Зургаан байр ухарсан үзүүлэлттэйгээр Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна

2016 оны 05 сарын 03

Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхий нийтээр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. ЮНЕСКО-гийн санаачилгаар 1993 оноос тэмдэглэж ирсэн энэ өдрийг сэтгүүлчдэд зориулсан мэт боловч үнэндээ уншигч, сонсогч, үзэгч таны мэдээлэл авах эрх чөлөө, олон ургальч үзлийн төлөө тэмцэхэд зориулсан юм. Өнөө жил энэ өдрийг “Дэлхий нийтээр мэдээлэл, тогтвортой хөгжлийн эрх чөлөөний төлөө” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийн 2016 оны тайланд Монгол Улс өмнөх жилийнхээс зургаан байр ухарч, 60 дугаарт орсон. Монголд Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан, олон нийтийн телевиз бүрэлдэн төлөвшиж байгаа эерэг үзүүлэлт гарсан ч сэтгүүлчдэд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин дутмаг, цахим сайтуудыг хаасан, сэтгүүлч болон хэвлэлийг шүүхэд өгсөн тохиолдол нэмэгдсэн, сэтгүүлчид өөрийгөө цензурдэх нь ихэссэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод биш гэсэн үндэслэлээр ийн ухраажээ.

Дашрамд дурдахад, хар тамхины гэмт бүлэглэлийн эсрэг тэмцлээрээ нэрд гарсан Колумбын сэтгүүлч агсан Гуильермо Кано Ислазагийн нэрэмжит шагналыг энэ өдөр олон улсын сэтгүүлчдэд олгодог журамтай.

Х.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.