БУРУУ ХҮМҮҮЖСЭН ХҮҮХЭД БУХЫН ХҮЗҮҮНЭЭС ХАТУУ

2014 оны 12 сарын 09

Лоренс Маккол гоё сайхан юманд татагддаг болох нь бага наснаас нь илэрсэн байна. Хичээлээ хайхралгүй музей, үзэсгэлэнгээр хэсүүчилнэ. Дэлхийн уран зургийн хосгүй нандин эрдэнэсийн өмнө хэдэн цаг ч зогсож чадна. Нэгэн зураг сэтгэлд нь ихэд нийцсэнээс түүнээс салахгүй байх арга хайж олжээ. Өөрөөр хэлбэл түүнийг хулгайлж, өөрийн болгосон аж. Удалгүй бас нэг зурганд “дурлав”. Цаашдаа гурав дахь удаагаа сэтгэл алдарлаа. Нэг мэдсэн чинь Лоренс нийлбэр дүнгээрээ 300 мянган долларын үнэтэй 20 гаруй зурагтай болчихсон байв. Ийм эрсдэлтэй “ажлыг” ийм балчир насандаа тэр хүү яаж хийж чадаа вэ? Маш түвэггүй. Ханан дээрх зургийг жаазнаас нь салгаж аваад дээс оосроор дамжин цонхоор буучихсан байна. Тийм ч зоволгүй олсон олзоороо ашиг орлого олохоор тэр шийдэв. Тэгэхдээ хулгайлсан зургийг аль тааралдсан мухлагт тавьж болохгүйг хэн ч мэдэх юм хойно мань Лоренс Нью-Йорк руу Sotheby’s дуудлага худалдааны газрын ажилтнуудтай утсаар ярьж, худалдах зорилгоор хэд хэдэн зураг тавьж болох эсэхийг лавлаж “болно” гэсэн хариу авав. Маккол зургуудаа зарж, 16 настайдаа 300 гаруй мянган доллартай болоод Филадельфид тансаг сууц, ногоон өнгийн “Ягуар” машин авч, үнэт эдлэлээр гангарлаа. Гэтэл гурван жилийн дараа түүнийг 19 нас хүрээд байтал Холбооны мөрдөх товчоо (ХМТ) баривчлахаар шийдвэрлэжээ.

Хүүгийн байгуулсан “гавьяаг” жагсаан бичье гэвэл Дэлхийг бүслүүрээр нь ороочихоор цаас хэрэгтэй болохоор байсан ч зургуудыг чухам Маккол хулгайлсныг хэн ч нотолж чадахгүй байлаа. Харин хулгайлсан барааг тээврийн хэрэгсэл ашиглан дуудлага худалдаа руу илгээсэн гэх цорын ганц баримт байв. Тэгээд Макколд 15 жилийн ял өгсөн ч гурван жил болоод л гараад ирж. Жонатан Лебед бүр 13 настайгаасаа эцэг эхийнхээ зөвшөөрснөөр бирж дээр тоглож эхэлсэн байна. Тэгэхдээ энэ үйл ажиллагааны нарийн ширийнийг нь мэдэх, учрыг нь олох гэж эхлээд чармайлгүйгээр мань эр цахим ертөнцөд олон зуун хуурамч данс нээж, шинээр гарч ирж буй үнэт цааснуудын алин дээр нь мөнгөө яаралтай байршуулах хэрэгтэй талаар хэрэглэгчид зөвлөж гарчээ. Санаа нь маш энгийн. Тэрбээр бараг үнэгүй шахам хуудсуудыг ялихгүй үнээр худалдаж аваад тэднийгээ хааяагүй тарааж, хүмүүс өөрийнх нь зөвлөгөөгөөр ажиллах эсэхийг нь хүлээгээд суучихна. Өөртөө ашиг олохын тулд худлаа хэлнэ гэж хэний толгойд орох билээ, хүмүүс тэр дороо л харилцагч нь болцгоов. Лебедийн санал болгосон хувьцааг нэлээд хэдэн итгэмтгий хүн худалдаад авсны дараа тэдний үнэ огцом өсөж, хүү ч асар их ашиг олох болов. Тухайлбал, тэрбээр Firetector компаний хувьцааг ширхэг тус бүрийг нь 2.45 доллараар худалдаж авчээ. Тэгээд энэ үнэт цаасны өртөг дор хаяж 20 доллар хүртэл өснө гэх мэдээллийг цацаж орхив. Гэнэн хүмүүс интернэтийн танилдаа итгэснээс Лебед 19 мянган долларын цэвэр ашиг олсон байна. Ийм байдлаар таван сар болоход Лебед 800 мянга шахам доллар хуримтлуулчихсан байв. Яг энэ үед Үнэт цаасны Комисс түүнийг сонирхох болжээ. Энэ комисс биржүүд болон санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулдаг хууль, дэг журмыг сахиулж, хөрөнгө оруулагчдыг залилан мэхлэгчдээс хамгаалах үүрэг хүлээдэг байжээ.

