Д.БЯМБАА: СОНИНЫ ЗАЙ ТАЛБАЙГ БОДОЖ БИ ИХ ТОВЧИЛЖ ЯРЬЯ

2014 оны 12 сарын 30

  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Дамдины Бямбаатай ярилцлаа. Тэрбээр бас зохиолч, орчуулагч хүн. Зохиолчдын эвлэлийн шагналт, Орчуулагчдын эвлэлийн “Дуун хөрвүүлэгч” юм. Бидний яриа “Дипломатч-зохиолч”, “Дипломатч-орчуулагч” гэсэн сэдвээр өрнөсөн юм.

-Манай үе үеийн дипломатчдын дотор зохиолч, орчуулагч хүмүүс цөөнгүй байдаг. Тэднийг Та сайн мэдэж таарна. Та ч дипломат албанд ажиллаж, зохиолчийн хөдөлм өрөө оюутан ахуйгаасаа эхэлсэн болохоор би ийм сэдэв сонгосон юм.

-Би яриагаа Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын сайдаар 1921 оны долдугаар сараас жил хүрэхгүй хугацаанд ажиллаад өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн, “эсэргүү” хэргээр цаазлуулсан Догсомын Бодоогоос эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Д.Бодоо бол Монголын шинэ үеийн уран зохиолын түүхэнд нэрээ үлдээсэн зохиолч, яруу найрагч, нийтлэлч болохыг манай судлаачид тодруулсан. Тухайлбал, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ч.Билигсайханы “Бичгийн мэргэдийн билгүүн товчоон” номонд энэ талаар тод томруун бичсэн байдаг. Д.Бодоогийн “Эсэргүүцэл”, “Эргэцүүлэл”, “Сануулга” нэртэй хурц нийтлэлүүд, “Үзэмжит үгүүлэл” тууж, “Уянгат шүлэглэл” найраглал зэрэг бүтээл нь манай уран зохиолын санд оржээ.Д.Бодоогийн зохиосон “Бичгийн хүний хурууг үзэсгэлэн болгогч “Очир эрдэнэ” найраглалаас хэдхэн шадыг эш татъя.

...Түмэн дор мэргэн, бум дор цэцэн хэмээж гайхуулаад

Түмэн үеийн уламжилсан түүх үсэг бичгээ үл мэдвээс

Төвд, Хятадын түмэн үсэг доор мэргэживч

Төрөл төөрсөн төрөлхтөн болохоос өөр юун...” гэх буюу

Холчлон одох эрхэм зочид нөхөд дор

Хос морин унаж хөтлөх тохом хэрэгтэй

Хожмыг бодогч эрхэм залуус дүү нар доор

Хоёр эрдэм сурах хичээл гаргах нь яаралтай ... гэснийг үзхүл ард түмнээ соён гэгээрүүлэх эрхэм зорилгоо товойлгожээ. Гадаад явдлын сайд, Монголын зохиолчдын хорооны даргын алба хашиж явсан Б.Жаргалсайхан гуай “Африкийн тэмдэглэл”, “Ганга мөрөн”, “Нэгэн зүйл бодол”, “Олон жилийн хууч”, “Дурсамж ба тэмдэглэл”, “Дээдсийн газрын онгон”, “Алаг жарны бодрол”, “Хувь тавилангийн эрхшээл” зэрэг уншваас салшгүй, ухваас шинэ ертөнц нээх нийтлэлийн олон ном туурвисан. Жинхэнэ монгол баялаг хэл найруулгаар туурвидаг эрхэм байлаа.

-Н.Наваан-Юндэн гуай гэж зохиолч, орчуулагч байсныг та лав сайн мэднэ дээ...

