Украины хүсэлтийг биелүүлэхээс ИНТЕРПОЛ ТАТГАЛЗАВ

2014 оны 12 сарын 10

Украины Ерөнхийлөгч байсан Виктор Януковичийг Киевийн хүсэлтээр эрэн сурвалжлахаас Интерпол татгалзав гэж тус улсын ерөнхий прокурор Виталий Ярема сэтгүүлчдэд ярьжээ. Украинд төрийн эрх мэдэл өөр хүчний гарт шилжсэний дараа Янукович болон өөр хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Янукович хийгээд Дотоод хэргийн сайд байсан Виталий Захарченко, ерөнхий прокурор асан Пшонка, бусад хүмүүсийг эдийн засгийн, эрүүгийн тэр дундаа хүн амины хэрэгт сэжиглэж буй аж. Януковичийг буруутгаж Украины эрх баригчдын гаргаж өгсөн нотлох баримтыг Интерпол хангалтгүй гэж үзэж буйгаа өнгөрсөн наймдугаар сард тайлбарласан юм байна.

Виктор Янукович Украин орноосоо гарч явснаасаа хойш Оросын Дон дахь Ростов хотноо хэд хэдэн удаа мэдээлэл хийж байсан юм. Тэрбээр амь насанд нь аюул учрах гэж байснаас аргагүйн эрхэнд зугтсан гэж ярьсан байдаг. Янукович болон Украины төрийн албан хаагч байсан бусад хүмүүс одоо хаана байгаа нь тодорхойгүй. Януковичийг Киевт өгөхгүй гэж ОХУ-ын Ерөнхий прокурорын газар энэ оны дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан билээ.

Р.ЖАРГАЛАНТ