ХКН-ын түүхэнд авлигын хамгийн том “акул”-ыг илрүүлэв

2014 оны 12 сарын 08

  ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Чоу Юнканыг намын эгнээнээс хөөснийг Хятадад зарлав. Энэ хүн 2012 он хүртэл ХКНын удирдлагад улс төр-эрх зүйн салбарыг төлөөлж байгаад намаас хөөгдтөлөө НАХ-ын сайдаар ажиллаж байв. Түүнийг хөөх шийдвэрийг Улс төрийн товчооны хурлаас гаргажээ. ХКН-ын Сахилгын төв комисс шалгаад Чоу Юнкан “улс төр, зохион байгуулалт, нууц хадгалах журмыг” ноцтой зөрчсөнийг тогтоосон аж. Мөн төрийн нууц задруулсан ч гэж үзсэн гэнэ. Сахилгын төв комиссын дүгнэлтэд “тэрбээр албан тушаалаа өөр хүмүүсийн эрх ашигт зориулж, гэр бүлийнхээ хүмүүсээр дамжуулан томоохон хахууль авчээ” гэж өгүүлсэн байна. Түүнд бичсэнээр бол төрөл садан, анд нөхөд, нууц амрагаа бизнес эрхлэхэд нь албан тушаалын эрх мэдлээ ашиглан тусалж, улсад ихээхэн хохирол учруулжээ. Түүний үйлдэл нь намын нэр хүндийг унагаж, нам, ард түмний үйлсэд үлэмж хор хүргэсэн гэж үзсэн байна.

Чоу Юнкан өнгөрсөн зууны 90-ээд онд Хятадын нефть, хийн үндэсний корпорацыг толгойлж байсан болохоор энэ салбараас түүний хэрэгт олон хүн холбогдох төлөвтэй байгаа гэнэ. Түүнийг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Чунцин хотын намын байгууллагыг удирдаж байгаад өнгөрсөн онд бүх насаараа хоригдох ял авсан Бо Силайн ивээлд байсан хэмээн бас сэжиглэж байгаа аж. Чоу Юнкан ХКН-ын түүхэнд шүүхийн хаалга татаж байгаа хамгийн өндөр албан тушаалтан болж байна. Аюулаас хамгаалах системд очсоноосоо хойш халдашгүй хүн гэж тооцогдож явжээ. Одоо бол авилгын асуудлыг нэг тийш нь болгохыг зорьж буй эрх баригчдын бүрэн хяналт дор түүний хэргийг шийдвэрлэх нь эргэлзээг үй. Си Зиньпин 2012 онд төрийн эрхэнд гармагцаа авлигатай тэмцэх нь өөрийн бодлогынх нь гол хандлага байхыг зарласан бөгөөд үүний тулд эрх мэдлийг төвлөрүүлэх, нам, төрийн албан хаагчдын сахилга, дэг журмыг чангатгахыг чармайж ирсэн юм. Энэ тэмцэл бүх шатыг хамарч буй. Тэр ч бүү хэл гадаадад байгаа хятад хүмүүсийг ч тэмцлийн гадна үлдээхгүйг хичээж байна. Ийм зорилгоор “Үнэгний ав” нэртэй ажиллагаагаа нэгэнт эхэлсэн. Харин үүнээс болж тус оронд айдас хүйдэс нэлээд нэмэгдэж буй бололтой.

Төрийн ажилтнууд амиа хорлосон явдал энэ онд олон гарчээ. Авлигын элдэв хэлбэр Хятадын нийгмийн байгууллын эд эсэд асар гүнзгий нэвтэрснээс төрийн ямар ч түвшний албан хаагч хариуцлага хүлээж мэдэхээр болоод байгаатай энэ нь холбоотой юм байна. Гэхдээ хууль ноёлох учраас хэлмэгдэл бий болохгүй гэж үздэг аж. Харин Берлин хотод төвтэй, хүний эрхийг хамгаалдаг “Transparensy internationаl” байгууллагын үзэж буйгаар бол Хятадад хэвлэлийн эрх чөлөө, авлигын талаар мэдээлэл өгч буй иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой системийн өөрчлөлтийг хууль тогтоох үйл ажиллагааны хүрээнд хийх шаардлага бий болоод байгаа гэнэ.

Р.ЖАРГАЛАНТ