-“Соёл эрдэнэ”, “Баян Монгол” зэрэг олон дуу нь ардын дуу мэт дэлгэрч дуун хөшөө болж мөнхөрсөн. Наваан-Юндэн гуай Пушкин, Гёте, Шиллер, Бехер, Брехт, Циммерлинг, Гоголь нарын олон зохиолыг орчуулсан. Ялангуяа Горькийн “Эх”, Достоевскийн “Ядуу хүмүүс”, Бичир Стоугийн “Том авгын овоохой” романыг орчуулсан гэхээр бахархахаас аргагүй. Наваан-Юндэн гуайн тухай судлаач Ж.Саруулбуян, Я.Баатар нарын номууд гарсан.

-Бид л хүүхэд байхаасаа уншиж ирсэн “Сурагч Ганбат”, “Хоньчин Найдан” гэх мэтийг бичсэн Д.Цэвэгмид гуай байна. Сайн зохиолч, сайн дипломатч хүн байв. Монгол Улсаа НҮБ-д гишүүнээр элс үүлэх үйлсэд их үүрэг гүйцэтгэсэн.

-Би ч Цэвэгмид гуайн зохиолыг уншиж өсөж торнисон хүн. Түүний бичсэн “Анхны багш” роман, “Багшийн сургууль” дуу нь олон үеийнхнийг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэлцсэн гэж хэлж болно. Монгол Улсаа НҮБ-д элсүүлэх үйлсэд оролцсон тухай “Алс Өрнөд тивд” гэсэн сайхан тэмдэглэл бичсэн юм.

-Манай нэрт дуун хөрвүүлэгч Базарын Дашцэрэн гуай ГЯЯ-нд ажиллаж байсан...

-Дашцэрэн гуай ГЯЯ-ны Ёслолын хэлтсийн дарга, Москва дахь ЭСЯ-нд дипломат ажилтан байсан. Их зохиолч М.Шолоховын “Дөлгөөн Дон” дөрвөн боть роман, 40 гаруй өгүүллэг, тууж, роман орчуулсан. Шүүмжлэгчид орчуулгаас нь өө сэв олоогүй юм гэдэг. Өөрөө нэлээд шүлэг, өгүүллэг бичсэн юм билээ. Багш шавийн барилдлагатай зохиолч С.Доржпалам, Л.Хуушаан хоёрын шилдэг шүлэг, өгүүллэгээр “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн 76 дахь ботийг гаргаж, эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай түрлэг үг бичсэн байна лээ. Москва дахь ЭСЯнд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нь С.Доржпалам гуайд би шүлгээ уншиж, зөвлөгөө авч байсан удаатай. Тэр их хүн, өөрийнхөө бичсэнээр:

“Монгол гэдэг мохож харьшгүй

Зориг гэсэн үг.

Монгол гэдэг мөхөж арилшгүй

Мөнх гэсэн үг…” гэсэн шигээ уран бүтээлээрээ мөнхөрчээ. Л.Хуушаан гуай бид хоёр Польш дахь ЭСЯ-нд хамт ажиллаж байхдаа зохиол бүтээлээ харилцан уншиж л явлаа. Хуушаан гуай “Хайрын сэтгэл”, “Алтан шар зам”, “Дэнжийн намар” зэрэг яруу найргийн олон түүвэр, “Хүний амьдралын хөг ая”, “Яруу найраг бичихийн учир”, “Хөрст дэлхийтэйгээ хөг ая нэгтэй” зэрэг уянгын найраглал бичсэн хүн. “Эх орон ба иргэн хүн” хэмээх туульсын найраглалынх нь гол утга санаа нь:

...Дэлхийн хаана ч хүн орчинтойгоо

Дэврүүн сэтгэлээр буруу харьцвал

Дэг журмаа сахидаг байгаль нь

Дэглэж хүнд хариу барьдаг

Дийлэгдэшгүй зовлон энд үүсдэг... хэмээсэн нь чухамдаа өнөөдрийн гашуун үнэн болж байна. Л.Хуушаан Жеймс Олдрижийн “Гайхамшигт монгол морь” тууж болон Д.Киплинг, О.Генри, Н.Тихонов, С.Маршак, А.Толстой, С.Щипачев, Евг. Евтушенко нарын олон зохиолыг орчуулсан юм.

Та бидний сайн мэдэх “Газар шороо” дөрвөн боть роман, “Гишгэх газаргүй хөл” роман, ”Сүүлчийн захидал” найраглал, бусад олон тууж, өгүүллэг, шүлэг туурвисан Д.Маам Египет дэх ЭСЯ-нд дипломат алба хашиж байсан.

“Сэтгэл шиг хөлгүй далай

Сэтгэл шиг хөдөлдөг юм билээ”

гэсэн түүний шадыг унших бүр тэр жаахан биетэй, их авьяастай зохиолч харагддаг юм. Гадаад харилцааны яаманд ажиллаж агсан Ж.Намсрай гуай Виктор Гюгогийн “Инээмтгий хүн”, “Козетт охин”, “Шоовдор хүмүүс”, “Зоригт далайчид”, “Парисын Эх дагины сүм”, Флоберийн “Бавари хатагтай” зэрэг зохиолыг орчуулсан юм. Тэр үед франц хэлнээс уран зохиол орчуулдаг хүн цөөн байлаа.

Монголын Зохиолчдын Хорооны дарга, ГЯЯ-ны сайд байсан Л.Тойв гуай “Хоньчин хүү”, “Өвөл”, “Хоньчин”, “Баясгалант Зориг” зэрэг шүлэг, богино хэмжээний өгүүлэл, тэмдэглэл нэлээдийг бичиж, В.Катаевын “Хорооны хүү” роман, Б.Полевойн “Жинхэнэ хүний тууж”-ийг орчуулсан. Ч.Ойдов гуайтай хамтарч “Солонго” жүжиг бичсэн.

ГЯЯ-нд олон жил ажилласан Б.Дэмчигдорж гуай бас их бүтээлтэй хүн. Түүний зохиосон “Шинэ үсгийн сурах бичиг”-ийг хуучцуул ширээний номоо болгож байсан гэж ярьдаг. Тэрбээр А.П.Чеховын нэлээд өгүүллэгийг орчуулан “Сээхэлзүүр” хэмээх эмхтгэл гаргасан. ГЯЯ-ны орлогч сайд байхдаа Д.Чимиддорж “Зол заяа” шүлгийн түүвэр гаргаж, түүнээс бүр өмнө Германд ажиллаж байхдаа Хайнрих Хайнегийн яруу найргаас орчуулж “Шүлгүүд” гэдэг ном хэвлүүлсэн. Тэрбээр Сенегалийн шүлэгч Амаду Т.Диопын “Монголын нийслэл” шүлгийг орчуулаад:

“Үлгэрийн Сенегалийн

Үзэсгэлэнт тал шиг

Уудам тэнүүн Монголын

Улаанбаатар-гоё хот…”

байна шүү, догь байгаа биз гээд баярлаж байж билээ. Гвинейд суугаа ЭСЯ-нд орчуулагчаар ажиллаж байсан С.Адийхүү гэж авьяаслаг залуу “Кармен хүүхэн” цомнолыг франц хэлнээс орчуулж хэвлүүлсэн. Пхеньян дахь ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан Б.Сэдсүрэн “Солонгос ардын үлгэрүүд”, Хан Сер Я-гийн “Газар” роман, бусад нэлээд зохиол орчуулсан нь сайн орчуулгын жишээ болон үлджээ. ГЯЯ-нд ажиллаж хятад хэлээр мэргэшиж, Лү Синий “Үнэгэн харанхуйд” романыг орчуулсан (бусад нэлээд орчуулга, ярианы дэвтэр бий) Ө.Гүрсэдийгээ дурсъя. Бас нэг хүний тухай хэлэлгүй болохгүй нь. Чех хэлнээс уран зохиолын 10 гаруй ном, тухайлбал, Карл Чапекийн “Тожмой луутай тулалдсан нь” роман, Марие Маеровагийн “Үлгэрийн сайхан ном”-ыг орчуулсан Д.Алтангэрэл дипломат албанд олон жил ажилласан юм

-Ц.Гомбосүрэн сонгодог утга зохиолын орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг гэж “Монгол Улсын гадаад харилцаа” нэвтэрхий тольд тэмдэглэсэн байх юм билээ...

-Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн уран зохиолын орчуулгад хүч түрэн орж ирсэн нэгэн. Тэрбээр Э.Л.Войничийн “Соно”, В.Астафьевын “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр”, “Ф.М.Достоевскийн “Гэм, зэм”, “Солиот” роман, “Карамазовын хөвүүд” роман, Ильф Е.Петровын “12 сандал”, “Алтан тугал”, Л.А.Юзефовичийн “Цөмийн эзэрхийлэгч” роман зэрэг 20 гаруй сонгодог бүтээлийг хөрвүүлжээ. Уран зохиолоос гадна Карл Попперийн “Нээлттэй нийгэм, түүний дайснууд” хоёр боть орчуулах нүсэр ажил хийсэн. К.Поппер энэхүү номондоо цус асгаруулахгүйгээр нээлттэй нийгэм буюу ардчиллыг хамгаалж болох тухай өгүүлсэн байна. Ц.Гомбосүрэн хэсэг нөхдийнхөө хамт алдарт Оксфордын “Англи-монгол толь” зохиож хэвлүүлсэн, бас Коллинзын “Англи-монгол толь” бүтээсэн нь Монголын хэл шинжлэлийн амьдралд түүхэн үзэгдэл болсон гэж хэлэх учиртай.

-Та ер нь толгойдоо дажгүй “тэмдэглэл” хөтөлсөн хүн юм шиг байна шүү.

-Толгойд биш, тэмдэглэлд гол нь байгаа. Франц хэлнээс орчуулдаг, бас нийтлэл бичдэг, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Төмөрхүлэг гэж хүн бий. Тэрбээр “Бидний монголчууд”, “Үнэнийг эрсэн мэргэд” зэрэг нийтлэлийн ном бичиж, Дидрогийн “Гэлэнмаа”, Вольтерийн “Жамаараа яваа ертөнц”, Алжирийн “Юмгүй айлын хүүхэд”, Канюгийн “Этгээд хүн” зэрэг роман орчуулсан. Хамгийн гайхалтай нь, Гийом де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд зорчсон нь, 1253-1255” гэсэн эртний сонгодог түүх-тэмдэглэлийн зохиолыг эх хэлнээс нь орчуулж хэвлүүлсэн. Франц болон бусад хэлээр гарсан Монголын түүхийн холбогдолтой баримт бичгийн эмхтгэл орчуулж гаргав. Монтескьюгийн алдарт бүтээл “Хууль цаазын амин сүнс”-ийг ч орчуулжээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Чойнхор өөрийн утга уянгын шүлгүүдээрээ “Говийн сүүлт од” ном хэвлүүлсэн, бас В.Шекспирийн алдарт “Сонет” шүлгүүдээс нэлээдийг орчуулж, англи-монгол хэлээр “Сонетийн түүвэр” ном хэвлүүлэв. Цаашид “Сонет”-ийг бүгдийг орчуулах зорилго тавьж байгаа гэсэн. Ж.Чойнхор гэргий С.Майжаргалтайгаа хамтарч В.Шекспирийн алдарт “Макбет” жүжгийг орчуулж, театрт тоглуулсныг талархан тэмдэглэх ёстой. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Л.Удвал “Сэтгэлийн хөрөг” яруу найргийн түүвэр хэвлүүлж, С.Жаргалсайхантай хамт “Чингис хааны нууц түүх” роман туурвижээ. Элчин сайд П.Үржинлхүндэв Солонгосын яруу найрагч Те Ги Чений “Цаст цагаан Пэктусан уул” найраглал болон “Солонгос ардын үлгэрүүд”-ийг орчуулж хэвлүүлснийг дурдалтай.

-Ж.Гэндэндарам гэж нэг лут хүн бий...

-Дипломат албанд олон жил ажилласан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам “Авгай ханангийн цуурай”, “Насан намрын дуулал” зэрэг түүвэр хэвлүүлэв. Тэрбээр урьд өмнө “Таван сургамж”, “Ядуугийн зовлон”, “Шакундала”, “Номын мөр”, “Монголын байлдан дагууллын түүх” зэрэг ном орчуулсан, сүүлийн үед орчуулгын ажлаа улам эрчимж үүлж, “Ширирамчандраан тууж оршвой”, Брэм Чандын “Нэрэлхэх үйн гай” роман, Ажарья Шастрын “Сэтгэлийн шүүлэг” роман орчуулж хэвлүүлэв. Ж.Гэндэндарам Энэтхэгийн голдуу 30 гаруй ном орчуулсан байна. Элчин сайд Д.Чулуундорж Английн нэрт зохиолч Ж.Оруэллийн “Нэг мянга есөн зуун наян дөрөв” болон “Эзнээ сольсон нь” роман, Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Жозеф Стиглицийн “Даяаршил ба түүний сэтгэлд эс нийцэх нь”, Ж.Герберийн “Бизнесийн ташаарлыг залруулах нь”, Английн эрдэмтдийн хамтын бүтээл “Неолиберализмын өсөлт ба бууралт”, мөн “Хенри Киссенжер” зэрэг улс төр, нийгэм судлалын томоохон бүтээлийг орчуулж хэвлүүлжээ. Тэрбээр англи-монгол хэвшмэл хэллэг, хэлцийн толь бие даан бүтээснээс гадна бусадтай хамтран олон ном зохиол орчуулж хэвлүүлснийг дурдалтай.

-Д.Чулуундорж гуай чинь Хенри Киссинжерийн “Дипломат үйл ажиллагаа” номыг орчуулж нээлтэнд нь очиж байснаа санаж байна. Та бид хоёр “дипломатч-зохиолч, орчуулагчдын” тухай яриад байдаг. Гэтэл зохиолчдоос, орчуулагчдаас дипломатчийн алба хашсан хүн бас нэлээд олон бий шүү...

-Нэг “зүгийн” юм болохоор өөрийн чинь санаанд Т.Баасансүрэн, Х.Мэргэн нар юуны түрүүнд орж ирж байгаа биз дээ. БНПУ-д Элчин сайдаар ажилласан, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн “Тэрбумтан” роман, “Алтай”, “Нүдэн булаг” зэрэг арваад тууж, “Тал”, “Дэнгийн цагаан эрвээхэй” зэрэг өгүүллэг, “Элчин сэтгүүлчийн тэмдэглэл”, “Дэлхийг эзлэх Японы төлөвлөгөө”, “Хүн хөшөөний дууль” зэрэг Польш, Япон, Турк орноор явсан тухай нийтлэл, тэмдэглэл болон уран зохиолын гуч шахам ном бичсэн зохиолч. ОХУ-д суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Мэргэн Н.Заболоцкийн шүлгийн түүвэр, Л.Толстойн “Өсвөр нас” тууж, В.Шекспирийн шүлгүүд, В.Распутиний “Иваны ээж, Иваны дүү”, “Цуурхал”, А.Вознесенскийн “Авианы сүүдэр” зэрэг олон зохиол, за тэгээд олон арван кино зохиол хөрвүүлсэн, Монголын нэлээд зохиолыг гадаад хэлээр орчуулсан. Х.Мэргэн үнэхээр их бүтээлтэй хүн.

БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, ГХЯ-ндаа дипломат алба хашиж байсан, эдүгээ Тайванийн Тайбэй хотод суугаа Улаанбаатар хотын Төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн Я.Ганбаатар гэж бахархмаар уран бүтээлч бий. Тэрбээр “Сүнсний дуудлага”, “Тэнгэрийн ташуур” “Нангиадын сонгодог яруу найраг”, ”Их нүүдлийн түүх” гурамсан роман,” “Хүүхэн Шаньюй”, “Моодун Шаньюй” роман, “Юань улсын үед хятадаар бичиж байсан монголчуудын шүлгийн цоморлиг”, “Ляожайн өргөөнөө тэрлэсэн гайхам өгүүллүүд” зэрэг уран зохиол, орчуулгын ном болон “Хүнн үгийн түүх, соёл”, “Өвөг ба эртний монгол хэлний судалгаа”, “Нангиадын сонгодог утга соёлын товчоон” зэрэг эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн. Энэ онд гэхэд л Элчин сайд Г.Батсүхийн хамт “Их Гүрний нийслэл Хаанбалгас” ном хэвлүүлэв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан “Огт оргүйн толь”, “Хүйлэн хөх замлин” яруу найраг, нийтлэлийн ном хэвлүүлснээс гадна “Морьтынхон”, “Бат хаан”, “Доголон Төмөр” хэмээх түүхчилсэн нийтлэлийн нэг сэдэвт зохиолууд хэвлүүлсэн байна. Одоо БНПУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Дорж гэж яруу найрагч бий. Тэрбээр “Би чамд хайртай”, “Саруул тэнгисийн хөвөөнд”, “Намайг хөглөх орчлон”, “Нам гүмийн чимээ” гэх мэт яруу найргийн хэд хэдэн түүвэртэй.

-Бас нэг, бас нэг гэсээр байгаад та өөрийнхөө тухай мартаж байгаа юм биш биз?

-Өөрийнхөө тухай ярихаасаа өмнө бас нэг хоёр хүнийг хэлэлгүй болохг үй. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин З.Эрэндоо, эрдэмтэн багш, орчуулагч Н.Доржготов хоёр “Монголын нууц товчоо”-г монгол эхээс нь англи хэлээр орчуулж хэвлүүлэв. Үүнийг их мэдлэг, хөдөлмөр зүтгэлийн ялалт гэхээс аргагүй. Египетэд суугаа ЭСЯ-нд зөвл өхөөр ажиллаж байсан Баясгалангийн Баасансүрэнгийн судалгааны томоохон туурвил “Монгол угсаатнууд Египет, Ойрхи Дорнодыг эзэгнэж явахуйд (ХIII-ХIҮ Зуун)” номыг Монголын түүх судлалд чухал хувь нэмэр оруулсан бүтээл хэмээн түүхчид өндөр үнэлсэн байна. Одоо таны хүссэний дагуу өөрийн тухай хэдэн үг хэлье. Надад “Африк эхийн дуулал”, “Эвийн чулуу”, “Мянган хуурын эгшиг”, “Наадаж явснаа мартахгүй”, “Уулзахын ерөөл”, “Ээж хадны дуулал оршвой” гэхчилэн түүврүүд бий. Бас, Зөвлөлт Орос Улсад суусан анхны бүрэн эрхт төлөөлөгч (Элчин сайд) Ж.Даваа гуайн тухай “Гүүр” найруулал, Хичээнгүй сайд Б.Цэрэндорж гуайн тухай “Дээгүүрээ алдваас аюултай”, “Анчин гуяа ганзагалах муухай” зэрэг найруулал, “Монголын дипломат албаны Алтан аргамж Африкийн зүг сунав” дурдатгал, дипломатч, зохиолч Д.Цэвэгмид гуайн тухай “Зөвөөр бурууг, зөөлнөөр хатууг ялагч”, их орчуулагч Б.Дашцэрэн гуайн тухай “Монгол уран орчуулгын аксакал” хөрөг найруулал, Дипломат албаны тухай “Төрийн алтан аргамж” баримтат телекино зэрэг бүтээл бий. Орчуулгын хувьд Англи, Америкийн хүүхдийн шүлгийн түүвэр, өөрийн орчуулгын түүврийг “Орчуулгын чуулгын Баян бүрд” нэртэй хэвлүүлсэн. Английн их яруу найрагч Ж.Чосер (1340-1400)-ийн зохиол Эзэн Чингис хааны тухай “Дээдсийн үлгэр” хэмээх туульсын найраглалыг орчуулж монгол, англи хэлээр хоёр дэвтэр хэвлүүлснээс гадна уг зохиолыг худам монгол бичгээр англи эхтэй нь хамт нэг дэвтэр болгон гаргасан.

