Ц.БАЙДРАГ: 30 насны төрсөн өдрөөрөө бүл нэмсэн минь хамгийн том бэлэг байсан

2016 оны 05 сарын 05

“Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Ц.Байдраг өнөөдөр 40 нас хүрч байна. Тэрбээр яг одоо үзэгч, сонсогчдоо баярлуулахаар хамтлагийнхантайгаа баруун аймгуудад аялан тоглолтоо хүргээд явж буй. Хөгжим бүжгийн коллежийг төгсөн, эзэмшсэн мэргэжил, сонгосон стильдээ үнэнч яваа түүний “Санаж байна уу”, “Гурван жил” зэрэг хит дууг хүмүүс андахгүй мэднэ биз ээ. BDRG дуу бичлэгийн студиэ байгуулсан тэрбээр өнгөрсөн хугацаанд 80 гаруй цомог, 13 киноны хөгжим бичсэн гэнэ.

Түүнд уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн баярын мэнд хүргэлээ.

-Та төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө л тэмдэглэдэг дээ. Хэрэв хотод байж таарвал хамгийн түрүүнд ээждээ очиж баярын мэнд хүргэдэг. Сүүлийн жилүүдэд дандаа л гадаадад юм уу орон нутагт аялан тоглолттой таараад байгаа.

-Санаанаас тань гардаггүй төрсөн өдрийн баярын тухай дурсамжаас хуваалцаач?

-Сүүлийн таван жил төрсөн өдрөөрөө тоглолттой байсан. Манай хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ах маань тайзан дээрээс мэндчилгээ дэвшүүлж, ерөөлийн үг хэлдэг юм. Тэр л хамгийн сайхан бэлэг дээ.

-Ямар бэлэг авах дуртай вэ?

-Сэтгэл гаргаад бэлэглэсэн бүхэн л сайхан шүү дээ. Тийм ийм гэж онцолж хэлэх зүйл байхгүй ээ.

-Тэгвэл энэ өдөр авч байсан хамгийн сайхан бэлэг юу вэ?

-Миний 30 насны төрсөн өдрөөр манайх бүл нэмсэн юм. Миний амьдралдаа авсан хамгийн том бэлэг байлаа.

-Өнөөдөр баяраа хэрхэн тэмдэглэх вэ?

-Манай хамтлагийнхан өчигдөр Увс аймгаас Ховдод ирлээ. Өнөөдөр энд тоглолттой. Тэгэхээр бас л тайзан дээр баярлаж таарах нь. Тоглолт 23.00 цагийн үед л дуусах байх. Баяр тэмдэглэх манатай л ядраад, эртхэн амрахаа бодох байх даа.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.