ЯПОНД ЭРХ БАРИГЧ ЭВСЭЛ СОНГУУЛЬД ЯЛАВ

2014 оны 12 сарын 16

 Өнгөрсөн ням гаригт болсон Японы Парламентын доод танхимын сонгуульд эрх баригч эвсэл нийт суудлын гуравны хоёроос илүүг авчээ. Энэ эвсэлд дайнаас хойших түүхийн ихэнх хугацаанд эрх барьж ирсэн ЛАН, буддын шашинтнуудын байгуулсан Комейто нам ордог байна. ЛАН-ын төлөөлөл Ерөнхий сайд Шинзо Абэ телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Эдийн засгаа хөгжүүлэхэд Засгийн газар анхаарна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нь чухал асуудлуудын нэг байх болно” гэж хэлжээ. Тус эвсэл 475 суудлын 325-ыг нь авсан аж. Гол сөрөг хүчин АН 70 депутаттай байх нь. Энэ сонгуульд ялснаар Абэгийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийн өөрчлөлт хийх, атомын цахилгаан станц сэргээн ажиллуулах, Үндсэн хуулиа эргэж харах боломж бүрдэж буй юм. Сонгогчдын 52 хувь саналаа өгсөн нь дайны дараах хамгийн доогуур үзүүлэлт гэнэ. Хоёр жилийн өмнө 59 хувь нь сонгуульд оролцож байжээ.

Р.ЖАРГАЛАНТ