Төсвийн алдагдлыг хязгаарлахын тулд зардлаа хянахыг Дэлхийн банк зөвлөв

2016 оны 05 сарын 05

Төсвийн орлого их хэмжээгээр тасарч буй үед Монгол Улсын Засгийн газар төсвийн зардлаа хянаж, хязгаарлах шаардлагатайг Дэлхийн банк санууллаа. Тус банкны ээлжит “Монголын эдийн засгийн тойм”-д оны эхний гурван сард төсвийн алдагдал жилд төлөвлөснийхөө гуравны хоёрт хүрээд байгааг онцолжээ. Манай улсын эдийн засгийн идэвх сул байгаа, экспорт хумигдаж буйгаас төсвийн орлого өнгөрсөн гуравдугаар сарын эцэст 2015 оны мөн үеэс 11 хувиар багассан байна.

Түүнчлэн дээрх хугацаанд төсвийн хөрөнгийн зардал өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бараг хоёр дахин өссөн агаад төсвийн нийт зардал жилийн 25 хувиар нэмэгдсэн дүн гарсан аж. Сүүлийн саруудад гадаад зах зээлээс босгосон санхүүжилт төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулан, дотоодын санхүүжилтийн хэрэгцээг багасгах гэнэ. Энэ нь өрийн үйлчилгээний өндөр зардал болон валютын ханшийн эрсдэл бий болгохоор байгааг дээрх тайланд мөн тэмдэглэсэн байв.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангахын тулд төсвийн бодлогоо сайжруулах хэрэгтэй. Монголын урт хугацааны хөгжлийн төлөв өөдрөг хэвээр буй ч гадаад орчны таагүй байдал нь эдийн засгийн дархлаанд эрсдэл учруулсаар байгаа” хэмээн ярьсан байна.

Бас дээрх тоймыг бэлтгэсэн, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Таехюн Ли “Сүүлийн үед Засгийн газар гадаад зах зээлээс санхүүгийн эх үүсвэр босгож буй ч экспорт буурч байгаа болон их хэмжээний гадаад өрийн эргэн төлөлтөөс шалтгаалан төлбөрийн тэнцлийн суурь дарамт ирэх онд өндөр хэвээр байх нь” гэж онцолжээ.

Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт энэ оны хоёрдугаар хагаст төсвийн импортын татварын орлого өсөхөд дэмжлэг болохоор байгаа ч ойрын ирээдүйд түүхий эдийн зах зээл огцом сайжрахгүй тохиолдолд төсвийн нийт орлого төлөвлөснөөс бага байх төлөвтэйг тоймд бичсэн байна. Мөн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжиж буйг Дэлхийн банк дэмжиж буйгаа илэрхийлээд, тус хөтөлбөртэй холбоотой зардлыг төсөвт тодорхой тусгах шаардлагатайг сануулжээ.

Ц.БОЛОР

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.