“ХҮНИЙГ Ч, АМЬТНЫГ Ч ЗУРЖ БҮТЭЭХИЙГ ЛАЛЫН ШАШИН НҮГЭЛД ТООЦДОГ”

2015 оны 01 сарын 09

 Францын нийслэл Парис хотод “Charlie Hebdo” сэтгүүлийн редакц руу зэвсэгтэй гурван этгээд дайран орж гал нээснээс 12 хүний амь үрэгдсэн хэрэг уржигдар гарсан юм. Үүнтэй бараг нэгэн зэрэг Испанийн Мадрид хотноо PRISA медиа бүлгийн төв байрыг нүүлгэв. Нэгэн үл таних хүн дугтуйтай сэжиг бүхий юм энд үлдээснээс ийм арга хэмжээ авахад хүрчээ. Энэ бүхнээс хоёр хоногийн өмнө Германы Дрезден, Берлин, Кёльн, Штутгарт хотод лалын шашныг дэлгэрүүлэхийг эсэргүүцэж олон мянган хүн жагсав.

Энэ бүхэнтэй холбогдуулан Оросын араб судлаач Андрей Остальскийтай хийсэн ярилцлагыг товчлон сонирхуулья.

-Уурсаж хилэгнэсэн лалын шашинтнууд сэтгүүлийн газрын хаалгыг нүдэх болсны учрыг олохын тулд “Charlie Hebdo” сэтгүүлийн талаар эхлээд та хэдэн үг хэлэхгүй юү.

-Энэ бол асуудлыг нэлээд хурцаар тавьдаг хошин шогийн сэтгүүл. Нас барсантай нь холбогдуулж Ромын хамба ламыг шоглож байсан ч удаатай. Нэг дугаарынхаа хавтсан дээр хүний хэлхээ ясанд хувцас нөмрүүлж дүрслээд “Явж явж Майкл Жексон цагаан арьстай болов” гэсэн бичигтэй гаргаж ч байсан юм. Эндхийн ажилтнууд их зүүний үзэлтэй, коммунист гэдгээ нуудаггүй, сонгуулиар КНын төлөө саналаа өгдөг хүн олон бий. Ялангуяа сэтгүүлийн хавтсан дээр нь гарсан зарим зураг лалын шашинтнуудын дургүйг хүргэснээс тэд нь шүүхэд хандаж байсан ч сэтгүүлийн ажилтнууд хайхраагүй. Лалынхны талд шүүхийн шийдвэр гарч байсан удаа байхгүй. Зөнч Мухамедийг нь биш шашныг нь, түүний хачирхалтай номлолыг нь энэ сэтгүүл шоолдгоо ил хэлдэг. 2011 онд сэтгүүлийн байрыг шатаах гэж оролдож, “Молотовын коктейль” шидсэн явдал бий ч ажилтнууд нь байраа сольчихоод хашралгүй нөгөө Мухамедийг нь нүцгэн дүрсэлсэн шог зураг нийтэлж байсан юм. Энэ сэтгүүлийн хамт олонд элдэв хэлбэрийн заналхийлэл байнга ирж байдаг. Түүгээр ч барахгүй тус сэтгүүлийг 2011 оноос цагдаа хамгаалах болсон.

-Сая алагдсан хүмүүсийн хоёр нь цагдаа байсан нь ийм учиртай байх нь. Лалын шашинтнууд шог хошин зураг юм уу, ёгт дохио сануулгад яагаад ингэтлээ дургүйцдэг юм бол?

-Лалын шашны сургаальд өгүүлснээр амьсгалдаг биетийг, хүн ч, амьтан ч байсан дүрсэлж бүтээхийг цээрлэдэг. Ийм дүрсийг лалын шашны бурхан нь Арабын хойг дээр тулалдсан онгон тахилгатай холбож үздэг. Зарим шашин хөгжлийнхөө эхэн үед ингэж үздэг байсан, лалын шашинд одоо ч үүнийг нүгэлд тооцдог. Тэгэхдээ энэ цээрийг тоодоггүй лалын шашинт зураач байдаг л даа. Саудын Арабад хөрөг зурахыг ноцтой үйлдэл гэж одоо ч үздэг. Тэгэхдээ зураачийг үүнийх нь төлөө хөнөөх хүртэл цээрлэл үзүүлэхгүй. Дээрх сэтгүүлийнхнийг лалын шашинтнуудыг гомдоохгүй, доромжлохгүй байхыг Францын Засгийн газрын гишүүд нэг бус удаа хүссэн ч тус сэтгүүлийн эрхлэгч Шарб гэх нэрээр олонд танил болсон Стефан Шарбонье бид шашныг нь биш, сүсэгтнүүдийг нь шоглож байгаа юм гэж хэлдэг байсан. Энэ хүн сая алагдчихлаа, хөөрхий.

-Болж байгаа үйл явдалд “шашны дайн” гэсэн нэр томъёо хэрэглэх нь арай ч эртдэх байх. Гэхдээ л юм цухалзаад байгаа юм биш үү?

-Хэрэг явдал шашны дайны хэмжээнд очихгүй л болов уу. Гол дайн лалын шашин дотор нь болж байна. Энэ нь нийгэм тогтворжиход айхтар занал учруулж байгаа юм. Бид эрх чөлөөгөө алдаж мэднэ шүү, түүнийг минь цаашид хэн хамгаалах юм бэ?

 Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД