Гурван “халимны” НУРУУН ДЭЭР ГУНДАЖ ЯВАА АРАЛ

2015 оны 01 сарын 06

  1959 оноос хойш шинэ жил Куба улсад үндэсний баяр-Хувьсгалын өдр өөс нь эхлэх болсон юм. Одоогоос 56 жилийн өмнөх нэгдүгээр сарын 1-нд Кубийн хувьсгалчдын цуваа Гавана хот руу орж ирэхэд хүмүүс баяр хөөр болон угтсан аж. Тэд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлэхээр ард түмэндээ амлаад биелүүлсэн. Одоо дэлхийн хаана ч эмнэлгийн ийм үйлчилгээ байхгүй. Хувьсгалчид арлынхаа иргэдэд тэгш эрх олгохоор амлаж. Энэ тэгш эрх энд байна. Тэгэхдээ ядуу зүдүү байдлын тэгш эрх бий. Хагас зуу гаруй жилийн турш кубачууд амь зогоох төдий аж төрсөөр ирэв. Хувьсгалын үр дүнд сэтгэл дундуур хүмүүс арлаас явсаар байна. Дулаан уур амьсгалтай энэ улсад хуарангийн социализм байгуулах гэж тэртээх 1959 оноос оролдсоны гол үр дүн нь энэ байж магадгүй юм. Тиймээс Кубийн хувьсгалын түүхийг дүрвэгсдийн түүх болсон гэж хэлж болохоор.

2014 онд 10 мянга гаруй куба хүн далайгаар дамжин Флоридагийн эрэг хүрэхийг хичээж, 22 мянга орчим хүн Мексик, Канадтай залгаа АНУ-ын хилийг нэвтрэх гэж зүтгэсэн байна. Энэ бол сүүлийн таван жилд тус арлаас дүрвэсэн хүмүүсийн оргил тоо. Ах дүү Кастро нарын бага (Рауль) нь эдийн засгийн өөрчлөлт хийхийг чармайж, хилийн чанад руу иргэдээ богино хугацаагаар явахыг зөвшөөрч байгаа ч Куба орноо орхих хүсэлтэй хүм үүсийн тоо нэмэгдсээр. Флоридад испани хэлээр хэвлэгддэг “EL Nuero Herаld” сонинд бичсэнээр бол 1960-2013 онд 11.2 сая хүн амтай тус улсаас нууцаар болон илээр 1.7 сая хүн гарч явжээ. Дүрвэх явдал хэд хэдэн давалгаатай байжээ. 1959 оны нэгдүгээр сард Фидель Кастрогийн талынхан ялмагц куба үндэстний сор болсон эрдэмтэн, эмч, өмгөөлөгч, томоохон бизнесменүүд эндээс явсан аж. Тэднийг улс төрийн дүрвэгч гэж хэлж заншсан бөгөөд аралд тогтоосон дарангуйлагч дэглэмийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс юм. Эдний араас ажилчид, гар урчууд, тариачид болон нэрд гарсан тамирчид, эрдэмтэд, урлагийн зүтгэлтн үүд эх орноо орхих болов. Ах дүү Кастро нарын явуулсан бодлого ийм эмгэнэлт үр дагавар авчирсан байна.

1980 оны дөрөвдүгээр сард Кубийн нийслэлд байх Перу улсын ЭСЯ-ны нутаг дэвгэрт хэсэг куба хүн нэвтэрч улс төрийн орогнол хүсэв. Ингээд Перугийн дипломатчид улсынхаа эрх баригчдад хандаж зөвшөөрөл авсан байна. Фидель Кастро галзуурах шахав. Тэрбээр телевизээр ард түмэндээ хандаж “Эх орноосоо гарахыг хүссэн, Кубийн хувьсгал санаанд нь нийцэхгүй хүм үүс бушуухан зайлбал таарна” гэж хэллээ. Энэ өдрийн үдэш болоход Перугийн ЭСЯны багахан газар дээр 9000 орчим хүн шавчихсан, батганы хошуу багтах зайгүй болсон байлаа. Гадагш явах хүсэлтэй хүмүүсийг Кубийн хэвлэлд “хог новш” гэж нэрлэж байв. Шог зураач Карлос Нуэсийн зурсан, хүнээр дүүргэсэн хогийн савны зургийг “Гранма” сонин өдөр болгон нийтэлж байлаа. Зальжин Фидель энэ эмгэнэлт явдлыг далимдуулан шоронгуудаа цэвэрлэхээр шийджээ. Гурван долоо хоногийн дотор Мариэлийн боомтоор дамжин гадагш явсан 125 мянган хүний 25 мянга нь эрүүгийн гэмт хэрэгтэн байсан бөгөөд тэднийг Америкийн усан хөлгүүдэд чихэж өгөөд явуулж байв. Аль-Пачино гол дүрд нь тоглосон “Сорвитой хүн” кинонд энэ үйл явдлыг харуулсан байдаг. Олноороо дүрвэх урсгалыг Фиделийн тушаалаар удалгүй зогсоов. Гэвч дүрвэх явдал хүний санаанд багтамгүй хэлбэрээр үргэлжилж байлаа. Кубийн Агаараас эсэргүүцэн хамгаалах болон Агаарын цэргийн хүчний командлагчийн орлогч, бригадын генерал Рафаэль дель Пино 1987 оны тавдугаар сард гэргий, бага охин, анхны авгайгаасаа төрс өн ууган хүү нараа ганц моторт “Сессны- 402” онгоцонд суулгаад, өөрөө жолоодон Майами руу нисэж одов. Дель Пино нь Кубийн армид өндөр албан тушаалтай байсан төдийгүй, 1961 оны дөрөвдүгээр сард АНУ-ын ТТГ-ын буулгасан десанттай Свинейн буланд тулалдаж, Ангол болон Ерөнхийлөгч Альендегийн үед Чилид, Ерөнхийлөгч Веласко Альварадогийн үед Перуд тусгай үүрэг гүйцэтгэж явсан Кубийн үндэсний баатар нэгэн байв.

Кастрогийн дэглэмийн хувьд “урвагч” гэгдсэн энэ генералтай Оросын сэтгүүлч 1980-аад оны эхээр Кубад, 2003 онд Вашингтоны ойролцоох Бетесд хотод хоёр ч удаа уулзсан байна. Бас нэг дүрвэгч болох зохиолч Норберт Фуэнтостой ч Оросын сэтгүүлч мөн нэг бус удаа уулзаж байжээ. Фуэнтос нь Кубийн сонгодог зохиолчийн нэг гэгдэж явсан, “Хэмингуэй Кубад” хэмээх шуугиан тарьсан ном бичсэн хүн юм. Хоёр дахь удаагаа түүнтэй уулзахад гэрийн хорионд орсон байв. “Найз нар минь Америкийн Johnson мотор бэлэглэсэн, танил нэгэн дэслэгчээрээ дамжуулан би бас Зөвл өлтийн десантын резинэн завь олж авсан байлаа. Үүгээр би Флоридад очно гэж бодож байв. Гэтэл Америкийн мотор Зөвлөлтийн завинд яагаад ч таарч тохирдоггүй эд байснаас би эргээс хэдхэн милийн зайд живснийг хилчид аварч шоронд орлоо. Фидельтэй ижий ахай болж байдаг миний их анд Габриэль Гарсиа Маркес Гаванад ирээгүй бол би одоо болтол шоронд байх байсан биз” гэж зохиолч Норберто Фуэнтос хожим нь ярьж байжээ. Фуэнтос одоо дурсамжаа бичсэн шиг Флоридад аж төрж байна. Өндөр алба хашиж байсан бас нэг зугтагч нь Альсибиадис Идальго юм. Энэ хүн цагтаа НҮБ-д суугаа Кубийн төл өөлөгч байгаад огцорч ҮЭ-ийн “Трабахадорос” сонинд утга зохиолын жирийн ажилтан болж байжээ. Тэрбээр нэгэн цагт Рауль Кастрогийн ойрын хүрээлэлд орж явсан байна. Нисгэгч Орестес Лоренсогийн дүрвэх хоёр дахь оролдлого хамгийн түвэгтэй байжээ гэж бодогдмоор. ЗХУ-д өөрчлөн байгуулалт, ил тод байдал эхэлж байх үед тэрбээр Краснодар хотод суралцаж байжээ. Лоренсо 1991 оны гуравдугаар сард сургуулилалт хийж байгаад Миг-23 сөнөөгч онгоцоор Кубаас зугтан Америкт ирсэн байна. Харин гэргий Вики, хоёр хүүхэд нь арал дээр үлдсэн байв. Тэднийгээ авчрах төлөвлөгөө боловсруулав. Энэ төлөвлөгөө ёсоор Вики хүүхдүүдээ аваад Гавана хотоос рашаан амралтын Варадеро хот орох зам дээр ирэх ёстой байлаа. Вики ч бүгдийг төлөвлөсний дагуу хийж, болзсон цагт үүлэн цаанаас нөхрийнх нь жолоодсон жижигхэн “Сессна” онгоц гарч ирээд хажууд нь газардав.

Орестес Лоренсо одоо Орландо хотод амьдран ном бичиж, Америкт ихэд алдаршсан авиа шоунд оролцож байна. НҮБ-ын баримтаас үзвэл мянган куба хүний дөрөв нь өөр улсад очиж эрх чөлөөгөө эдэлж байгаа гэнэ. Гэтэл гадагшаа явж буй хүмүүсийн 75 хувь нь хөдөлмөрийн насныхан аж. Өөрөөр хэлбэл, сүүлчийн хямралаас хойших 20 жилд Куба улс хагас сая гаруй ажилтнаа алдаад байна. Хөдөлмөрийн чадвартай хүмүүс нь явж, хүүхэд төрүүлэх нь багассанаас сүүлийн үед Кубийн хүн ам түргэн хөгширч байна. Эдийн засгийн байдал нь ч эрс муудаж буй юм. Гэхдээ “гурван халимны” ачаар Кубийн үр ашиггүй эдийн засаг арай ч живчихгүй л байгаа юм. Эхний халим нь Венесуэлийн тусламж бөгөөд тус улс өдөр тутам энэ арал руу 120 мянган баррель нефть нийлүүлдэг байна. Мексик, Испани, Канадын компаниудтай томоохон гэрээ байгуулсны дүнд Кубад жуулчдын тоо эрс өсөж байна. Гурав дахь “халим” нь АНУ-д байгаа чинээлэг ах дүү нараас нь гуйвуулдаг мөнгө юм. 750 мянга шахам куба хүн ийм мөнгө авч байдаг аж. Аялал, жуулчлал, валютын илгээмж хоёроос Куба улс жилд 2.5- 3 тэрбум доллар олж байдаг. Гэлээ ч дүрвэгчдийн тоо нэмэгдсээр. Куба улс хүнсний барааг картаар хэрэглэсээр хагас зуу гаруй жил болж буй юм. Таван ам бүлтэй нэг айл гэхэд сард 1.5 кг цагаан будаа, 560 гр кофе, гурван хайрцаг шүүлтүүргүй тамхи, гурван хайрцаг шүдэнз, 1.4 кг шош, 340 гр ургамлын тос, 1.5 кг элсэн чихэр, гурван хэрчим саван худалдаж авах нормтой байдаг. Кубачүүдийн сарын дундаж цалин 450 песо буюу 20 орчим доллар байгаа. Кубийн эрх баригчид энэ картнаас салахаар шийдсэн ч ачир дээрээ тийм ч амархан эд биш байв. Одоогийн нөхц өлд зах зээл нь хүн амаа тэжээж чадахг үй байгаа болохоор хэмжээ тогтоосон дэглэмээ хэвээр байлгахаас аргагүй байгаа аж. Тэгээд төрийн алба хаагчдаа бөөн өөр халж, хувийн хэвшлийг бараадаж амь зуухыг санал болгохоор эрх баригчид нь шийдэж буй бололтой.