Дашрамд хэлэхэд, Их эзэн Чингис хааны тухай “Дээдсийн үлгэр” туульсын найраглал, “Хубилай хаан” шүлгийн орчуулгыг Өвөрмонголд гардаг “Дэлхийн утга зохиол” сэтгүүлд нийтэлсэн байна. Америкийн их зохиолч Эдгар Аллан По-гийн “Доголон Төмөр” найраглалыг орчуулж нийтлүүлсэнд уншигчид ам сайтай байгаа. Оросын их эрдэмтэн, зураач, соён гэгээрүүлэгч Н.К.Рерихийн түүхэн домогт үндэслэн туурвисан “Жолоодогч” шүлгийг орчуулж “Өнөөдөр”, “Утга зохиол, урлаг” сонинд саяхан нийтлүүлэв. Энэ нэлээд адармаатай зохиол тул Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхч Ц.Ишдоржоор дэлгэрэнгүй тайлбар бичүүлсэн болно.

-Манай дипломатчид өндөр мэдлэг, соёлтой, гадаад орнуудаар явж юм үзэж, нүд тайлсан улс байдаг. Тэд зөвхөн уран зохиол, орчуулга төдийгүй ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд том хувь нэмэр оруулж байдаг хүмүүс. Үзсэн харснаа хүмүүст хүргэх гэсэн хүсэл нь тэднийг үзэг, цаас нийлүүлэхэд хүргэдэг байх. Бас эзэмшсэн хэл нь “хатгаад” орчуулга руу зүглүүлдэг байж таарна.

-Ж.Самбуу гуай Элчин сайд байхдаа бичсэн “Малчдад өгөх зөвлөгөө”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр нарын “Дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс” сурах бичиг, М.Дүгэрсүрэн, Ц.Гомбосүрэн нарын “ХХ зууны Монгол Улсын гадаад бодлогын түүхэн тойм” ном, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.ЦэдэнИш гуайн Монгол Улсын дархан хилийн түүх судалгааны ном, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Б.Будын “Консулын алба” гарын авлага, Г.Дүгэрээгийн “Англи хэлний хэлц үгийн толь” гэхчлэн манай дипломатч нарын номуудыг энд дурдаж барахгүй. Дурдатгалын номоо бичсэн ахмад дипломатч С.Лувсан, Д.Адилбиш, П.Шагдарс үрэн, Д.Балжинням, Бу.Дашцэрэн, С.Дамбадаржаа, Д.Ёндон, Д.Лхамсүрэн (эмэгтэй) …гээд дурдаад байвал маш ихийг ярина.

Элчин сайд Ж.Ломбо “Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, нэгэн жаран” хэмээх судалгааны номыг монгол, солонгос хэлээр хэвлүүлэв. Египет Улсад суугаа манай Элчин сайдын Яамны дипломат ажилтан Хажекбер Көкен Египетийн түүхч Мустафа Таха Бадрын 1939 онд нийтлүүлсэн “Лалд учирсан их гамшиг буюу Багдадын Халифат монголчуудын гарт мөхсөн нь” номыг орчуулсан нь манай түүхчдийн анхаарлыг татсан бүтээл болсныг хэлье. Манай дипломат ажилтан Д.Моононцагаан эрдэмтэн Конрад Зайцын зохиол “Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна” номыг орчуулж гаргасан нь улстөрч, түүхч, эдийн засагч нарын маш чухал судлагдахуун, “боловсролтой хүн бүрийн заавал унших ном” болжээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД