хүмүүс жагсаалд оролцов. Оросоос Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцсон юм.

“Ийм халдлага Лондонд болохгүй гэх баталгаа байхгүй” гэж Дэвид Кэмерон хэлсэн бол Франсуа Олланд “Парис одоо дэлхийн нийслэл болоод байна” гэж хэлсэн байна. “Charlie Hebdo” сэтгүүлд ажилладаг Голландын шог зураач, Виллем гэдэг нууц нэрээр олонд танил болсон Бернар Холтроп “Тус сэтгүүл дахин шинээр гарах ёстой. Эс тэгвэл тэд ялсан хэрэг болно. Франц улс шилдэг шог зураачгүй боллоо. Кабю бол өөрийн үеийнхэн дотроо хамгийн авьяаслаг зураач байсан, бүгд түүнийг дуурайдаг байлаа” гэж сэтгүүлчтэй ярилцахдаа хэлжээ. Брюсселийн “Soir” сонины газар луу ням гаригийн үдээс хойш хэн нэгэн утасдаж “Танай редакцын байрыг дэлбэлнэ” гэж хэлсэн байна. Түүний ярьснаар тус сонин “Charlie Hebdo”-д болсон үйл явдалд ихээхэн анхаарал хандуулаад байсан гэнэ. Тэгээд сонины газрыг нүүлгэсэн аж. Утасдсан хүнийг баривчилсан бөгөөд 53 настай Тьерри Каррейн гэгч байжээ. Тэрбээр 1999 онд бас утасны бүхээг дэлбэлж байсан аж.

Р.ЖАРГАЛАНТ