Ийнхүү 15 настай Жонатан Лебед Хөрөнгийн бирж дээр залилан хийж шүүхийн хаалга татсан хамгийн залуу хүн боллоо. Гэхдээ энэ хүү нунж дорой нэгэн биш байсан тул нүүрээ улайлгаж, нусаа татан “дахиад ингэхг үй” гэсхийн хамар дороо бувтнаж зогссонгүй сөрөг довтолгоо хийсэн байна. “Ухаантай хүүг” нь ямар нэг Комисс гээч юм буруутгахаар зүрхэлж буйд уур нь хүрч, уушги нь сагсайсан эцэг нь ч “миний хүү энэ бүхнийг өөрийн хөдөлмөрөөр бий болгосон” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Хүү минь нүсэр их ажил хийсэн. Тэр бусдын адил хаачсан нь мэдэгдэхгүй алга болоогүй, мансууруулах бодис татаагүй, согтууруулах ундаа хэрэглээгүй, машины дугуй хулгайлаагүй” гэсэн үндэслэл эцэг нь хэлжээ. Байдлаас нь үзвэл “дугуй хулгайлах нь тун ч түвэггүй ажил” гэж Лебедийн эцэг үздэг байсан бололтой, чухам үүнийг бусдаас онцолж хэлсэн аж. Хамгийн сонирхолтой нь энэ үндэслэл “байгаа онож” эцэст нь 500 мянган долларыг дансанд нь үлдээж, 285 мянган долларыг нь Лебедэд буцааж өгчээ. Мэтью Уигмен төрөлхийн сохор аж. Байгаль эх хараа заяагаагүй хүндээ сонсгол хайр найргүй бэлэглэдэг жамтай бололтой. Энэ хүү телефон утасны сүлжээний эмзэг газрыг олоод эвдэлчихдэг, тэгэхдээ утсаар үнэгүй ярьж, бусдын яриаг чагнаад байж болдог болгоод өгдөг хачин ажилтай компанитай холбогдож орхижээ. Тэгэхэд хүү 11 настай байж.

Тэрбээр ер бусын сонсголтой учраас утсыг залгаж байхад гарах авиагаар нь дугаарыг нь мэдээд цээжилчихэж чаддаг байв. Түүнээс гадна хүний дуу хоолойг гайхалтай адилхан дуурайж чадна. Тийм болохоор дарга нь болж хэрэгтэй хүнтэйгээ яриад ямар ч мэдээлэл олоод авчихаж дөнгөдөг байлаа. Мэтью хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг “Спринт” компанийн ерөнхий оператор руу залгаад албаны яриаг нь сонсож, зээлийн картын дугааруудыг нь хулгайлаад найзууддаа тараагаад өгчихжээ. Тэд нар нь хүүхэд л юм болохоор компьютерээс аваад өөрсдөдөө хэрэгтэй ер юу эсийг худалдаж авах билээ. Харин Метью бол ердийн нэг залилан мэхлэгч биш, тэрбээр хүүхэд гэмээргүй энтэй хөдөлж байв. Дараагийнхаа үйл ажиллагааг цагдаагийн байгууллага руу утасдаж өөрийн дургүй хүм үүсийн хаягаар тусгай зориулалтын хүчнийхнийг дуудахад Мэтью чиглүүлэв. “Дайсныхаа” гэрээс утасдаж байгаа хүн болж “жүжиглэхдээ” хүмүүс барьцаалсан гэх мэт сүртэй хэрэг болж байгаа мэтээр ярьж, баг өмсөж, автомат буугаар зэвсэглэсэн залуусыг даруй илгээнэ үү хэмээн хүснэ. Энгэр зөрүүлэх саналыг нь хүлээж аваагүй охины эцэг ийм нэг дуудлагын объект болсон аж.

