У.ЭРДЭНЭБАТ: ТҮҮХ СОЁЛЫНХОО ӨВД ДАЙСАГНАЖ ХАНДДАГ УЛС МОНГОЛООС ӨӨР ҮГҮЙ БАЙХ

2016 оны 05 сарын 02

Хүн төрөлхтний бүтээсэн гайхалтай зүйлсийн нэг нь хувцас. Байгаль цаг уурын онцлог, эрхэлдэг аж ахуй, зан заншил, нийгмийн байдал, түүхэн цаг үеийн онцлогийг түүнээс уншиж болдог учраас соёлын чухал дурсгалд тооцогддог.

Тэр дундаа мал аж ахуй эрхэлж ирсэн нүүдэлчин түмний хувцас эдлэлийн түүх бүр сонин. Тийм ч учраас үе үеийн эрдэмтэн судлаач монгол хувцасны түүхийг судалж иржээ. Тэдний нэг нь МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн профессор, археологич, түүхч, доктор У.Эрдэнэбат. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Монгол хувцасны түүхэн хөгжлийн талаар яриач. Хувцас, өмсгөлтэй холбоотой археологийн олдвор хэр баялаг бол?

-Археологийн судалгааны явцад янз бүрийн материалаар хийсэн олдворууд илэрдэг. Органик гаралтай эд зүйлс, түүний дотор арьс, шир, ангийн үс, эсгий, торго, даавуугаар хийсэн зүйлс он цагийн уртад газрын хөрсөнд хадгалагдан үлдэх нь ховор. Иймээс эмзэг, нандин дурсгалд тооцогддог. Эртний хүмүүс ургамлын болон мал амьтны гаралтай ширхэгтийг боловсруулж, бөс даавуу нэхэх аргыг бодож олсноор янз бүрийн хувцас зохион бүтээх боломж бүрдсэн юм.

Балар цагийн хүмүүс ямар хувцас өмсөж байсан тухай бичиж тэмдэглэсэн зүйл байдаггүй. Үүнийг гагцхүү археологийн шинжилгээгээр л сэргээн судлах боломжтой. Хувцасны дурсгалыг судлахад биет олдворуудаас гадна хадны сүг зураг, уран зураг, хүн чулуун хөшөө зэрэг дүрслэх урлагийн бүтээл чухал сурвалж болдог. Бидний өвөг дээдэс болох хүннүчүүд, түүний дараа үеийнхэн ямар хувцас өмсөж байсан талаар хөрш зэргэлдээ орны түүхийн сурвалжид цухас тэмдэглэсэн байдаг. Тэдгээрийг бид археологийн олдворуудтай харьцуулан судалж, сэргээх боломжтой.

Аливаа ард түмний хувцас нутаглан буй газрынх нь байгаль, цаг уур, эрхэлдэг аж ахуйд тохирсон, хүндлэн дээдэлдэг ёс заншил, гоо сайхны үнэлэмжтэй нягт уялдсан байдаг. Мөн тухайн нийгмийн ёс дэглэм, төр ёсны уламжлалыг тусгасан нь ч бий. Бидний өвөг дээдэс үс гэзгээ янзлах, хувцсаа тохируулан өмсөх нарийн ёс журамтай байсан. Тэр ч бүү хэл, хэдэн зууны тэртээ хувцасны хууль, дүрэм зохион мөрдүүлж байж.

Тухайлбал, өвөг монгол хэлтэн Хятан нар, түүний дараагийн Монгол гүрний үед хувцасны хууль гаргаж байсан баримт бий. Энэ үеэс хувцсыг төрийн ёслолын, тайлга тахилгын, албаны, ердийн, ан авын, байлдааны, бэлэвсрэлийн хэмээн төрөл зүйлээр нь ялгаж, ямар зэрэг дэсийн хүн болох, юу эдэлж хэрэглэхийг нь журамлаж байжээ.

-Та бүхний судалгаагаар хамгийн эртнийхэд тооцогдох хувцасны олдвор аль цаг үед хамаарч байна вэ?

-Манай орны нутаг дэвсгэрээс олдсон хувцасны соёлд холбогдох биет олдворын хамгийн “ахмад” нь шинэ чулуун зэвсгийн үед холбогдоно. Монголын дорнод хэсэг Тамсагбулаг, Норовлин зэрэг газраас неолитийн үеийн булш, сууцны үлдэгдэл олдсон. Тэнд 1960-аад оны үед Монгол, Зөвлөлтийн хамтарсан экспедиц судалгаа хийж, хувцсанд хадаж, зүүх зориулалттай гоёлын зүүлт, сувс чимэглэлүүд илрүүлснээс гадна хурц үзүүртэй ясан зүү чөмөгний ясан гэртэйгээ олдсон. 1920-иод оны үед Америкийн эрдэмтэн Р.Ч.Эндрюсийн удирдсан Төв Азийн гуравдугаар экспедиц Монголын өмнөд хэсэгт судалгаа хийсэн.

