ГУРВАН ЖИЛД ӨНДИЙСӨН БИЗНЕС

2016 оны 05 сарын 02

Барилгын салбар манай эдийн засгийн тав орчим хувийг бүрдүүлдэг. Төрөөс орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн аль алийг нь дэмжсэний үр дүнд 2014 онд л гэхэд энэ салбарын үйлдвэрлэл 60 хувиар өсөж, бусдыгаа хол хаяж байв. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд барилгын салбарын өсөлтийг дагаж, олон бизнес өндийсөн. Эдний нэг нь барилгын хэв хашмал үйлдвэрлэгч ТАСО компани юм.

ТАСО компани хэв хашмалын үйлдвэрлэлээр Монголд анхдагч бөгөөд өдгөө бүрэн хүчин чадлаараа ажиллавал зах зээлийн талаас илүү хувийг хангах хэмжээнд хүрчээ. Тус компанийн захирал Т.Отгонбаяр 2012 онд угсармал барилгад солонгос технологийн хэв хашмал ашиглаж буйг хараад энэ бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж болох юм гэдэг санаагаа анх олсон аж.

Гэхдээ шууд үйлдвэрлэж эхлэхэд туршлага, мэдлэг, ноу хау дутмаг байсан учир эхний ээлжинд БНСУ-аас импортолж, барилгын компаниудад түрээсэлж байсан аж. Ингээд 2013 оноос үйлдвэрлэлээ эхэлжээ.

Манай улсад угсармал барилга барихад прус зангидаж, фанер ашигладаг. Гэтэл фанер нь нэг хоёр удаа ашиглаад л хэрэгцээгүй болдог аж. Харин төмөр хэв хашмалыг лего тоглоом шиг өрж, цутгах технологи үүнээс хоёр дахин хурдан, бас бүтээгдэхүүн нь удаан эдэлгээтэй байдаг гэнэ. Өдгөө БНСУ-д уг технологийг өргөнөөр ашигладаг бөгөөд загасчны тосгоноос хотожсон түүх нь ч уг технологитой салшгүй холбоотой аж. Үүнийг ТАСО компани Монголд нутагшуулж, хэв хашмал үйлдвэрлэж буй юм.

Одоо тус компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Жигүүр гранд”, БҮТИ, “Барилга корпорац” зэрэг дотоодын томоохон компани хэрэглэдэг бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 200 мянган ширхэг хэв хашмал үйлдвэрлэх хэмжээнд хүрч өсчээ. Т.Отгонбаяр “Манайх гурван жилийн хугацаанд энэ чиглэлээр тэргүүлэх компани болж чадлаа. Барилгын салбарын талаар мэдлэг хомс байсан би ийм богино хугацаанд яаж үүнийг хийж чадав гэж заримдаа боддог л юм” хэмээн ярив.

Засгийн газар Монголбанктай хамтран 2013 оны зургадугаар сараас орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоо буюу ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх удаа эхлүүлсэн. Үр дүнд нь өмнө байгаагүй их хэмжээний эрэлт бий болж байв. Үүнийг дагаж өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлууд ч эрчимтэй өрнөлөө. Т.Отгонбаяр үүнийг мэдэрч, үйлдвэрлэлээ цаг алдалгүй эхлүүлсэн нь амжилтад хүрэх урьдач нөхцөл болсон аж. Тэрбээр “Би энэ бизнесээ хоёр жилээр хоцорч эхэлсэн гэж боддог. Гэхдээ аливаа зүйл хоцорлоо гэж бодоход л эрт байдаг гэдэг шүү дээ” хэмээн ярив.

Т.Отгонбаяр компьютерийн инженер мэргэжилтэй. Тэрбээр барилга барих талаар мэдлэг багатай байсан ч хувийн бизнестэй болох гэсэн хүсэл нь үүнд хөтөлжээ. Барилгын хэв хашмал үйлдвэрлэх санаагаа анх олж, ДЦС- 4-ийн хашаанд халаалтгүй, цоорхой дээвэртэй жижиг байшингаас ажлаа эхэлсэн гэнэ. Өмнө нь импортолдог байсан бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэхэд арга технологийг нь мэдэхгүй байхаас эхлээд олон асуудал гарч байж.

Гэхдээ хийе гэсэн хүнд арга нь олддог. Т.Отгонбаяр БНСУ-ын хэв хашмалын үйлдвэрт олон жил ажилласан, арга, туршлагыг нь эзэмшсэн залуусыг ажиллуулснаар солонгос технологи энд нутагших зам тавигджээ. Одоо ТАСО компанийн бүтээгдэхүүнийг дотоодын олон компани хэрэглэж байна. Өмнө нь барилгын компаниуд фанер, хэв хашмал импортлоход татвар, тээвэрлэлтийн зардлаас гадна хугацаа их алддаг байсан бол одоо хэрэгцээтэй бараагаа дэргэдээсээ авах болсон нь цаг, мөнгө хэмнэх болжээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ч анхаарсан. Үүний үр дүнд монголчууд цемент, арматурынхаа хэрэгцээг өөрсдөө хангаж байна. Энэ бодлогын хүрээнд дотоодын олон үйлдвэрлэгч дэмжлэг авсны нэг нь ТАСО компани юм. Технологио сайжруулж, гарцаа нэмэгдүүлэхэд нь зориулж 5.6 хувийн хүүтэй, 350 сая төгрөгийн зээл тус компанид олгожээ. Ийм хямд эх үүсвэртэй болсон тус компани хэд хэдэн хэвлэгч машинтай болж, одоо хэв хашмалыг захиалагчийн хүссэн хэлбэр, хэмжээгээр үйлдвэрлэх боломж бүрдүүлээд байна.

Мөн өнгөрсөн хугацаанд үйлдвэрээ өргөтгөж, өдгөө 30 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж буй юм. Т.Отгонбаяр “Жилийн 5.6 хувийн хүүтэй зээл гэдэг бол бараг хүүгүйтэй адил юм. Ийм хямд эх үүсвэр олгож, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн нь цаг үеэ олсон чухал шийдвэр байсан” гэв.

ТАСО компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ засвар үйлчилгээг мөн хариуцдаг. Эднийхээс гурван жилийн өмнө гурван мянган ширхэг хэв хашмал худалдаж авсан компани саяхан 100 орчмыг нь л засуулахаар өгсөн гэнэ. Энэ нь тэдний үйлдвэрлэсэн хэв хашмал доод тал нь 3-4 жилийн эдэлгээ даах чанартай гэдгийг харуулж буй аж. Т.Отгонбаяр “Манай бүтээгдэхүүнийг худалдаж авсан хүмүүс чанар сайтай байна гэж хэлдэг. Үүнд бид урамшиж, илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа. Одоо хэв хашмал экспортлохоор жил бүр олон сая ам.доллар зарах шаардлагагүй болж буй нь хамгийн чухал юм” гэлээ. Гэхдээ бүтээгдэхүүний чанар сайжрах тусам эдэлгээ нь уртсаж, эргэлт саарч, борлуулалт нь багасдаг аж. Энэ нь үйлдвэрлэгчийн хувьд таатай зүйл биш боловч бид чанараа хадгалсаар байна гэв.

Барилгын салбарт зуны дэлгэр сайхан үе, намрын налгар өдрүүд шувтарч, “өвлийн хахир цаг” ирж байна. Судлаачдын тооцоогоор зөвхөн нийслэл хотод гэхэд ашиглалтад орсон 20 гаруй мянган орон сууц борлогдоогүй байна. Эрэлт огцом буурч, 2013, 2014 онд шинэ байрыг булаацалдах нь холгүй авдаг байсан үе ул болжээ. Борлуулалт саарсан тул компаниуд шинэ төсөл хэрэгжүүлэхээс зайлсхийж байна. Энэ нь тэднийг дагасан олон бизнест сөргөөр нөлөөлж эхлэв.

Тухайлбал, барилгын улирал аль хэдийнэ эхэлсэн ч хэв хашмалын борлуулалт өмнө жилүүдийнхээс эрс багассаныг тус компанийн ажилчид ярьж байна. Харин Т.Отгонбаяр захирал “Барилгын салбар зогсонги байдалтай байна. Монгол хүн тохилог, дулаан орон сууцанд тав тухтай амьдрах нь чухал учир бид энэ давааг давах л учиртай. Тиймээс энэ үеийг ашиглан технологио илүү сайжруулж, зардлаа хэмнэхэд л анхаарч байна” гэв.

ТАСО компанийг залгаж манай улсад хэд хэдэн компани хэв хашмал үйлдвэрлэж эхэлжээ. Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж буй нь сайн боловч олдвол өлдөхийн үлгэр болох нь бий. Тухайлбал, манай улсад маш олон вакуум цонхны үйлдвэр ажиллаж байна. Эдгээр нь урд хөршөөс түүхий эдээ нэгнээсээ илүү үнээр авч, алдагдал хүлээн, хэрэглээнээс хальсан их хэмжээний бүтээгдэхүүн үр ашиггүй үйлдвэрлэж байгаа.

Тиймээс манайх шиг жижиг зах зээлд нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тоо хэт олшрохоос сэргийлэх зохицуулалтыг төр хийх хэрэгтэй гэдгийг хэлж байв. Мөн нэгэнт хэв хашмалын хэрэгцээг дотоодоосоо хангах боломж бүрдсэн тул зах зээлээ импортын бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд татварын бодлого хэрэгтэй байгаа талаар ч ярьж байв.

Н.САНЖААСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
118.244.254.71 ESTOI ZUB SAIHAN MEDEE BN AMJILT HUSYEE, UUR OLON ZUIL SEDEEREI
150.129.143.143 ta nar haraarai hohchin
37.220.133.161 Ardchiliin ach tusaar mongol humuus yum uzej nud tailsanii ach tus turuucheesee haragdaj naina.Huuchin zasgiin ued sots orond ochih gej tanil tal geed buun yum boldog bailaa.

.