ТЭДНИЙ ТҮНЖИН ХАГАРАВ УУ, ЭСВЭЛ ЭВ ТҮНЖИНТЭЙ БАЙСАНГҮЙ ЮҮ

2014 оны 12 сарын 18

  Герман улс орчин үеийнхээ түүхийн хамгийн гэрэл гэгээтэй баяр болох Берлиний ханыг нураасан өдрийг арваннэгдүгээр сарын 9-нд тэмдэглэсэн юм. Хүйтэн дайны хамгийн тод илрэл болсон зүйл 25 жилийн өмнөөс алга болж Өрнөдийн болон коммунист лагерийн дунд хуваагдсан Герман улс нэгдэх үйл явц эхэлсэн билээ. Одоогийн ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель энэ үйл явдалд маш идэвхтэй оролцож байв.

Ангела Меркель химич-эрдэмтэн байх үедээ Эрдэм шинжилгээний хүрээлэн рүүгээ очих зам нь Берлиний хананы хажуугаар өнгөрдөг байсан бөгөөд түүний цаана Баруун Германы хүмүүсийн дуу сонсогдож байсныг дурссан нь бий. Ханыг нураасны дараа бүх юм тэр дороо эргэлт буцалтгүй өөрчлөгдсөн тухай Меркель ярьсан байдаг. Шинэ Герман улс эрх чөлөөний талаарх мөрөөдлөө хэрэгжүүлж эхлэх нь тэр.

Оросын одоогийн удирдлага яагаад ч юм бэ энэ үйл явдалд баярлаад байдаггүй аж. Энэ хананы цаана зүүн Германы 130 гаруй хүн амиа алдсан юм. 1989 онд тухайн үеийн ЗХУ-ын тэргүүн Михаил Горбачёв Берлинд танк оруулж, Баруун Германаас тусгаарласан хилийг нээхийг шаардсан хүмүүсийн жагсаалыг нухчин дарахыг зөвшөөрсөн бол үүнээс хавьгүй олон хүний амь хохирох байсан нь эргэлзээгүй. Тиймээс ч Украины хямралыг 1989 оны арваннэгдүгээр сарын 9-ний үйл явдлын далиу тусгал гэж Германд үздэг байна. Үүнийг Германы “Die Welt” сэтгүүл “Горбачёвын үед Германд ирээгүй танк Путиний үед Украинд явж байна” гэж дүрслэн бичжээ.

Оросын танкууд Украинд орж ирснийг нотлох баримт байхгүй ч гэсэн Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний Украинд явуулж байгаа бодлогыг Германы олон нийт хэрхэн үзэж буйг энэ харьцуулалт яалт ч үгүй тусгаж байгаа юм. Энэ мэдрэмжийг “Өнгөрсөн явдал буцаж ирж байна” гэсэн үгээр илэрхийлж болмоор. Путинийг Меркель чухамхүү ингэж мэдэрснээ өнгөрсөн онд Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай үдийн зоог барихдаа ярьсан аж. Тэрбээр Путинтэй герман хэлээр ярилцаж байхад БНАГУ-ын нууц цагдаа (Штази)-гийн ажилтантай ярьж байгаа мэт санагдаж байсан гэж Меркель хэлсэн байдаг. Путинийг ингэж тодорхойлсон тухай Украины хямралаас өмнө Германы улс төрийн хүрээлэлд ярьдаггүй байв. Оросын удирдагчтай харилцах аргаа Меркель олохгүй удах тусам анд нөхөд гэдэггүй юм гэхэд биенээ сайн ойлгодог түншүүд хэмээн удаан хугацаанд үзсээр ирсэн энэ хоёр улстөрчийн харилцааны талаарх тийм ч таатай бус мэдээлэл Германы хэвлэлд гарах нь нэмэгдээд байх боллоо.

Путин, Меркель хоёрын хооронд ан цав гарсан нь Берлиний ханыг нураасны 25 жилийн ойгоор илт болсон юм. 1989 оноос өмнө Ангела Меркель БНАГУ-ын ШУА-ийн Онолын химийн хэлтэст ажиллаж байв. Хана нурмагц академи ч байхаа больж, ганц намын буулганд дассан химич эмэгтэй намын ажил сонирхох боллоо. Тэгээд одоо Меркель өөрөө толгойлж буй, Христосын ардчилсан холбоо намтай 1990 онд нийлсэн “Ардчилсан цохилт” намын хэвлэлийн нарийн бичгийн дарга болов. Владимир Путин 1980-аад оны эцсээр Дрезден хотод ЗХУ-БНАГУ-ын найрамдлын ордны захирал гэсэн халхавч дор ажиллаж байлаа. Түүний намтар номд бичсэнээр бол Берлинний ханыг нураасан нь түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн төдийгүй Зөвлөлт тогтолцоо өмхөрч, аврах аргагүй болж буйг харуулжээ. Хойтон жил нь Путин Ленинграддаа эргэн ирж, Гүйцэтгэх захиргааны дарга байгаад хожим нь хотын захирагч болсон Анатолий Собчакийн дэргэд ажиллах болов. Энэ явдал нь Путин улс төрийн шатаар өгсөх эхний гишгүүр нь байлаа. Оросын Ерөнхийлөгч, Германы Канцлер хоёрын төстэй байдлыг Зөвлөлт тогтолцоо тодорхойлдог. Тэд хоёул гадаад байдлаараа сэтгэлийн хөдөлгөөнгүй улстөрч. Меркель сургуульд орос хэл заалгаж байсан ч одоо хэр нь түүнд тийм ч сайн биш.

Харин Путин Дрезденд байхдаа герман хэл сайн сурсан аж. Тэднийг мэдэх хүмүүсийнх нь гэрчилснээр хэлмэрчид нь ямар нэг бэрхшээл тохиолдвол Орос, Германы удирдагчид германаар ярьж байснаа оросоор ярьж эхэлдэг гэсэн. Путин, Меркель хоёрын харилцаа хэзээ ч нөхөрсөг байгаагүй гэж Германы хэвлэлүүд одоо хэзээ хэзээнээс илүү бичих боллоо. Тэд 2000 онд анх нүүр учирч, хоёр жилийн дараа Кремльд уулзжээ. “Suddeutsche Zeitung” сонинд бичсэнээс үзвэл Путин “өөрийг нь шалгаад” байх шиг тэр үед Меркельд санагдсан аж. Меркель тэр үед Германы сөрөг хүчний улстөрч байлаа. Сонгуульд ялж, Канцлер болсон Меркельтэй албан ёсоор танилцах уулзалтаа яаж эхлэхээр Путин шийдсэнийг Германы гадаад хэргийн салбарынхан мартаагүй байж таарна. Хүүхэд байхдаа нохойд хазуулснаас Меркель түүнээс айдаг болсныг нь сайн мэдсэн Путин Москвад түүний хийсэн эхний хоёр айлчлалын үеэр энэ байдлыг нь ашигласан байна. 2006 онд Меркелийг Кремльд анх ирэхэд нь ОХУ-ын Ерөнхийлөгч түүнд хилэн хар нохой бэлэглэжээ. Гадаад бодлогын зөвлөх Кристоф Хойсген нь тэр тоглоомон нохойг ухасхийн шүүрч авч эвгүй байдлаас Меркелийг аварсан гэдэг. 2007 онд эрчим хүчний төслүүдийн талаар ярилцахаар Меркелийг Сочид ирэхэд Путин барьцаа ахиулж албан ёсны хэлэлцээр дээр өөрийн Кони нэрт лабрадор үүлдрийн нохойгоо авч очсон аж.

Уулзалт ярианы туршид том хар нохойг ажиглаж зүүн дээр суусан юм шиг байгаа Канцлерийн байдлыг дэлхийн бүх томоохон хэвлэлийн фото зурагчид хальсандаа буулгаж авсан байдаг. Путиний энэ “наргиан” Меркелийн Москвад хийсэн анхны айлчлалын хөтөлбөртэй холбоотой гэсэн таамаг бий. Тэгэхэд Канцлер Оросын сөрөг хүчнийхэн, иргэний хөдөлгөөнийхөнтэй өөрийн ЭСЯ дээр уулзсан юм билээ. Америкийн Элчин сайд Майкл Макфолын 2012 онд хийсэн анхны албан ёсны уулзалтыг хэрхэн зэвүүцэж хүлээн авсны адил энэ удаад ч Москва мөн зэвүүцсэн хэрэг. Сөрөг хүчнийхэнтэй хийсэн уулзалт нь Элчин сайд Макфолын Москвад зохион байгуулсан анхны арга хэмжээ нь болсон бөгөөд үүнийх нь төлөө Оросын төрийн талын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд “улбар шар хувьсгал” зохион байгуулах гэлээ хэмээн шүүмжилж өгсөн юм. Үүнээс зургаан жилийн өмнө Меркель ийм алхам хийсэн, тэгэхдээ ямар ч байсан эхлээд Кремльд хэлэлцээр хийсэн. Тиймдээ Меркель төр, засгаа өмөөрдөг Оросын хэвлэлүүдийн зүгээс суртал нэвтрүүлгийн шуурга тавиулалгүй харин албан ёсны түвшинд Кремлийн зүгээс “нохойгоор” ёгт дохио өгүүлээд өнгөрсөн биз ээ. Хариу барих боломж долоон жилийн дараа, өнгөрсөн оны зургадугаар сард Санкт-Петербург хотод айлчлах үеэр нь Меркельд тохиов.

Путин, Меркель хоёрыг Эрмитажид “Хүрлийн зуун, Хил хязгааргүй Европ” үзэсгэлэн үзүүлэхээр Оросын Ерөнхийлөгчийн засаг захиргаа төлөвлөсөн байлаа. Энэ үед Путин үг хэлэх, Меркель тэгж төлөвлөөгүй байжээ. Хэрэв бүх зүйл Кремлийн төлөвлөснөөр болсон бол энэ нь дипломат үйл ажиллагааны томоохон ялалт болох байлаа. Учир нь Дэлхийн II дайны үед нацист Германаас Зөвлөлтийн цэргүүдийн авчирсан эд зүйлсийг энд дэлгэж тавьсан байв. Урлагийн эдгээр бүтээлийг эргүүлж өгөхийг Берлин шаардаж байсан аж. Гэтэл үг хэлэх боломж олгохгүйг нь мэдчихээд Меркель уг арга хэмжээнд оролцохоос татгалзав. Эцэст нь түүнийг үг хэлэхийг Путин зөвшөөрч байж Оросын удирдлага эвгүй байдлаас гарсан аж. Москва, Берлин хоёрын харилцан буулт хийх эрмэлзлийг санаандгүй огцом харуулсан энэ явдал тухайн үеийн хоёр улсын харилцааг тодорхойлсон гэж хэлж болно. Кремль эмзэг хүлээн авахыг нь мэдэх хэрнээ Орост хүний эрх зөрчиж байгаа, “Russy Riot” хамтлагийнхныг шоронд хорьж буй хийгээд Михаил Ходорковскийн талаар хэлэх гэснээ Меркель энд хэлж чадсан юм. Путин ч түүнтэй хийх уулзалтад хугацаа алдаж ирэхдээ энэ нь Берлинтэй тогтоосон харилцаанд нь сүүдэр тусгахгүй гэдэгт итгэлтэй байв.

Орос Германы харилцаанд Украин гол хүчин зүйл болдог болохоос өмнө ийм харилцан ойлголцлоо Путин, Меркель хоёр хадгалсаар байлаа. 2013 оны арваннэгдүгээр сард Вильнюст болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалт дээр Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг Европын холбоотой худалдааны хамтын ажиллагаа байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурна гэж Европын улстөрчид хүлээж байв. Гэтэл Янукович татгалзлаа. Дээд хэмжээний уулзалтын үер улстөрчид албан бусаар ярилцаж буйг хальсанд буулгаж авснаас үзвэл Меркель, Януковичид дөхөж очоод “Бид танаас арай их юм хүлээж байсан юмсан” гэж англиар хэлэхэд Янукович “Асар хүчирхэг Оростой улаан нүүрээр 3.5 жил...” гэж хариулсныг Меркель хэлмэрчийн тусламжгүйгээр ойлгожээ. Удалгүй Украинд Европыг талархагчдын жагсаал болж, Януковичийн дэглэм унаж, Крымийг Орост нэгтгэж, Донбасст дайн эхэлсэн нь Путин, Меркель хоёр өөрсдөө ч анзаараагүй байсан үзэл бодлынх нь ялгааг ил гаргаж орхив. Берлиний ханыг нураасны дараа энэ хоёр улстөрчийн өөрсөддөө хийсэн дүгнэлт даанч хол зөрүүтэй байлаа. “Хүйтэн дайн” эцэс болсны дараа Европын холбооны бодлогод ер бусын нөлөөтэй болсон АНУ-д түшиглэх Европын шинэ чиг хандлагад тулгуурлан өөрчлөлт хийж, шинэ Герман улсыг бий болгох, тэгэхдээ боломжийн хэрээр бие даах эрмэлзэлтэй байхаар Меркель шийдэв. Крымийг өөртөө нэгтгэх хүртэл нь Оросыг шүүмжлэхгүй байхыг тэрбээр хичээж байв. Түүний амьдрахыг хүсэж буй Европт Путин амьдрахыг хүсэхгүй байгааг Крымийн дараа Меркель ойлгожээ.

ЗСБНХУ задарсан нь XX зууны хамгийн эмгэнэлт явдал гэж үздэгээ Путин хэзээ ч нууж байсангүй. Берлиний хана нурснаас хойш ЗХУ-ын алдсаныг Орост буцааж авчирч “алдаагаа засах” мөрөөдлөө биелүүлж эхлэх боломжийг Украинд болсон үйл явдал Путинд олгов. Крымийг Орост нэгтгэсний дараа гуравдугаар сард Путин 1989 оны Берлиний тухай ярьж, юуны түрүүнд германчуудад хандав. Тэрбээр гуравдугаар сарын 18-нд Холбооны хурал дээр үг хэлэхдээ “ХБНГУ, БНАГУ-ыг нэгтгэх асуудлаар улс төрийн яриа хэлэлцээ болж байх явцад зөөлнөөр хэлбэл шинжээчийн гэж болох боловч маш өндөр дээд түвшинд Германы холбоотон байгаа болон байсан бүх улсын төлөөлөгчид энэ үзэл санааг дэмжсэн юм биш. Харин үндэстнийхээ эв нэгдлийг хадгалах гэсэн германчуудын чин сэтгэл, тогтоон барьж дийлэмгүй хүслийг хоёрдмол санаагүйгээр манай улс дэмжсэн. Үүнийг та бүхэн мартаагүй гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн эв нэгдлээ сэргээх гэсэн орос хүмүүсийн эрмэлзлийг Герман иргэд мөн дэмжинэ гэж найдаж байна” гэж хэлсэн билээ. Путиний учирлалыг хүлээн авахаас Меркель татгалзав. Тэрбээр гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярихдаа “Путин бодит байдлаас тасарч, өөрийнхөө ертөнцөд л амьдрах болж” гэж хэлсэн байна.

Берлиний ханыг нураасны ойн баярт хүндэт зочноор оролцсон Михаил Горбачёв Путин, Меркель хоёрыг эвлэрүүлэхээр шийдсэн гэх мэдээлэл Германд хөөрхөн шуугиан тарив. Өнгөрсөн сарын 8-нд болсон “Шинэ бодлого” чуулган дээр тэрбээр үг хэлжээ. Горбачёвын хувьд дэлхий дахин болон Европт шинэ аюул учруулна гэж үзэж буй Украины хямралд түүний үг бүхэлдээ зориулагдсан байна. ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч асны бодлоор бол “хүйтэн дайн” зогссоноос хойших Өрнөдийн “ухаангүй бодлогыг” шүүмжилж Путиний Валдайд хэлсэн үгийг Европ, Герман юуны урьд анхаарч үзэх хэрэгтэй аж. Путиний үзэж буйгаар АНУ өөрийгөө аль болохоор дөвийлг өхийг эрмэлзэж, “хүйтэн дайнд” өөрийгөө ялсан хэмээн тунхаглаж, ЗХУ задарсны дараах Орос улсын эрх ашгийг тун бага хайхрах болсон байна. Энэ нь өнөөдөр Европын тогтвортой байдлыг аюултай үр дагаварт хүргэж буй гэнэ. Москвагийн үгийг сонсож, Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо цуцлахыг Горбачёв уриаллаа. Шинэ “хүйтэн дайн” ойртож байгааг Горбачёв анхааруулсныг Берлинд хүмүүс гайхан хүлээж авав. ЗХУ-ын Ерөнхийл өгч асан урьд нь Путинийг ихэвчлэн шүүмжилдэг байсан юм.

Герман-Оросын чуулганы эрдэм шинжилгээний захирал Александр Рар сэтгүүлчтэй ярилцахдаа “Германыг нэгтгэхэд асар их хувь нэмэр оруулсан Горбачёв одоо ухарсан байна. 1989 оны бодит үйл явдлыг Германд ч, Орост ч гуйвуулж байгаа нь харамсалтай. Энэ нь манай хоёр улсыг улам холдуулж байна” гэж хэлжээ. Арваннэгдүгээр сарын 10-нд Ангела Меркель Гобачёвтай уулзсан юм. Энэ уулзалт хаалттай болсон. Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайбертийн мэдэгдсэнээс үзвэл тэд Герман, Оросын харилцааны хэтийн төлөв, Украин дахь хямралын талаар ярилцжээ. Өөрөөр хэлбэл, ЗСБНХУ-ыг сэргээх бодол Оросын одоогийн тэргүүнд байхгүй гэдэгт Меркелийг итгүүлэхийг Зөвлөлтийн удирдагч асан оролдсон бололтой.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД