Хэрэгжүүлээгүй хууль, мөрдөөгүй стандарт

2016 оны 05 сарын 05

Нэг алхаад л тааралддаг сурталчилгааны самбар, нэг үеэ бодоход харьцангуй цөөрч, цэгцэрч, дэвшилт технологид шилжиж байгаа. Гэхдээ гудамж, талбайг “чимдэг”, нүд эрээлжлэм хаягууд төдийлөн сайжирсангүй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газар, албан байгууллагууд хаягаа алдаатай, харь хэлээр бичсэн байхтай хааяагүй л таардаг.

Энэ талаар аль аль талд ярьж, хууль тогтоомж, уриалга гаргах зэрэг янз бүрийн оролдлого хийдэг боловч бүрэн шийдэгдэж, цэгцэрсэн нь үгүй. Хаанахын аль гудамжинд ямар хэмжээтэй, өнгө зүстэй, юу гэж бичсэн хаяг байх ёстойг тусгаж, түүнийгээ хэрхэн дагаж мөрдвөл зохихыг заасан хууль, журам, стандарт манайд цөөнгүй юм билээ, уг нь.

ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ ХУУЛЬ, МӨРДӨӨГҮЙ СТАНДАРТ


Хаягжуулалтын тухай, Монгол хэлний болон Хот байгуулалтын тухай хуульд хотын гудамж, талбай дахь барилга байшингуудын хаяг ямар байх ёстойг тусгасан байдаг. Өнгөрсөн онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 6.1.7-д л гэхэд “Газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягийг монгол хэлээр бичнэ” гэж заажээ. Уг нь энэ зүйл заалтыг өнгөрсөн оны долдугаар сараас хэрэгжүүлэх ёстой байсан ч өдгөө хотын гудамжаар хэсэг алхахад л хэр биелж буйг нь харж болохоор.

Тус хуульд зааснаар бол орон нутгийн засаг захиргаа нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд мөрдүүлж, гудамж, талбай, албан байгууллагын нэр хаягийг үндэсний бичиг болон кириллээр бичиж хэвших ажлыг зохион байгуулах учиртай гэнэ.

Энэ талаар хотын удирдлагууд анхаарч, гудамж болон сургууль, цэцэрлэгийн дугаар, хаягийг адил хөх өнгөөр ижилсүүлэх болсон. Гэхдээ л олон мянган эрээн “юмнууд” нүд хужирласан хэвээр. Хүн болгон нөхцөл боломждоо тааруулаад, бас хүсэл сонирхолдоо нийлүүлээд янз бүрийн хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй хаяг өлгөчихсөн байгаа юм. Зарим нь хаяг, сурталчилгаа гэхээсээ илүү хотын өнгө үзэмжийг гутаагч шиг л харагдана. Бас тэр хаяг дээрээ гадаадын нэртэй одод, брэндүүдийн лого, нэрийг хүртэл дур мэдэн ашиглах нь олонтаа. Олон улсад бол ийм үйлдэл гаргавал хууль бус, том хэрэгт унана.

Бас явган хүний зам дагуу (зарим нь авто замын нэг хэсгийг ашиглах нь ч бий) хаяг бүхий самбар байршуулж, “Үсчин. 100 метр” гэхээс гадна нийтийн бие засах газар, зурагчин хаана байгааг зарлан мэдээлсэн байна. Нэг байшин дотор нэлээд хэдэн байгууллага байлаа гэхэд бүгд байшингийнхаа гадна, энд тэнд нь, өөр загвараар хаяг хийлгээд хадчихна. Стандартынхаа дагуу бол байшингийнхаа гадна нэг самбарт, бүгд нэгдсэн журмаар хаягаа бичүүлэх учиртай аж.

Дээр дурдсан олон асуудлыг Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5283:2014, Нэгдсэн хаягжуулалт, хаягийн бичвэрт тавих шаардлага MNS 6275:2016 стандартаар шийдэж, зохицуулах ёстой. Гэхдээ бас л өмнөх хуулиуд шиг олонд танигдаагүй, нийтээр мөрдөөгүй хэвээр байна. Олон талаас нь хуульчилсан ч угтаа бол “Цаашид, цагийн эрхээр сайжрах байх” гээд хойшлуулж болохгүй ажил байлтай. Бас өдий төдий хууль журам гаргалаа ч хэрэгжүүлэхгүй бол юуны хэрэг байх вэ. Бид “Дугаарын онцлох сэдэв”-тээ хаягийн стандарт, түүний хэрэгжилтийн талаар хөндлөө.

Ч.МӨНХЗУЛ

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Э.ДАВААХАТАН: Нүдэнд харагдахуйц өөрчлөлт гарахад хугацаа, олон талын оролцоо хэрэгтэй

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны реклам, мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Э.Даваахатантай ярилцлаа.

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын гадна хаяг, мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага бий юү?

-2014 оны есдүгээр сард Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан “Гадна хаяг, мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага” бий. Түүнд хаягийг хот төлөвлөлт, архитектурын шийдэл, явган болон авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэл бичгийн стандарт, шаардлагад нийцүүлэн барилгын хана, гудамж, талбай болон бусад орон зайд байрлуулах, буулгах тухай заасан. Харин бичвэрийг нь кириллээр алдаагүй бичих ёстой бөгөөд уйгаржин бичгээр бичиж болно.

Шаардлагатай нөхцөл буюу бараа бүтээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан, гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг бол англиар бичиж болно. Гэхдээ энэ нь уйгаржин бичгийн доор байрлаж түүнээс хоёр дахин бага өндөртэй байх эсвэл, кирилл бичгийн зүүн гар талд, түүнтэй ижил өндөртэй байрлуулж болох юм.

-Нэг байранд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хаягаа нэг самбар дээр бичихээс гадна ерөнхий нэрээ монгол бичгээр бичнэ гэсэн ч хэрэгжүүлэхгүй байна?

-Тухайн барилгын ерөнхий нэршлийг уйгаржин бичгээр бичнэ гэдэг нь уриалга юм. Түүнээс биш заавал биелүүлэх албагүй. Харин ямар байгууллагууд түүн дотор байрлаж буйг заавал кирилл болон англи хэлээр бичих ёстой. Бид хэд хэдэн оролдлого хийсэн боловч яах аргагүй хугацаа шаардагдаж байна. Гадна зар сурталчилгааны шинэчилсэн журам 2013 онд гарч, нэгдсэн мэдээллийн байгууламжийн талаарх ойлголт бий болгосон.

Түүнээс хойш хэд хэдэн байгууллага хаягаа нэгдсэн байдлаар нэгэн жигд хэмжээтэй самбар дээр хадсан. Энэ бүхэнд нүдэнд харагдахуйц өөрчлөлт гарахад хугацаа, олон талын оролцоо хэрэгтэй.

-Хэрэв гаднах хаягаа барилгын хананд байрлуулах боломжгүй бол хэрхэн шийдэх вэ?

-Өөрийн барилга объектын хана, дээвэрт байрлуулах боломжгүй эсвэл, тухайн барилгын байрлал үзэгдэх орчинд хязгаарлагдмал бол нийтийн эзэмшлийн гудамж талбайд хаяг, мэдээллийн самбараа байрлуулж болно. Гэхдээ тодорхой шаардлагыг биелүүлэх ёстой. Тухайлбал, зөвшөөрлийг тухайн дүүргийнхээ Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авна.

Мөн тухайн самбарыг байрлуулахдаа автомашин болон явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, үзэгдэх орчин хязгаарлахгүй байх ёстой. Ойролцоогоор явган замаас нэг метрийн зайд байрлуулна гэсэн үг. Үүнээс гадна барилга, объект дээр хаягийн самбараа байрлуулахдаа зэргэлдээ барилгынхаа цонх, хаалга, үзэгдэх орчныг хязгаарлах ёсгүй.

-Гэхдээ гудамж, талбайд стандарт нийцдэггүй жижиг хаяг байрлуулдаг зөрчил арилаагүй. Хэзээ арилгах вэ?

-Үүнийг цэгцлэх үүднээс нэлээд ажил хийж, нэгдсэн загварын санаа баталсан. Тодруулж хэлбэл, байршил заасан жижиг самбарыг нэгдсэн загвартай болгоно. Загварын санааг гаргахдаа тухайн гудамжных нь хэв маягт нийцүүлнэ. Түүнээс биш хот даяар ижил өндөр, өргөнтэй хаягийн самбар байна гэж хатуу шаардахгүй. Эхний ээлжинд Зайсан, Чингисийн өргөн чөлөөний хаягийн самбаруудыг шинэчлэхээр төлөвлөсөн.

-Хаягийн самбарт өөрт нь тавигдах шаардлага бий юү?

-Гадна эсвэл дотор гэрэлтүүлэгтэй байх, түүнийг байрлуулах барилгын даац, гадна фасадны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байна гэсэн шаардлага бий. Үүнээс гадна нэг барилгад олон аж ахуйн нэгж байдаг бол тэднийг хэрхэн хаягаа байрлуулахыг тодорхой заасан.

Тухайлбал, тэдний хаяг, мэдээллийн байгууламжийн овор хэмжээ нь жигд өндөрт байрлаж, ижил өнгийн дэвсгэр дээр лого болон бичгийг тус тусын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн байрлуулна. Мөн аль нэг байгууллага солигдох, мэдээлэл нь шинэчлэгдэх үед түүнийг хялбар өөрчилж болох шийдэлтэй байна.

-Гудамж, талбайн хаягжилт муу байна гэдэг.

-Хүмүүсээс гудамжны нэршлийг мэдэхгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Үүнээс болоод хайж буй байгууллагаа олохгүй будилах нь бий. Тиймээс бид гудамжны нэршил бүхий мэдээллийн самбар хийхээр төлөвлөж, ажилдаа орсон. Тус самбар 80х25 сантиметрийн хэмжээтэй байх бөгөөд гудамжны нэрийг ногоон дэвсгэр дээр цагаан өнгөөр бичнэ. Мөн нэрийг кирилл, англи хэлээр бичих бөгөөд уулзваруудад самбар байрлуулна. Самбарыг гэрлийн шонд байршуулна. Хэрэв гэрлийн шон нь тохиромжгүй бол өөрөөс нь шонтой хийнэ.

Г.ЦЭЦЭГ

ИНФОГРАФИК


Гудамжинд ийм хаягийн самбар байрлуулдаг болно

Нэг дор байрладаг олон байгууллага нэгдсэн хаягтай болсноор орон зай болон зардал хэмнэдэг давуу талтай. Гадаадын улсууд ийм аргаар хотын өнгө, үзэмжээ сайжруулж, сул зардлыг хэмнэдэг байна. Гэвч Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд модон хүрээ бүхий хулдаасан хаягийн самбар энд тэндгүй байрлуулдаг. Тэгвэл Улаанбаатар хотын захиргаа үүнийг цэгцлэхээр төлөвлөж, гудамжинд байрлуулах самбарын урьдчилсан загварыг гаргажээ.

Лед гэрэл бүхий уг рекламны самбар нь бетон суурьтай байх юм. Акрилан нүүр нь 25 сантиметр өндөртэй бөгөөд урагшаа төвгөр байх аж. Загварыг батлахдаа хаягийн нүд болон өнгийг өөрчлөх магадлалтай гэнэ.

Г.БАЯР

ДЭЛХИЙН ЖИШИГ

Хаяг, сурталчилгааны самбар нь гудамжны өнгө төрхийг

дээшлүүлэхүйц байх ёстой


Нийтийн эзэмшлийн зам талбай нь хотын өнгө үзэмжийг тодорхойлдог. Тиймээс сурталчилгааны самбар, хаягийг зөвхөн хулдаасан хэвлэл төдийхнөөр ойлгож болохгүй. Хотын гудамжны өнгө төрхийг дээшлүүлэхүйц байх ёстой. АНУ болон Европын улсууд үүнд маш их ач холбогдол өгдөг аж. Тэдгээр улс барилга байгууламж, үйлчилгээний газруудын гадна хаяг, сурталчилгааны самбар байрлуулахдаа автомашин болон явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, үзэгдэх орчин хязгаарлахгүй байх, замын байгууламжаас нэг метрээс багагүй зайд байрлуулдаг байна.

Мөн авто зам, инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэхээр төлөвлөж байгаа газарт байрлуулахгүй байх ёстой байдаг аж. Гадна хаяг, мэдээллийн самбар нь заавал гаднаа гэрэлтүүлэгтэй байх ёстой. Гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг газрын гадна хаяг, мэдээллийн самбарын бичвэр англи хэлээр байж болно гэсэн журамтай байдаг аж. Англи хэлтэй улсуудын гудамж, талбайн нэр маш тодорхой, гаргацтай байдаг.

Манай нийслэлийн гудамж, талбайд байрлуулсан сурталчилгааны самбар, хаяг нэгэн жигд бус, гадаад хэл дээр эрээлжлүүлэн бичих нь энгийн үзэгдэл, эмгэнэлт явдал болсон. Манайх шиг замбараагүй гудамжтай улс бол Солонгос. Тус улсын үйлчилгээний газруудын хаягжилтын 80 хувь нь гадаад хэл дээр байгаа тухай судалгаа бий. Мөн дэлгүүр, хоолны газар, үсчин, кино театрууд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахын тулд гадаад үг хэллэг бүхий хаяг өлгөдөг байна.

Үүнээс гадна барилга байгууламжийн оноосон нэр гадаад хэл дээр байх нь түгээмэл бөгөөд гоо сайхны бараа, эмнэлэг, гар утасны үйлчилгээ болон телевизийн нэвтрүүлгүүдэд оноосон нэрний дийлэнх нь гадаад нэртэй, эсвэл гадаад, солонгос үгийн холимог байгаа аж. Дээрх байдалд солонгос бичиг, үсэг судлаач эрдэмтэд дүгнэлт хийж, яаралтай арга хэмжээ авахыг анхааруулж байгаа гэнэ.

А.ХАЛИУН

БАЙР СУУРЬ

-Аж ахуйн нэгжүүдийн хаяг, сурталчилгаа ямар байх шаардлагатай талаар мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.

БАЙГУУЛЛАГУУДЫН ХАЯГ, СУРТАЛЧИЛГААГ ШАЛГАНА

Н.Нарангэрэл (Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга)

-Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монгол хэлний тухай хуулийн 6.1.7-д “Газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаягийг монгол хэлээр хөтлөн явуулна”, 21.7.6.-д “Газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох, эсэх асуудлаар санал, дүгнэлт гарган, нутгийн өөрөө удирдах байгууллагад илгээх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2016-2017 оны төлөвлөгөөнд Улаанбаатар хотын хаяг, сурталчилгааг ШӨХТГ, нийслэлийн МХГ-тай хамтран шалгахаар тусгасан.

Шалгалтын үр дүн гарсны дараа өмнөх стандартаа шинэчлэх, эсэхийг шийдэх юм. Одоогоор бид судалгаагаа боловсруулж байна. Дүгнэлт гарсны дараа хаягуудад стандарт тогтоох, цаашид ямар байхаа шийднэ гэсэн үг. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас журам боловсруулсан. Бид энэ журмыг мөрдөн ажиллахыг сануулсан бичиг аж ахуйн нэгжүүд рүү явуулж байна. Монгол хэлний тухай хууль зөрчсөн хүмүүст хариуцлага хүлээлгэх, торгох ажлыг ШӨХТГ хариуцаж байгаа.

ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ЗАГВАР, ХЭЛБЭР ХЭМЖЭЭ, ӨНГИЙГ ХҮРТЭЛ ЗААДАГ

Ч.Пүрэвдулам (Стандартчилал хэмжилзүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулах газрын мэргэжилтэн)

-Хаяг, сурталчилгааны бичиг, хэмжээнд тодорхой хэдэн шаардлага байдаг. Тухайлбал, кирилл, монгол бичиг, англи хэлээр хосуулан бичнэ гэсэн шаардлага бий. Монгол, гадаад хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэн ч бай хараад ойлгох нэгдсэн тэмдэг, тэмдэглээ зайлшгүй хэрэгтэй байна. Олон улс ийм нэгдсэн стантарттай байдаг. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээтэй адил, тодорхой бичихийг Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавигдах ерөнхий шаардлагад заасан.

Энэ стандарт 2014 оны гуравдугаар сарын 5-наас хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл ихэнх үйлчилгээний байгууллага хаягаа гадаад хэлээр бичсэн байдаг. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээний загвар, хэлбэр хэмжээ, өнгийг заасан байдаг ч хэрэгжүүлдэг газар тун цөөн. Мөн Нэгдсэн хаягжуулалт MNS 6575:2016 стандартыг энэ оны хоёрдугаар сарын 2-ноос мөрдөж эхэлсэн.

СТАНДАРТЫН ДАГУУ БИШ, ХҮССЭНЭЭР НЬ ҮЙЛДВЭРЛЭДЭГ

Н.Одгэрэл (“Yes” хаяг, чимэглэлийн компанийн менежер)

-Манай компани 1999 онд байгуулагдсан. Хаяг, реклам чимэглэл, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хугацаанд маш олон газрын хаяг, реклам хийсэн. Гэхдээ ямар нэг стандартын дагуу биш, тухайн хүний хүссэнээр үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн үед монгол бичгээр хаяг бичүүлье гэсэн хүн цөөнгүй ирэх болсон. Монгол бичгийн фонтой.

Үг, үсгийн алдаатай зар, хаяг олширсныг хэвлэх үйлдвэртэй холбож ярьдаг. Тухайн хүн ямар текст авчирч өгнө, үүнийг нь бичиж өгдөг. Гэхдээ тухайн байгууллага өөрийн стандартад нийцсэн хаяг, рекламаа биднээр хийлгэдэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.