Нийтдээ төрийн нэг сая албан хаагч буюу улсынхаа ажиллах хүчний 20 хувийг халахаар төлөвлөжээ. Халагдах хүм үүст хувийн хэвшилд хийхээр санал болгож буй ажлуудын дотор гудамжинд байх нийтийн бие засах газруудын үйлчлэгч, гэрийн амьтан тэжээж асрах, дэлг үүр үүдийн лангуу засах, оршуулгын газар цэцэг зарах гэх мэт орж буй гэнэ. Шинээр баталсан хуулиар хувийн зоогийн газар нээж болох ч Рауль Кастро “Баяжихыг хэнд ч зөвшөөрөхгүй” гэж анхааруулсан болохоор ийм газруудад байх ширээний тоо нь хүртэл хязгаартай. Рауль Кастрогийн хэрэгжүүлж буй өөрчлөлтийн нэг нь автомашин, байр, сууцаа чөлөөтэй зарахыг зөвшөөрсөн явдал юм. Гэхдээ анх нээсэн машин худалдах газар кубачууд орж ирээд дуу алдсан гэдэг. 1951 оны Chevrolet 25 мянган доллар, 2013 онд үйлдвэрлэсэн Peuglot 232.193 долларын үнэтэй байхаар арга байж уу. Рауль Кастрогийн хийж буй өнгөц өөрчлөлт кубачууд хийгээд гадаадын ажиглагчдын таашаалд одоо хэр нь нийцэхгүй байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Кубийн эдийн засгийг судлах холбооны бага хурал Майамид болсон байна. Түүнд оролцогчдын ихэнх нь Рауль Кастрогийн энэхүү явуургүй өөрчл өлтөд шүүмжлэлтэй ханджээ.

ОУВС-д ажиллаж байсан эдийн засагч Армандо Линде “Өчүүхэн, давчуу хувийн секторт бараг сая хүнийг хэрхэн “байршуулахаар” Кубийн эрх баригчид төлөвлөж буй юм бол. Хэрэв өргөгч цамхагаа засуулсны хөлсөнд сарын цалингийнхаа хагасыг өгчих юм бол улсын секторт үлдсэн хумсын чинээ цалинтай хүмүүс хувийнхны үзүүлсэн үйлчилгээний үнийг хэрхэн төлөх билээ” гэж энэ үеэр асуухад хариулт өгөх хүн байсангүй. Цаашдаа ч байхг үй байх нь эргэлзээгүй. Яагаад гэвэл Кубийн эрх баригчид аливааг зүй зохисоор нь өөрчлөхийг эрмэлзэхгүй байна. Фидель өнгөрсөн наймдугаар сард 88 насыг зооглов. Түүний дүү, Кубийн одоогийн удирдагч Рауль 83 настай, Дотоод хэргийн сайд Рамиро Вальдес 82- той. Америкийн шинжээчид Кубийн хүн амын 32-40 хувь нь дүрвэнэ гэж үзэж буй юм. Үнэхээр 11 сая хүн амынх нь гуравны нэг энэ арлыг орхичихвол юу болох бол? АНУ жилд 20 мянга хүртэл куба хүнд виз олгож буй гээд бод. Гэхдээ Кубаас гарч явахыг хүсэж буй хүмүүсийн тоотой харьцуулбал энэ нь ёстой л далайд дусал гэсэн үг. Эндээс АНУ-ыг нууцаар зорьдог хүмүүсийн хувьд энэ хоёр улсад “хуурай хөл, нойтон хөл” гэдэг нэр авсан хачин зарчим ч гэмээр юм үйлчлээд олон жил болж буй юм. Энэ зарчмаар бол Кубаас дүрвэж ирэгсэд Америкийн эрэг дээр бууж чадвал эндээ үлдэнэ, харин тэднийг эргийн харуул далайд явахад нь илрүүлчихвэл хүчээр эх орон руу нь буцаана. 2013 онд 2890 хүн “нойтон хөлтэйгээр” Америкт үлдэж, 1300 хос “хуурай хөл” баригдаж, буцжээ. АНУ-д 1.7 сая куба хүн аж төрж буйн 1.3 сая нь Флорида муж улсад байдаг юм. Кубийн ДНБ 60 тэрбум доллар байхад эдний нийт хөрөнгө 50 тэрбум доллараас давдаг гэсэн судалгаа бий. Кубийн жирийн иргэний жилийн дундаж орлого 300 доллар байхад Америкт байгаа куба хүнийх 30.000 доллар байна. Америкт байгаа куба хүмүүс тооны хувьд мексик, пуэрторикачуудын дараа ордог аж. Гэлээ ч орлого хийгээд боловсрол, соёлын түвшнээрээ Латин Америк гаралтай бусад үндэстнээсээ хавьгүй илүү байдаг гэнэ. Куба гаралтай америкчуудын 68 хувь нь англи хэлээр чөлөөтэй харилцаж, 38 хувь нь их сургуулийн дипломтой болсон байдаг.

