Онгоц эрж хайх ажилд ОРОСУУД ОРОЛЦОЖ БАЙНА

2015 оны 01 сарын 05

  “Air Asia” компанийн QZ8501 рейсийн нисэх онгоцны хувь заяаг эмгэнэлтэйгээр шийдсэн гол хүчин зүйл нь “тэнгэрийн муухай араншин” гэж Индонезийн эрх баригчид үзэж байна. Онгоц мөстлөгийн бүсэд орсноос хөдөлгүүр нь зогссон гэж урьдчилсан байдлаар оношлоод байгаа аж. Онгоц осолдсон байж болох далайн тэр орчимд салхи, давалгаа ихтэй байгаа учраас эрж хайх, аврах ажилд айхтар түвэг учруулж байгаа юм байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 30-аад хүний цогцос олдсон гэжээ. Онгоцны сэг далайн усны 30 метрийн гүнд байгаа хэмээн үзэж буй. Индонезийн Сурабаия хотоос Сингапур руу хөөрсөн энэ Airbus A320 онгоцонд 162 зорчигч байсны 157 нь Индонезийн, гурав нь Өмнөд Солонгосын, хоёр нь Малайз, Сингапурын иргэн байжээ. Онгоцны сэг, хүмүүсийн цогцсыг хайх ажилд Оросын усанд шумбагчид оролцож буй аж. “Центроспас”, “Лидер” отрядын 17 хүн энэ багт багтсан байна. Эд “хар хайрцагны” байгаа газрыг тогтоож улмаар уснаас гаргаж ирэх гол зорилготой юм.

Оросууд өнгөрсөн баасан гаригт Индонезид иржээ. Хүний тоог 160 хүртэл нэмэгдүүлэх боломжтой бөгөөд усанд 1000 метр хүртэл гүнд ажиллах зориулалттай алсын удирдлагатай өндөр технологийн аппарат хэрэгслийг оросууд ашиглах юм байна. Хайх, аврах ажиллагаанд 27 хөлөг онгоц оролцож буй гэж Малайзын Тэнгисийн цэргийн хүчний командлагч Абдул Азиз Жафара хэлжээ. Индонезийн усанд шумбагчид 31 метрийн гүнээс онгоцны 18 метр урт сэгний хэсэг олсон байна. Зарим хэвлэлд бичсэнээс үзвэл энэ онгоц нислэг үйлдэх зөвшөөрөлгүйгээр хөөрсөн бололтой.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД