Д.Батбаяр: “Хайрыг хайрла”-ыг минь хулгайлчихлаа

2016 оны 05 сарын 04

Монголд Хүүхэд, залуучуудын театр нэртэй соёлын үр тарьдаг нэгэн өргөөтэй байсан үед, бүр тодруулбал 1984 онд зохиолч Дарамын Батбаяр, найруулагч И.Нямгаваа нар нэгэн бөмбөг “тэсэлж” билээ. Тэр “бөмбөгдөлтийн” улмаас театрын шилэн хана, хаалга хагарч сүйд болсныг мэдэх хүн өдгөө цөөнгүй бий. Тухайн үед тус театрын захиалгаар Д.Батбаяр “Хайрыг хайрла” жүжгийн зохиолоо бичиж, залуу уран бүтээлчид түүнийг нь “амилуулж” тийнхүү үзэгчдийн хөлд дарагдахад хүрсэн юм.

Жүжгийн тасалбар нүд ирмэх зуурт зарагдаж байлаа. Хэтрүүлэгтэй ярьдаг зарим нэг нь “Үүр цүүрээр дугаарлан байж тасалбар авлаа” гэхийг ч тэр үед сонссон. Ямартай ч, театрын дарга нэг удаа Д.Батбаяр зохиолчийг дуудаад “Танаас болж байгууллагын үүд хаалга эвдэрч, цонх хагарсан шүү” гэж магтан, загнасан гэдэг.

“Хайрыг хайрла” жүжиг хэр эрэлттэй, ямархан бүтээл байсныг бага боловч мэдрүүлэхээр ийнхүү нуршчихлаа. Ийм нэгэн түүхийн эзэн Д.Батбаяр гуайг монголчууд андахгүй. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн тэрбээр “Хайрыг хайрла”-аа хамгаалан Оюуны өмчийн газарт ханджээ. Түүнээс энэ талаар тодруулав.

-“Хайрыг хайрла” хэмээх уран бүтээлийг тань Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрынхан тайзнаа тавьж, цаашлаад “Гэгээн Муза” наадамд сойж байгаа. Гэтэл Та юуны учир Оюуны өмчийн газарт хандсан юм бэ?

-Тус театрынхан зохиогчийн эрхийг зөрчиж, надаас зөвшөөрөл авалгүйгээр жүжгээ тавьсанд асуудлын гол учир байгаа юм. Дорноговийн театраас Н.Пүрэвдорж найруулагчийг урьж, эл уран бүтээлээ тавьсан юм билээ. Гэтэл тэр найруулагч надаас албан ёсоор зөвшөөрөл аваагүй.

-Найруулагч болон “Залуучууд” театрын удирдлагууд тантай нэг ч удаа уулзалгүй дураараа аашилсан хэрэг үү?

-Бараг хоёр жилийн өмнө “Блю мүүн” галерейд зохион байгуулсан нэгэн үзэсгэлэнгийн үеэр би найруулагч Н.Пүрэвдоржтой таарсан юм. Тэгэхэд “Хайрыг хайрла” зохиолоор тань би жүжиг хиймээр байна” гэхэд нь би “Бололгүй яах вэ. Хамгийн гол нь надтай гэрээ, хэлэлцээр хийгээрэй” гэсэн. Ингээд л өнгөрсөн. Бид дахиж холбогдож, уулзаагүй. Гэтэл тэрбээр “Залуучууд” театрынханд “Би зөвшөөрлийг нь авчихсан” гэж хэлээд өнгөрсөн жил жүжгээ тавиад, өнөөг хүртэл тоглосон. Тэгээд зогсохгүй тэр бүтээлээрээ олон улсын нэр хүндтэй наадамд оролцож байна.

-Хэрэв тийм бол зохиогчийн эрхийн зөрчилтэй бүтээлийг “Гэгээн Муза”-д өрсөлдүүлэх нь хууль бус гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Тиймээс би тус наадмын шүүгчдэд, Ардын жүжигчин С.Сарантуяад энэ тухай хэлсэн. Тэгтэл “Та уран бүтээлчидтэйгээ ярьж, тохирохыг бод” гэсэн. Түүнээс хойш би ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүйгээ тэдэнд бас дуулгасан. Тэгж байх хооронд нөгөөх жүжгийг наадмын шүүгчид үзэж, танилцсан. Уг нь нэр хүндтэй наадам зохион байгуулагчид ийм асуудалд ул суурьтай хандах ёстой. Нэгэнт ийм явдал болчихлоо. Тэгэхээр нь би “Хэрэв энэ бүтээл ямар нэгэн шагнал авбал би ч гэсэн хориг арга хэмжээ авна” гэж хэлсэн. Яагаад гэвэл, би зохиогчийн хувиар ийм арга хэмжээнд орохоос татгалзаж буйгаа урьдчилан дуулгасан.

-Би жирийн үзэгчийн хувиас нэг зүйл асууя. “Хайрыг хайрла” жүжиг залуу гэр бүлийн дотоод зөрчлийг ил гаргаж, тухайн үедээ нийгмийг ёстой нэг донсолгож, цахиур хагалсан сайн бүтээл байсан хэдий ч сүүлийн үеийн залуучууд энэ тухай бараг мэдэхгүй, мартагдахад хүрсэн. Харин “Залуучууд” театрынхан ийм нэгэн бүтээл байдгийг сануулсан нь сайн хэрэг биш үү?

-Тэр талаас нь яривал маргах зүйлгүй. Гэхдээ аливаад хууль, журам байх ёстой. Тэр бол миний өмч. Гэтэл зохиогчийн өмчийг хэн дуртай нь өөрийнх болгодог ийм жишиг байсаар байна. Таслан зогсоохгүй бол улам даамжирна шүү дээ. “Залуучууд” театрын дарга Болорсүх надад “Бид танд мөнгө өгч чадахгүй. Харин бид таныг алдаршуулж байгаа” гэсэн. Хүний уран бүтээл хулгайлчихаад ингэж аашилж болох уу.

Хариуд нь би Оюуны өмчийн газарт, мөн хэвлэл мэдээллийнхэнд хандахаа хэлсэн. Би мөнгө нэхэмжлэх гэж ингээд байгаа юм биш шүү. Цаашид сургамж болоосой гэсэн үүднээс зохих газарт нь хандсан. Урлаг, соёлынхон нийгмийг манлайлан, гэгээрүүлэх онцгой үүрэгтэй улс. Гэтэл тэд ийм хандлагатай, ёс суртахуунгүй байвал яах юм бэ.

-Ер нь манай театр, урлагийн байгууллагууд зохиогчийн эрхийг зөрчих явдал хэр байдаг вэ?

-Миний хувьд анх удаа ийм зүйлтэй учирлаа. Ер нь нэг үеэ бодвол энэ тал дээр манайхан зөв хандлагатай, талууд гэрээ, хэлэлцээр хийдэг болсон шүү дээ.

-Нэгэнт ийм сайхан уран бүтээлийн талаар ам нээснийх тухайн үеийн сайхан дурсамжаасаа уншигчдад ярьж өгөөч.

-Олон сайхан дурсамж бий. Тэр дундаас нэгийг л онцолъё. Зохиолтойгоо танилцаад И.Нямгаваа найруулагч нэг өдөр “Туулын дүрд энэ охин яг тохирно. Танд ямар санагдаж байна вэ” гээд Н.Долгорыг дагуулаад ирсэн. Тэр үед Н.Долгор Хүүхэлдэйн театрт үйлчилгээний ажилтан байсан юм. Ингэж л тэрбээр мандаж эхэлсэн шүү дээ.

Ж.ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.34.38 Дархан уул аймгийн ЗАЛУУЧУУД театрынхан ирж уулзаагүй, уучлалт гуйгаагүй байсан. Уран бүтээлчид ёс зүйтэй, хүн чанартай байх ёстой. Мэргэжлийн байгууллага юм бол дорвитойхон хариу өгөөч.
103.23.51.1 чадлынхаа хирээр явж заавал амжилтанд хүрээрэй. заавал ялаарай. та бол зохиолч нь. эзэн нь шүү дээ.
203.91.115.41 Batbayar zohiolch tertee tergyu aldarshsan mundag zohiolch hyni yumig yalanguya oyuni omchig hulgailchihaad yu yariad bgaa yum tom haeiutslaga yyreh estoi
43.242.242.73 Алдаршуулж байгаа нь энэ гээд хүний зохиолыг эзнээс нь зөвшөөрөл авалгүйгээр тоглоно гэдэг буруу шүү. Зохиолч зарчмын их зөв зүйтэй алхам хийсэн байна. Холбогдох байгууллага нь ном журмын дагуу шийдвэрлэнэ гэж найдаж байна.
202.179.31.65 алдаршуулан гэж юу хэлээд байгаа юм бэ батбаяр гуй төрийн дээд шагнал авсань төрд хийдэгээ хийсэн хүн шүү дээ арай тэгж болохгүй шүүхэд өгөө явах газар яавах хэрэгтэй цаашдаа ийм үйлдэл дахин гаргахгүй байх хэрэгтэй
193.87.112.90 Зөв шүү дээ. Зохиол гэдэг зүйл уран бүтээлийн гол амин сүнс гэж жүжигчин бүр ярьдаг. Гэтэл яахаараа тэр амин сүнс болсон зүйлд ийм хүндэтгэлгүй хандаж бгаа юм. Мөнгийг нь ч өгөх хэрэгтэй энэ хүн ямар ганц дуу дуулаад од болчихоод мартагдсан хүн биш алдаршууллаа нтр гэх эрх бхгүй шд
103.212.117.84 Зөв зөв. Ядаж зохиосон эзнээс зөвшөөрөл аваха хэрэгтэй. Ийм дураараа яаж байж болох вэ дээ!!?

.