Д.ЖАРГАЛСАЙХАН: “РИО 2016”-д оролцох тамирчдын эм, витаминжуулалтын зардал өмнөх олимпоос хоёр дахин нэмэгдсэн

2016 оны 05 сарын 05

“РИО 2016” зуны олимпын 31 дэх наадам яг гурван сарын дараа эхэлнэ. Монголын баг тамирчид үүнд хэрхэн бэлтгэж байгаа талаар Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Бразилийн Рио-де-Жанейро хотноо удахгүй болох олимпод оролцоход манайхан бэлэн үү. Одоо хэдэн эрх аваад байгаа билээ?

-2012 оны Лондоны олимпын дараа бид Үндэсний шигшээ багаа шинэчлэн байгуулсан. Тэр үеэс л олимпын бэлтгэл эхэлсэн гэж хэлж болно. Одоо үлдсэн тэмцээнүүдээс олимпын эрхээ нэмж авах, тамирчдын бэлтгэлийн торгон ир тааруулах үе дээрээ явж байна. Олимпын дэвжээнд “тулалдахад” манайхан бэлэн.

Одоогоор Монголын тамирчид спортын зургаан төрөлд 19 эрх аваад байна. Үүнд чөлөөт бөхийн ес, боксын дөрөв, буудлагын гурав, байт харваа, таэквондо, хүндийг өргөлтийн тамирчид маань тус тус нэг эрхээ албан ёсоор авсан. Жүдо бөхийн тамирчдын хувьд олимпын эрхийн оноогоо цуглуулж байгаа. Тэмцээнүүд нь ч дуусаагүй байгаа тул тэдний нэрсийг зургадугаар сард Олон улсын жүдо бөхийн холбоо болон Олон улсын олимпын хорооноос эцэслэн зарлана. Тиймээс Монгол Улсын авсан олимпын 19 эрх дээр жүдо бөхийн төрөл хараахан нэмэгдээгүй.

-Тэгэхээр саяхан Монголын жүдо бөхийн холбооноос олимпод оролцох тамирчдын нэрсийг зарласан нь албан ёсных биш байх нь ээ?

-Жин тус бүр дээр Монголоос оролцох тамирчдаа жүдо бөхийн холбоо нэрлэсэн. Гэхдээ энэ нь олимпын эрхээ шууд авч байна гэсэн үг биш л дээ. Харин тухайн жинд Монголоос энэ тамирчин орно шүү гэдгээ мэргэжлийн холбоо ойлгомжтой болгон хэлж байгаа хэрэг. Жүдо бөхийн 14 жин бий. Тэдгээрээс хэдэн жинд эрх авах, эсэх нь одоогоор эцэслэн тодорхой болоогүй байна. Мэдээж бидэнд бол барагцаа тоо байгаа.

Хөнгөн атлетикийн хувьд Монголын дөрвөн тамирчин марафон гүйлтийн төрөлд олимпын болзлоо хангасан байгаа. Мөн усанд сэлэлтийн төрөлд манайхаас хоёр тамирчин цагаан хуудсаар оролцоно. Энэ хоёр төрөлд хэн хэн гэдэг тамирчид олимпод оролцохыг долдугаар сард зарлана. Одоо жүдо, чөлөөт бөх, байт харваа, бокс, хөнгөн атлетикийн төрлөөр олимпын эрх олгох тэмцээнүүд бий.

Тиймээс бид энэ удаагийн олимпод 33-35 тамирчнаа оролцуулах зорилт, төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2008 оны Бээжингийн олимпод манай улс 28 эрх авч байсан бол Лондонд 29 эрхтэйгээр оролцож байлаа. Олимпын эрх авна гэдэг амаргүй. 2008-2012 он буюу өмнөх олимпын дөрвөн жилийн мөчлөгт нэг л эрх нэмэгдсэн байгаагаас үүнийг харж болно.

-Олимпын топ хэдэн төрлөөс гадна бусад спортоо зэрэг хөгжүүлэх тухай их ярьдаг. Энэ удаагийн олимпод манайх шинээр ямар төрөлд эрх авсан билээ?

-Таэквондо, хүндийг өргөлтийн төрөлд Монголын тамирчид анх удаа олимпын эрх авлаа. 2012 оны сүүлчээр Үндэсний шигшээ багийг шинэчлэн байгуулахад таэквондог сонгон, хөрөнгө хүч зарцуулсан нь дөрөвхөн жилийн дотор үр дүнгээ өгч, олимпын эрх авсанд баяртай байгаа. Учир нь тэр үед миний бие Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга байсан тул Ц.Оюунгэрэл сайдтай ярилцаж байгаад энэ шийдвэрийг гаргасан түүхтэй.

Одоо манай шигшээ багт ганц л легионер дасгалжуулагч байгаа нь таэквондогийнх. Дэлхийн аварга болж байсан солонгос хүн бий. Багийнхнаа амжилттай бэлтгэж, олимпын эрх авахуулсан энэ дасгалжуулагчийг саяхнаас шигшээ багаас албан ёсоор цалинжуулж эхэлсэн. Энэ мэтээр зөв сонголт, төлөвлөлт, хамтын ажиллагаа, төрийн дэмжлэг бүгд цогцоороо байсны хүчинд олимпын эрхийг ийнхүү олноор авч байна. Энэ бол манай салбарын ажлын нэг чухал үзүүлэлт юм.

