Европыг АНУ “хүйтэн дайн” руу түлхэж байна

2014 оны 12 сарын 25

Европын орнуудын дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож, европчуудыг хүйтэн дайнд татан оруулахыг эрмэлзэж байна гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Вашингтоныг зэмлэв. Украинаас үүдэж Орос, Америкийн хооронд хүйтэн дайн үүсэж буй, бид түүнд оролцох ёсгүй гэж тэрбээр үзэж байгаа аж. Европын орнуудын дотоод хэрэгт Америк хөндлөнгөөс хошуу дүрж байгаа төдийгүй Төв Европын орнуудын улс төрийн амьдралд гар бие оролцож байна гэж Орбан хэлжээ. Америк, Унгарын харилцаа сүүлийн үед сайнгүй байгаа юм. Унгарын төрийн зургаан албан хаагчийг авлигын хэрэгт АНУ буруутган өөрийн нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг нь хориглосон.

БНН-аас сонгогдсон сенатч Жон Маккейн Унгарын Ерөнхий сайдыг Оросын гар хөл болсон “шинэ фашист дарангуйлагч” гэж нэрлэсэн удаатай. Тэгвэл Орбан авлигын асуудлыг хэн ч итгэхгүй “домог”, Маккейний дайралтыг Унгарын тусгаар тогтнолд заналхийлж буй явдал гэж үзсэн. Америк бол дэлхийд ганцаар ноёрхох зорилготой улс гэж Орбан үздэг аж.

Р.ЖАРГАЛАНТ