Харин энд байгаа куба хүмүүсийн улс төрийн нөлөөг хэтрүүлж үнэлэхэд хэцүү. Кубаас цагаачилж ирсэн хүмүүсээс гаралтай сенатч энд ердөө гурав бий. Тэдний нэг нь болох Марко Рубио 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд БННаасаа нэр дэвших боломжтой хүн гэж тооцогддог. Техас муж улсаас сонгогдсон өөр нэг сенатч Тед Крус эрүүлийг хамгаалах салбарт Барак Обамагийн хийхээр төлөвлөсөн өөрчлөлтийг эрс эсэрг үүцдэг нэгэн. Эцэст нь Боб Менендес Сенатын олон улсын хороог толгойлж байв. Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд куба гаралтай дөрвөн хүн байдаг бөгөөд бүгд нэр нөлөө бүхий. Флоридагийн Их сургуулийн профессор Хорхе Дуанигийн үзэж буйгаар Кубийн эрх баригчдыг халж солилоо гэхэд Америкт байгаа кубачүүдийн ерд өө 10 хувиас хэтрэхгүй нь эх орон руугаа буцах хүсэлтэй гэнэ. Кубийн эсрэг АНУ-ын тавьсан эдийн засгийн хоригийг куба цагаачдын ихэнх нь дэмждэг. Үлдсэн хэсэг нь уг хориг эх орон нэгтнүүдийнх нь зовлон шаналлыг нэмэгдүүлдэг гэж үзэж эсэргүүцдэг байна. Гэлээ ч кубачүүдийн хэд хэдэн үеийг өрөвдмөөр амьдруулж буй ах дүү Кастро нарыг үзэн ядах үзэл тэднийг бүгдийг нь нэгтгэж байдаг аж. Хоорондоо 90 милийн зайтай оршиж буй Куба, Америк хоёрын харилцааг хэвийн болгох боломж тун хомс. Америкт байгаа болон арал дээрх кубач үүдийг ойрын хугацаанд эвлэр үүлнэ гэж бараг байхгүй. Ах дүү Кастро нарын социализм байгуулах гэсэн туршилт куба хүмүүсийн сэтгэлийг айхтар шархлуулсан болохоор түүнийг эмчлэхэд ч олон арван жил хэрэгтэй.

И.РЭНЧИНХАНД