Гуравдагчид ба КВОТЫН НАЙМАА

2016 оны 05 сарын 05

 Улс төрийн ертөнцөд шилжилт хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна. Энэ нь хэдхэн сарын өмнөхөөс арай өөр, хувь хүн рүү чиглэсэн шинжтэйгээрээ онцлог. Уг хөдөлгөөнд хамгийн их “өртсөн” нь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар өчигдөр бүлгээсээ ч, МАХН-аасаа ч гарч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэдэнтэй залгаад МҮАН-ын Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-д элсэх нь бараг тодорхой болов.

Бүлэг байгуулах шаардлагыг дөнгөж хангах найман гишүүнтэй байсан “Шударга ёс” хэмээх бүлэг бүрэлдэхүүнийхээ 50 хувийг алдаж, түүх болон үлдлээ. Гишүүн О.Баасанхүү бүлгийн дарга болох хүслээ ажлын дөрвөн өдөр л биелүүлж амжив. Үүнтэй зэрэгцээд СЕХ-ноос сонгуульд оролцох болзол хангасан нам, эвслүүдэд батламжийг нь гардууллаа. Гэтэл ИЗНН, ХҮН баримт материалаа дутуу бүрдүүлсэн шалтгаанаар хасагдаж орхих нь тэр.  

ИНГЭХ ГЭЭД БАЙСАН ЮМ

Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН-ынхан ингэх л гээд байж. Боловсролтой залуучуудаас бүрдсэн, овоо ирээдүйтэй нам гараад ирлээ хэмээн эхэндээ тэднийг үнэлж байсан сонгогч цөөнгүй байх. Гэтэл эрхэм гишүүн С.Ганбаатар дарга нь болсноор энэ намынхан түнжин хагарсан. Нэр хүнд ч унасан. Хоёр хуваагдаж, тус тусын даргаа сонгоод Дээд шүүхэд хандсан ч С.Боргил даргынх нь эрхийг сэргээсэн билээ. Дараа нь Т.Ганболдыг даргаараа томиллоо л гэсэн. Тэгснээ больсон. “Үйлийн үртэй” С.Боргил нь үлдсэн. Ингэж элийрч байгаад энэ намынхан хоёр өөр даргын гарын үсэгтэй, хүчингүй тамгатай бичиг баримт СЕХ-нд өгөөд хасагдаж орхилоо.

Сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдчихсэн атлаа “Юмыг яаж мэдэх вэ” гээд намын дарга С.Боргил нь давхар бие даахаар болчихоод байна. Ер нь энэ намаас 20 гаруй хүн бие даахаар бүртгүүлчихсэн гэж буй. Ийм юм болж, аль ч үгүй хоцорч мэднэ хэмээн болгоомжилсон нь тэдний зөв байжээ. ХҮН-ын дарга болон мандаж, мөрөөдлөөрөө бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялчихсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч гарц хайгаад сандарч явна. Түүнийг мөн л АН-ын хаяа бараадна гэсэн мэдээлэл гарч буй юм. ХҮН-ын нэг хэсэг нь сонгуулиар АН-ыг дэмжинэ гэж мэдэгдсэн. Тэр хэсэгт нь нэг квотын эрх өгч мэдэх сурагтай.

ИЗНН

АН-аас уг намынханд нэгдэх урилга хүргүүлж, ИЗНН шат шатны байгууллагуудаараа хэлэлцүүлээд олонх нь дэмжсэн гэж мэдэгдэж байсан нь саяхан. Гэвч тус нам сонгуульд дангаараа оролцохоор шийдэж, СЕХ-нд бичиг баримтаа хүргүүлсэн хэдий ч “ИЗНН-ынхан АН-ыг дэмжиж, хариуд нь орон нутгийн сонгуульд гурав, УИХ-ынхад таван квот авахаар тохирсон” гэх мэдээлэл гарч байна. С.Оюун гишүүнийг хар амиа бодож, намаа орхилоо хэмээн зэмлэж ч үзэв. Гэвч намын генсек Б.Хүдэр-Ян “ИЗНН сонгуульд дангаараа оролцоно” л гээд байлаа. Уржигдар СЕХ тус намын бичиг баримт дутуу учраас хассан тухай мэдэгдсэн гэх мэдээлэл гарсныг ч тэд үгүйсгэсэн.

Тэгсэн атлаа Улс төрийн зөвлөл нь яаралтай хуралдаж, бичиг баримтаа нягталтал нэг тогтоолд он, сараа буруу биччихсэн байх нь тэр. Үүнийгээ тайлбарлаад буцааж илгээсэн ч СЕХ “бандан тас” гэсэн хэрэг. Ингээд ИЗНН хасагдчихлаа. Тэгмэгц генсек нь мэдээлэл хийж, СЕХ шударга бус ажилласан хэмээгээд шүүхэд хандахаа илэрхийлэв.

Энэ бүхэн ИЗНН ч ялгаагүй дотроо хуваагдсаныг илтгэнэ. Нэг хэсэг нь АН-д нэгдчихье гэсэн бол нөгөө хэсэг нь татгалзаж, сонгуульд дангаараа оролцоно хэмээн зүтгэжээ. Дээгүүрээ тохирчихсон байхад доодчуул нь сөрж гүйгээд “ах” нарынхаа тавьсан хавханд орчихов уу. Ингээд хүссэн, хүсээгүй ИЗНН-ынхан АН-ыг дэмжих нэрээр таван квотоо тэврээд үлдэх бололтой.

МҮАН БА ЭХ ОРОН

Тэд харин ИЗНН, ХҮН-ын хажууд буурь зааж, АН-ыг дэмжин оролцохоо СЕХ-нд мэдэгдсэн. Үүний ард МҮАН-д АН хоёр квот олгож байгаа гэх мэдээлэл гарч байна. МҮАН-аасаа гарч АН-д элсэх гээд буй гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нарт энэ квот нь ногдчих бололтой юм. Тэд АН-д орчихвол МҮАН УИХ-д суудаггүй болно. Эх орон намынханд 1-2 квот амласан гэж буй.

2004-2008 онд уг намын дарга Б.Эрдэнэбат УИХ-д сонгогдож, засаг барилцаж явсан. Гэвч 2008 оноос хойш мөн л нам дотроо тамганы хэрүүл, будлиан гаргасны дараа нам жим болсон. Сонгууль болохоор л уг намын сураг дуулддаг юм. МҮАН-тай эвсэхээр ярьж байгаад АН-ыг дэмжихээр болсны ард өнөөх л квотын наймаа бий гэх.

ХҮНИЙ НОХОЙ ИДЭХЭЭР ӨӨРИЙН НОХОЙ ИД

Ардчилсан намын гишүүд ууртай байна. Өөрсдөд нь олдож ядаж байгаа квотыг МҮАН, ИЗНН, Эх орон, ХҮН зэрэг жижиг намд хуваах гээд байхад энэ намын гишүүд гомдох нь мэдээж. АН-ын бүлэг даваа, мягмар гаригт хуралдаад шийдэлд хүрээгүйн гол шалтгаан энэ гэж буй юм. 20 орчим гишүүн жижиг намуудад квот олгохыг эсэргүүцсэн тул шийдэлд хүрч чадаагүй бололтой. Үнэндээ З.Энхболд дарга л жижиг намуудын удирдлагыг “хошгируулаад” яваа сурагтай. Гишүүдээ мундагдаад болчихно хэмээн тооцсон ч нөгөөдүүл нь хүчтэй эсэргүүцээд эхэлмэгц асуудал үүсэв. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг үг бий.

Сонгуулийн хуулиа өөрчилсний дараа АН-ын ҮЗХ хуралдаж, нэр дэвшигчдээ ярилцана. Квот горьдсон жижиг намынханд найдлага тийм ч өндөр биш. Тэдэнд хайран квотоо өгч байснаас өөрийнхөө хүмүүсийг зүтгүүлнэ гээд олонх нь шийдчихвэл АН-ыг дагасан жижиг намууд хоосон хоцорно. Ийм том эрсдэл тэдэнд бий.

Намаараа биш, хувь улстөрчдийг шилжилт хөдөлгөөн хийхэд хүргэсэн гол шалтгаан нь жагсаалтаар 28 гишүүн сонгох нь Үндсэн хууль зөрчинө гэсэн Цэцийн дүгнэлт байлаа. Өөрөөр хэлбэл, үүнийг УИХ хүлээн авч, Сонгуулийн хуулийг өөрчлөн мажоритар тогтолцоотой болгох гэсэнд оршиж буй. Уг дүгнэлтийг өчигдөр УИХ хүлээж авсан. Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлт нь АН, МАН-д илүү өгөөжтэй учраас “амиа бодсон” улстөрчид эдгээр намыг бараадаж буй хэрэг.

Харин намаа бодсон хэд нь бууриа сахисаар хүрээний гадна хоцров. МАХН-аас МАН руу, МҮАН-аас АН руу явах улстөрчдийн нэр тодорхой боллоо. Одоо удахгүй ИЗНН-аас хэн АН-д орох нь тодорно биз ээ. Тухайн намын гишүүн болж байж л нэр дэвших эрх нээгдэх учраас тэр. АН-ын ҮЗХ даргынхаа тохиролцоог хүлээн авах, эсэхээс эдгээр намын ирээдүй хамаарч байна.  

С.Туул

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.115.42 Намсрайноров
203.91.115.42 Намсрайноров
202.131.252.209 Одоо нам ууд гэж ярьдагаа болёо. Жинхэнэ утгаар нь мафийн бүлэглэлүүд гэж ярьж заншя!!!!!
66.87.82.122 Umhii ANuusuud har mashinaar l garch irdeggui yum Bol ene buzruudiig songoh Hun Mongold bhgui !!!

.