ҮНДЭСНИЙ ТӨВ НОМЫН САНД “Мянган эрдэнийн судар” хадгалуулав

2016 оны 05 сарын 04

Үндэснийхээ хувцсаар гангарсан, дүрэмт хувцастай 1000 гаруй хүүхэд худам монгол бичиг бүхий муутуу цаас өргөн Чингисийн талбайд цуглажээ. Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийг ойг тохиолдуулан “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, “Ном” хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг үндэсний бичгээ сурах, судлах, дамжуулах, өвлүүлэх сонирхол, сэтгэлгээтэй болгох зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн Х ангийнхны дунд аян зохион байгуулж, өчигдөр хаалтаа хийсэн нь тэр байж.

Уг аянд 117 сургуулийн 16000 гаруй сурагчийг хамруулж, монгол ардын зүйр цэцэн, сургаал, мэргэн үгийг судлуулан монгол бичгээр бичүүлж түүгээр нь ном бүтээлгэжээ. Сургууль тус бүрийн сурагчид бичсэнээ нийлүүлж, ном болгосноо номын сандаа өргөх юм байна. Зарим сургуулийнхан арьс, эсгий, торгоор баринтаглан, бүр Монгол Улсын газрын зураг, Төрийн далбаа бүхий хавтсаар номоо чимэглэсэн харагдав.

Сурагчдын оролцоо, монгол бичгийн тигийг зөв баримталсныг нь харгалзан 33, 53, 21, 119, “Эрдмийн-Ундраа” сургуулийнхны номыг шилдгээр шалгарууллаа. 33 дугаар сургуулийн багш нар хамгийн олон буюу 243 хүүхдийг оролцуулан 1000 гаруй хуудас ном бүтээлгэжээ.

Мөн сургуулиудад үсэг оноон, түүгээр эхэлсэн үг бүхий зүйр үгсийг 1000 гаруй сурагчаар бичүүлж, нийлүүлэн “Мянган эрдэнийн судар” бүтээжээ. Ийн 8000 гаруй зүйр үгтэй номоо шоголд хийж Үндэсний төв номын санд хадгалуулсан юм. Уг аяны хүрээнд сургууль бүр бийрийн бичлэгийн сургалт зохион байгуулж, Х ангийн 16700 хүүхэд хамрагдсан аж. “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Будмаа “Өргөлттэй, даралттай бичдэгээрээ бийрийн бичлэг их өвөрмөц, сурахад сонирхолтой юм.

Найзуудынхаа төрсөн өдрөөр бийрээр уран бичиж өгвөл гоё бэлэг болох юм байна. Босоо бичгээр бичиж байхдаа монгол хүн гэдгээрээ, улсынхаа үүх түүх, соёлоор бахархах сэтгэл төрсөн” гэв. Шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын “Хүмүүн бичиг” шүлгийг энэ үеэр сурагчдын төлөөлөл 31 хүүхэд мөр мөрөөр нь уран бичлэгээр бичиж сонирхууллаа. Нийслэлийн Боловсролын газраас жил бүр энэ аяныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.ДӨЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.144 Үр дүнтэй сайхан ажлыг санаачлан зохион байгуулсан хүмүүст талархаж байна
112.72.11.102 Их сайхан ажил зохион байгуулсан байна. Бүгдэнд нь аз жаргал сайн сайхныг хүсье.

.