Тэдний судалгааны гол чиглэл палеонтологийнх байсан ч тус бүс нутагт хүн анх суурьшсан асуудлыг маш их сонирхож байсан учир археологийн зарим дурсгалыг малтан, судалсан байдаг. Тэдний илрүүлсэн шоргоолжин булшнаас (хүрлийн үед хамаарах) хүрмэн дээр хадаж байсан 5000 гаруй хясаа олдсон. Уг булш тоногдоогүй, анх хэрхэн тавьсан тэр байдлаараа илэрсэн. Тэдгээр хясаагаар булшинд буй хүний хувцасных нь ханцуй, зах, энгэр, хормой хэсгийг чимж байсан гэж тогтоосон байдаг.

Евразийн тал хээр нутагт түрүү төмрийн үед хоорондоо ижил төстэй нүүдэлчдийн олон соёл зэрэгцэн оршиж байжээ. Тэдний нэг нь Алтайн уулсаар барагцаалбал НТӨ V-III зууны үед амьдарч байсан пазырыкчүүд юм. 2006 онд Монгол, Орос, Германы хамтарсан шинжилгээний анги Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн гол гэдэг газраас Пазырыкийн соёлын бүтэн булш илрүүлсэн. Тэндээс олон төрлийн амьтны арьсыг зүйж оёсон дээл, даавуун өмд, урт түрийтэй эсгий гутал, дуулга маягийн гозгор малгай зэрэг чухал олдвор олдсоныг ОХУ-д маш сайн сэргээн засварласан.

Одоо ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд хадгалж буй. Түүнээс гадна, манай оронд түүхийн өөр өөр үед хамаарах хүн чулуун хөшөөний дурсгал бий. Нэлээд өргөн тархсан нь Хөх Түрэгийн болон Монголын Эзэнт гүрний үеийнх юм. Хүн чулуун хөшөөнд тухайн үеийн хүний дүр төрх, гэзэг үс, дээл хувцас, бүс, аяга сав, зэр зэвсэг, хавтага зэргийг тодорхой дүрсэлсэн байдаг. Энэ талаар Монголын нэртэй археологич, профессор Д.Баяр багш олон жил судалж, нүүдэлчдийн түүхийг судлах нэгэн төрлийн эх сурвалж болгож тавьсан.

-Хадны сүг зураг, уран зураг дахь хувцас өмсгөлийн дүрслэл археологийн олдвороор баталгаажих тохиолдол гарч байв уу?

-Байлгүй яах вэ. Жишээ нь, эдүгээ Тайваний Үндэсний ордон музейд Чингис тэргүүтэй Монголын найман хаан, 15 хатны хөрөг хадгалагдаж буй. Тэрхүү зураг дахь Чингис, Өгэдэй, Хубилай хааны өмссөн малгай нүүдэлчдийн уламжлалт малгайны хэлбэрийг хадгалсан нь илэрхий байдаг. Гэтэл Хубилайн дараах үеийн Өлзийтөмөрөөс хойших хаадын өмссөн малгай нэгэн хэв загварын бөмбөгөр оройтой, саравчтай, шилэн хүзүүг нь халхалсан өргөн шилэвчтэй, оройг нь эрдэнийн чулуугаар чимэглэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Өлзийтөмөр хааны үеэс төрийн хувцасны хуулиар хэлбэр загвар нь дүрэмжсэн байгаа юм. Ийм малгай 1998 онд Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Цагаан Ханангийн агуйгаас биетээр олдсон. Тэнд эртний оршуулга байсныг нь нэгэн этгээд ухаж, тонон сүйтгээд, хувцас өмсгөлийн ихэнхийг шатааж, устгасан байдаг. Цагдаагийн байгууллага тус хэргийг мөрдөн шалгасны дүнд, шаталгүй үлдсэн зарим эд зүйл нь судлаачдын гарт очсон юм.

Тэдгээрийн дунд хаадын зурагт дүрсэлсэнтэй ижил бөмбөгөр оройтой, богино саравчтай, алтан утастай торгоор хийсэн малгай байсан нь уг булшны он цаг, угсаа, соёлын хамаарлыг тогтоох гол баримт болсон. Цагаан Ханангийн олдворуудыг би Д.Баяр багштай хамтран судалж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичин Монгол, ХБНГУ-д нийтлүүлсэн. Түүнээс хойш монголчуудын хувцас өмсгөлтэй холбоотой олдвор манай орны нутгаас нэлээд олдсон шүү.

-Манай орны байгаль, цаг уурын онцлог археологийн олдвор тэр дундаа хувцас эдлэлийн хадгалагдах чанарт хэр нөлөөлдөг бол?

-Эрт, дундад үеийн нүүдэлчдийн дунд дэлгэрсэн хадны оршуулга гэж гайхамшигтай дурсгал бий. Монголчууд ба тэдний өвөг дээдэс үхэгсдээ газрын хөрсөнд, мөн хадны хонгил, агуйд нууцлан оршуулдаг заншилтай байж. Энэ төрлийн дурсгалд хамаарах олдворууд бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл, ингэж оршуулах нь сайн хадгалагдах нөхцөл болдог гэсэн үг. Үүнд манай орны хуурай, сэрүүн уур амьсгал нөлөөлдөг.

Чийглэг, дулаан уур амьсгалтай оронд бол Монголоос олдож буй олдворууд шиг хэдэн зуун жилийн өмнөх хатмал шарил, органик гаралтай эд зүйлс хадгалагдан үлдэх боломж маш бага. Одоогийн байдлаар манай орноос хадны оршуулгын 100 орчим дурсгал илэрсэн. Тэдгээрийн ихэнх нь санамсаргүй байдлаар илэрч, мэргэжлийн бус хүмүүсийн гарт үрэгдэж байгаа нь харамсалтай.

-Хувцасны төрлийн олдворыг сэргээн засварлах, хадгалах нөхцөл боломж хэр байдаг юм бол. Зарим олдворыг сэргээн засварлах боломжгүйн улмаас гадаадынхнаас тусламж авдаг гэх юм билээ.

-Археологийн олдворыг анхны дүр төрхөнд нь ойртуулан сэргээн засварлах, бэхжүүлэх, зохистой нөхцөлд хадгалж хамгаалах асуудал хамгийн чухал. Энэ нь зөвхөн манай улс төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудал. Гэхдээ өвөг дээдсийнхээ түүх соёлын өвд манайхан шиг хэнэггүй, тоомжиргүй, дайсагнасан байдлаар ханддаг улс үгүй байх. ШУА-ийн хүрээлэн, улсын музейнүүд, их сургуулиудын сан хөмрөг маш хүнд байдалтай байгаа. Шийдлийн Засгийн газар байгуулагдаад хэмнэлт хийх нэрийдлээр хамгийн түрүүнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, ШУА-ийн хүрээлэнгүүдийг цомхтгон нэгтгэсэн.

МУИС дээр ч шинэчлэлийн давалгаа бий болж, олдвортойгоо ажилладаг ганц өрөөг маань сургалтын албанд шилжүүлж, лабораторигүй болгочихсон. Булаан авсан ч гэж хэлж болно. Одоо байгаа өрөө маань зай талбай бага учраас биет материал дээр ажиллах боломжгүй. Зураг авахад ч фокусгүй гардаг. Тийм учраас ихэнх олдвороо чингэлэгт хадгалдаг. Эдгээр олдворыг судлан шинжлэх, арчлан хамгаалахад зориулсан төсөв мөнгө гэж байдаггүй. Манай тэнхимд тэдгээр дурсгалыг хадгалах зориулалтын өрөө байхгүйгээс сэргээн засварлаж, судалгааны нийтлэл нь хэвлэгдсэн олдворуудаа Монголын үндэсний музей, Архангай аймгийн музейд шилжүүлэн өгсөн. Иймэрхүү л байдалтай байна.

Олон үеийнхний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр илрүүлж, хөрөнгө мөнгө зарцуулан байж хуримтлуулсан олдворуудаа судалж, сэргээн засварлах, зүй зохистой орчинд хадгалж хамгаалахад төр, засаг анхаарч, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй. Олдвор хадгалах зориулалтын сан хөмрөг байгуулах цаг хэдийнэ болсон. Энэ мэт олон бэрхшээл бий ч судлаачид гар хумхиад зүгээр суудаггүй. Монголд сэргээн засварлах боломжгүй, лабораторийн нарийн шинжилгээ хийж чадахгүй байгаа чухал олдворуудаа бид зохих хууль журмын дагуу гадаадад “амь оруулаад” авчирдаг. Зарим тохиолдолд гадаадынхны багаж хэрэгслийг ашиглаж, мэргэжил нэгт нөхдөөсөө тусламж авдаг.

-Эртний монголчууд хувцсаа ямар төрлийн материалаар урладаг байсан бэ?

-Нүүдэлчдийн уламжлалт аж ахуй нь мал, ан агнуур байсан учраас хувцсаа малын арьс шир, ангийн үс, ноос ноолуур, эсгийгээр хийдэг байж. Нүүдэлчид хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа эртнээс улс төр, эдийн засаг, соёлын өргөн харилцаатай байсан. Иймээс арилжаа наймаа, бэлэг сэлт, алба татвар, дайны олз гэх мэт янз бүрийн замаар тухайн үедээ маш үнэтэй, ховор тансаг торго нэхмэл олж хэрэглэж байжээ. Тэр үед одоогийнх шиг химийн аргаар гаргаж авсан нийлэг бодис гэж байсангүй. Жишээ нь, торгыг л гэхэд хүр хорхойн шүлсээр нэхдэг байж. Будаг нь дандаа байгалийн гаралтай.

Бидний өвөг дээдэс Хятад, Перс, Дундад Азийн орнууд, бүр Италитай холбоотой байсан нь археологийн судалгаагаар илэрсэн торго даавууны материалаас харагдаж байгаа. Зарим улс монголчуудыг их гүрэн байгуулж хүчирхэг байх цагт дур таашаал, хүсэл сонирхолд нь нийцүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байжээ. Жишээлбэл, эзэнт гүрний үед гарч байсан торгон дээр монгол хүний дуртай сэдэв, хээ угалзыг түлхүү оруулж өгсөн байдаг. Ер нь түүхэн үе бүрийн хувцасны хэв загвар, түүнийг хийж байсан материалын шинж чанар, технологи ямар байсныг судалбал өргөн судлагдахуунтай.

-Эртний хувцас, өмсгөлтэй холбоотой түүх сонирхдог өөр мэргэжлийн хүмүүсээс хамтран ажиллах санал ирдэг үү?

-Археологичид бусад салбарын мэргэжилтэнтэй хамтран ажиллах тусам судалгаа нь төдий чинээ үр дүнтэй болдог. Сүүлийн үед манай физик, хими, геологи, биологи, ургамал, амьтан судлалын эрдэмтэн судлаачид археологийн судалгааны үр дүнг боловсруулах шатанд хамтран ажилладаг болсон. Мөн байгаль хамгаалагч, сэтгүүлч, жирийн малчин ард археологийн чухал олдвор илэрсэн тухай мэдээллийг цаг алдалгүй мэргэжлийн байгууллагуудад хүргэж байх нь судалгаанд маш чухал ач холбогдолтой байдаг.

Тухайлбал, 2011 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгаас илэрч, хулгайч нарт тоногдсон нэгэн дурсгалын сургийг МҮОНТВ-ийн “Гараг” продакшний захирал, сэтгүүлч Г.Бадамсамбуу бидэнд мэдээлсэн. Тэндээс XIII-XIV зууны үеийн хос гутал илэрснийг бид судлаад Үндэсний музейн үзмэрт шилжүүлэн өгсөн. Хувцасны судалгааны хувьд зураач, загвар зохион бүтээгч, дизайнер, урлаг судлаачидгүйгээр сайн судалгаа хийх, ялангуяа судалгааны үр дүнгээ олон түмэнд хүргэх боломжгүй юм.

Миний хувьд энэ чиглэлээр доктор Б.Сувд захиралтай “Монгол костюмс”, Үндэсний хувцас судлалын академитай хамтран ажилладаг. 2011 онд бид “Монгол хувцас”, 2015 онд “Монгол хувцасны нууц товчоо” хэмээх хоёр боть бүтээлээ уншигчдад хүргэсэн. Энэхүү цуврал бүтээлийн онцлог нь Монгол нутагт хүн суурьшсан цагаас өнөөг хүртэлх хувцасны хөгжлийг тоймлон харуулахыг зорьсон. Биет олдворын гэрэл зураг, түүхэн зургууд, судалгааны өгүүлэл, холбогдох ном зүйг багтаасан. “Монгол костюмс” төвийн хамт олны урлан бүтээсэн түүхэн хувцсаар “Монгол хувцасны нууц товчоон” загварын шоу зохион байгуулсан.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.31.121 түүхийн олдвор чингэлэгт байна гэсэн юу гэсэн үг вэ? арай ч дээ. арга хэмжээгяаралтай авахгүй бол дахин давтагдахгүй археологийн олдвор шүү хнн
103.9.88.210 түүх соёлыни дурсгалт зүйлс гадагшаа гараад байна гэх. тийм атал хуулийг нь чангаж болдоггүшй юм уусоёлын эд өлгийн тухай хуулиндаа чангахан зүйл заалт оруулаад түүнийгээ сурталчилаад л болоо шүү дээ ухаан
94.234.170.72 Islamiin uls mongolchuud 2 l ingej handdag

.