-Эдийн засгийн хямралтай байгаа энэ хүндхэн үед төр, засгаас олимпын баг тамирчдаа хэр дэмжиж байна вэ?

-Санхүүгийн хувьд хаа сайгүй хэцүү байгаа ч Монгол Улсын төр, засаг олимпын наадамд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Үүний илрэл нь Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороог Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө удирдаж байгаа. Яам, төвийн хэмжээнд шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлыг ч тэрбээр шийдэж өгч байна. Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ч бидэнтэй байнгын холбоотой ажиллаж буй. ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаар удирдуулсан “Олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсэг” шуурхай ажиллаж байна.

Хэдийгээр улс орон эдийн засгийн хямралтай байгаа ч Бразилийн олимпын наадамд бэлтгэх ажлын хүрээнд манай байгууллагын төсөвт туссан санхүүгийн асуудлыг ЭМСЯ, Сангийн яамны хамт олон, Төрийн сангийн удирдлага танаж хасалгүй, биднийг ойлгон дэмжиж байгаад тамирчид, дасгалжуулагчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Олимпын эрх олгох олон төрлийн тэмцээн, гадаад, дотоодын нэгдсэн бэлтгэлд шигшээ багийн тамирчид маань цаг алдахгүй, санаа зовохгүй оролцож байгаа нь төр, засгийн дэмжлэгийн ач тус яах аргагүй мөн.

-Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн ажил өдийд ид буцалж байгаа болов уу. Бразилд болох олимп манайхны хувьд цаг агаарын өөрчлөлт, цагийн зөрүүнээс эхлээд дасан зохицохоос аргагүй нэлээд хүндхэн шалгууруудтай. Энэ мэт асуудлыг та бүхэн хэрхэн зохицуулахаар төлөвлөж байна вэ?

-Манай төвийнхөн чинь тамирчдыг олимпод бэлтгэх халуун тогооны ажлыг хийдэг хүмүүс шүү дээ. Нийт 71 ажилтантай. Урьд нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустай ажиллаж байгаад одоо ЭМСЯ-ны харьяа төв нэртэй төсвийн байгууллага болсон. Олимп болон паралимпийн спортын 17 төрөлд 125 тамирчин, 36 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Цаашид манай төвийг урьдын адил бие даасан агентлагийн статустай болгох шаардлагатай байгааг олон хүн хэлдэг.

Социализмын үеэс л бие даасан статустай байсан байгууллага шүү дээ. Аль нэг яамны харьяа төв гээд нэр оруулаад орхих бус, мэргэжлийн удирдлагатай, мэргэжлийн хүмүүс нь мэддэг зүйлээ өөрсдөө хийгээд явдаг болбол тамирчдын амжилтад ч нөлөөлнө гэж боддог.

Олимпын нарийн ширийн бэлтгэл, гол асуудлыг Үндэсний шигшээ багийн хэлтэс удирдан зохион байгуулж байгаа. Рио-де-Жанейрог зорих тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүсийн зардал, онгоцны хуваарь, тасалбар, ёслолын болон бэлтгэлийн хувцас захиалан хийлгэх, татан авчрах, Бразилд очоод олимпын өмнөх бэлтгэлийн нэгдсэн бааз байгуулж ажиллуулах бэлтгэл гээд маш олон ажилтай бужигнаж л байна. Ялангуяа энэ удаагийн олимп Өмнөд Америкт болох учраас “яах бол” гэсэн түгшүүр олон хүнд байгаа.

Өмнө нь манайхан экваторын бүслүүрээс урагш байдаг Австралийн Сиднейд болсон олимпоос ганзага хоосон ирж байсан гашуун сургамж бий. Гэхдээ тэр үеийг бодвол одоо Биеийн тамир, спортын тухай хууль гараад, гол гол төрлүүд маань төрийн ивээлд орчихсон тул бас ч гэж учиртай. Бид Бразилд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур очиж, олимпын бэлтгэл ажилтай танилцсан. Тэгээд Рио-де-Жанейро хоттой ойролцоо Волта Редонда гэдэг хотод бэлтгэлийн нэгдсэн бааз байгуулж, олимп болохоос 10 хоногийн өмнө бокс, жүдо, чөлөөт бөх, таэквондогийн тамирчдаа бэлтгэл хангагч нартай нь аваачиж, уур амьсгал, цагийн зөрүүнд нь дасан зохицуулахаар санамж бичиг байгуулаад ирлээ.

Одоо нарийвчилсан гурван төрлийн гэрээ хийх ажилдаа ороод байгаа. Спортын холбоодтойгоо ярилцан, хэдэн тамирчин явах саналыг нь авч байна. Бразилд байгуулах олимпын өмнөх бааз дээр хоолны мэргэжилтэн, тогооч хоёр авч явах юм. Тэд монгол тамирчдынхаа хоол хүнсний орц, найрлага, нэр төрөл дээр нь анхаарч, Бразилийн тогооч нартай хамтран ажиллана. Монгол хүний бие мах бодийн онцлогт тохирсон хоол хүнсээр нь тамирчдаа хангахыг зорьж, багагүй хөөцөлдсөний үр дүнд монгол тогооч авч очих зөвшөөрөл авлаа.

-Тамирчдын хувьд хоол унд үнэхээр чухал шүү. Энэ удаа тэгвэл монгол тогоочтой явах юм байна. Ингэхэд манай шигшээ багийнхны эм, витаминжуулалтын хангамж ямар түвшинд байгаа вэ?

-Бид шигшээ багийн тамирчдын хоол, ундны асуудлыг ихэд анхаарч, мэргэжлийн хоёр байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд тамирчдын бэлтгэлээ хийдэг 10 гаруй баазын дарга, тогооч, бэлтгэгч, нярвуудыг өнгөрсөн долоо хоногт Спортын төв ордонд урьж, хоёр хоногийн сургалт, дадлагын хичээл хийлээ. Ингэснээр амралтын газрууд тамирчдад амрагчидтай адилхан хоол ундаар үйлчилж болохгүй юм байна, эд чинь ийм их хөлс хүч, энерги зарцуулдаг улс юм байна гэдгийг ойлгуулахад дөхөм болсон.

Нөгөөтэйгүүр, энд өгсөн удирдамж зааврын дагуу тамирчдын хоол хүнсийг бэлтгэж байгаа, эсэхийг нь эрдэмтэд, мэргэжлийн өндөр зэрэглэлийн тогооч нар, манай төвийн мэргэжилтнүүд бэлтгэлийн газруудаар тойрч шалгаж эхэлсэн.

Тамирчдын эм, витаминжуулалтыг нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлан, өнгөрсөн гуравдугаар сард “Ази фрам”, “Монос фарм трейд”, “Алл мастерс”, “Тамирчдын нөхөн сэргээх сувилал” ХХК зэрэг дөрвөн газартай гэрээ хийсэн. Энэ удаагийн олимпод тамирчдын эм, витаминжуулалтад нийтдээ 852 сая төгрөг зарцуулж байгаа.

Өнгөрсөн 2012 оны олимпод зарцуулсан эм, витаминжуулалтын зардал хоёр дахин өссөн гэсэн үг. Ямар ч байсан манай тамирчид олимпын өмнөх өндөр ачаалалтай бэлтгэлийн үе дэх алдсан энерги, эрч хүчээ эм, тариа, витаминаар нөхөн авч чадаж байна гэж ойлгож болно.

-Уучлаарай, нэг зүйл асуухгүй өнгөрч боломгүй нь. Манай тамирчдын дунд “Энэ эмийг допингийн төрөлд орсныг нь мэдээгүй” гэдэг яриа мэр сэр гардаг. Допингийн асуудал ямар байна вэ?

-Допингийн асуудлаар тамирчдад хатуу хяналт тавьж байгаа. Танилцуулга, мэдээлэл байнга хийж, сургалт явуулж байна. Тамирчдаар гарын үсэг ч зуруулж авсан. Багийн эмч нар тамирчдын хэрэглэж байгаа эм, тариан дээр хяналт тавьж байгаа. Энэ оны нэгдүгээр сараас “Мельдонин” гэдэг эмийг допингийн жагсаалтад нэмж оруулснаар олон улс, ялангуяа ОХУ-д олон тамирчнаас допинг илэрсэн. Манай тамирчид ч оноос өмнө энэ эмийг хэрэглэдэг байсан.

Жүдо, чөлөөт бөхийн тамирчид дээр асуудал үүссэн боловч оны дараа ВАДА-гаас тунгийн талаар шинэ журам гаргасны дагуу манай тамирчдын хувьд асуудал намжсан. Одоо тамирчид маань бэлтгэлдээ ороод явж байгаа.

-Спортын төв ордны шинэ барилгын асуудал юу болсон бэ. Зураг төсөл нь хүртэл гарчихсан байсан биз дээ?

-Одоогоор яригдсан тодорхой зүйл алга. Манай тамирчид эндээ бэлтгэлээ хийгээд болоод л байна. Энэ байрыг шинэчилж бололгүй яах вэ. Гэхдээ спортын арав гаруй төрлөөр нэгэн зэрэг бэлтгэл хийдэг манайх шиг ийм хэмжээний өөр нэг барилга эхлээд байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр Спортын төв ордны барилгыг шууд буулгачихвал бид хаана бэлтгэлээ хийх билээ. Тиймээс энэ асуудалд ул суурьтай хандах ёстой юм.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.112.56 Спортын талаар ямар ч мэдлэггүй сэтгүүлч байна дээ. Хэдэн эрх авсан, олимпод хэчнээн шинэ төрлөөр оролцох гэж байгааг нь мэдэхгүй байж хүнээс ярилцлага авах гээд очиж л байдаг.

.