ОРОСТОЙ ХЭЛ АМАА ОЛОЛЦОХЫН ЧУХЛЫГ ОНЦЛОВ

2014 оны 12 сарын 30

  Украины хямралаас үүдэж Оростой зөрчилдөөд байгаа Өрнөдийн орнууд түүнийгээ зогсоож, Москватай нүүр нүүрээ харж суугаад хэл амаа ололцох хүсэлтэй байна гэж Европын холбооны дипломат бодлогын тэргүүн Федерика Могерини Италийн сэтгүүлчтэй ярилцахдаа мэдэгдсэн байна. Дэлхийн бусад бүс нутагт ч байдлыг зохицуулахад Орос улс чухал үүрэг гүйцэтгэж болох тул хамтран ажиллах шаардлагатай байна гэж тэрбээр хэлжээ. Ирэх оны нэгдүгээр сарын 19-нд Брюссельд хийхээр товлоод буй Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтыг чухамхүү Оростой харилцаагаа хэвийн болгох асуудалд зориулахаар төлөвлөж буй аж.

Хатагтай Могеринийн хэлснээр Украины хямрал, Ойрхи Дорнод, Ливийн байдал Европын сэтгэлийг зовоож буй гэнэ. Украины хямралын хувьд түүнээс хэрхэн гарах нь зангилаа асуудал гэж үзэж буй юм байна. “Зөрчилдөөнд яаж цэг тавих вэ гэдэг асуултыг Киевт ч бүгд тавьж байна. Одоогийн нөхцөл Оросын хувьд маш түвэгтэй байгаа. Зөрчлийг зогсоохыг Оросын эрх ашиг шаардаж буй. Үүний зэрэгцээ Украинд төдийг үй Сири, Иран, Ойрхи Дорнод, Ливид ч Орос чухал үүрэг гүйцэтгэж байгаа” гэж Могерини хэлсэн байна. Тэгэхдээ Орост хэрхэн хандах тухайд Европын арай аядуу, Америкийн илүү хатуу чанга хоёр янзын чиг хандлага байна гэж үзэх нь буруу. Канадаас Япон хүртэлх орон зайд бидний үзэл бодол нийцэх юм их бий. Ямар ч байсан зөрчлийг зогсоохыг бүгд хүсэж байна” гэж Могерини тэмдэглэв. Орос, Украины хувьд Европын холбоо буруу бодлого явуулж, Москвагийн эсрэг хориг тавьсан нь “ухаалаг бус, хор хохиролтой” алхам гэж үзэж буйгаа Австрийн Ерөнхийлөгч Хайнц Фишер илэрхийлэв. Түүний бодлоор хориг арга хэмжээ нь Москвад ноцтой бэрхшээл учруулж, Оросын эдийн засгийн хямрал шинэ түвэг учруулах нь эргэлзээгүй ч Орост эдийн засгийн ихээхэн нөөц бий аж. Одоогийн зарчим нь Европ болон сонирхсон бусад талуудын алдаа биш, зөвхөн Оросын зүгээс явуулсан бодлогын алдаанаас болсон гэж үзэх нь түүхэн талаасаа холын хараагүй, буруу зүйл юм гэж Фишер хэлжээ. Түншийн харилцаагаа цэгцлэх боломжийг Орост ч, Украинд ч олгох ёстой байсан. Европын холбоо болон Владимир Путиний тавьсан саналуудаас Украин сонголт хийх учиртай байсан нь сүүлийн үед ойлгомжтой боллоо гэж тэр хэлжээ.

Крымийг Орост нэгтгэснийг хууль бус гэж Фишер үзэж байна. Өрнөд хийгээд Оросын одоогийн харилцааг хүйтэн дайн гэж үзэж болохгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Оросын эсрэг тавьсан хоригийг Фишер анх удаа шүүмжилж буй юм биш. Өнгөрсөн зургадугаар сард энэ арга хэмжээг хэнд нь ч ашиггүй гэж үзэж буйгаа илэрхийлж байжээ.

Р.ЖАРГАЛАНТ