Эцэст нь хууль хяналтын байгууллагынхан Мэтьюг 18 настай болохыг хүлээхээс өөр арга зам олсонгүй. Хүлээсэн цаг болоход хараагүй залууг баривчилж, 11 жил шоронд хорих ял оноосон байна. Америкийн Огайо муж улсад амьдардаг 14, 12 настай хоёр охин нэгэн хэрэг үйлджээ. Арай эгч нь банкны мөнгө хураагч руу дөхөж очоод мөнгө өгөхийг шаардсан бичиг өгчээ. Тэрбээр юүдэнтэй хувцас өмссөн байсан болохоор камерын хяналт ямар ч тус болсонгүй. Дүү нь энэ үед гадаа, үүдэнд зогсож байв. Ийм тохиолдолд хэрхэн хандах тухай зааврыг мөнгө хураагч мөрдөн, байгаа бүх мөнгөө өгөөд охиныг гармагц цагдаа руу утасджээ. Кинонд бол тэр дороо цагдаагийн ажилтан хүрч ирээд, ямар нэг сэжүүр олж, эцэст нь дээрэмчдийг илрүүлж, мөнгийг буцаан өгөх байсан биз. Харин өгүүлж буй үйл явдал киноных биш болохоор ХМТ бүхий л хүчин чармайлтаа гаргаж, нохойгоор мөрдүүлж, нисдэг тэрэг хөөргөөд ч охидыг олсонгүй. Тэдний нэрийг одоо хэр нь мэдэхгүй байгаа гэсэн. Английн Эссекс гүнлэгийн оршин суугчид өөрсдөд нь нүүрлэсэн айхтар гэмт хэргийн давалгаанд өртөн зургаан жил амар заяа үзсэнгүй гэнэ.

Энэ хугацаанд олон зуун байшинд дээрэмчид орж, учруулсан хохирол сая сая фунтээр хэмжигдэх болсон байна. Эндхийн гэмт хэргийн түвшин 500 хувиар нэмэгдээд байсны ард Бредли Вернхам гэх өсвөр насны ганц банди байсан аж. Орон байр, идэш уушийн газрын хаалгыг нь эвдлэн ордог гэмт хэргээ энэ хүү 12 настайгаасаа үйлдэж эхэлжээ. Бүр давраад сүм рүү ч орох болж. Нэг хоёр жил өнгөрөхөд нөгөөх чинь үнэтэй машин хулгайлж унах болсон байна. Цагдаагийн байгууллага хөөцөлдсөөр байж гартаа оруулж авахад 15 удаа хэрэг үйлдсэн байв. Энэ тоо түүнд хэтэрхий чамлалттай санагдсанаас дээр нь 645 үйлдэл нэмэхийг хүссэн аж. Ингээд 660 хэрэг “үйлдсэн” болов. Гэлээ ч тэр хүүхэд л юм чинь… Вернхам үүнээс хойш удалгүй өөр хотод шилжжээ. Хоёр сар өнгөрөв үү, үгүй юү тэндхийн гэмт хэргийн үзүүлэлт огцом нэмэгдсэн байна. Харин энэ хотын цагдаа нар хэргийг газар авахуулалгүй, гэмтнийг бариад авч. Тэгээд 150 цаг нийгмийн хөдөлмөр эрхлэх шийтгэл оноов. Дараа нь түүнийг татвар төлөгчдийн мөнгөөр коллежид суралцуулах болжээ. Бредли яагаад ч зөв зам руу орохгүй байлаа. Хэдхэн сарын дараа хулгай хийгээд дахин баригдав. Түүнийг таван жил шоронд хорих болсон ч 15 сар болоод дараагийн хэргээ үйлдэхээр гараад иржээ…

Р.ЖАРГАЛАНТ