Ховд аймаг сайн МАЛЧДЫГ бэлтгэн гаргана

2016 оны 05 сарын 02

Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид “Сайн малчин” мэргэжлийн анги албан ёсны нээлтээ хийжээ. 

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг ажлын байраар хангадаг хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуй төрийн бодлогын төвд байдаг. Засгийн газраас малчдын хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуйн салбар, холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа тул мал сүргийн тоо толгойг өсгөх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байгаа юм. Гэтэл өнөөдөр мэргэжлийн боловсрол, сургалтын есөн байгууллагад эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжлээр 157, малын эмчээр 57, малын асаргаа мэргэжлээр 38 хүн сурч байгаа нь уламжлалт мал аж ахуйн сургалт үндсэндээ хаагдаад байгаагийн нэг илрэл хэмээн үзсэн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан малчдын залуу халааг бэлтгэх, мал аж ахуйн салбарт залуусыг татах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг судлах үүргийг салбарынхандаа өгчээ. Судалгааг аймаг орон нутаг дахь Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-үүдээрээ дамжуулан олон чиглэлд хийсний үр дүнд “Сайн малчин” мэргэжлийн ангитай болох нь зөв гэсэн шийдэлд хүрснээр анхных нь Ховд аймгийн “Хөгжил” коллежид үүдээ нээлээ. 

Нээлтийн үеэр Г.Баярсайхан сайд хэлэхдээ "Улс орны эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбараар төсөөлж харахаас илүүтэй буянт мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтийг сайжруулж, малчид, фермер эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгоход анхаарах шаардлага тулгарч байгаа. Гэтэл малчдын залуу халаа жилээс жилд цөөрч, малчин болох залуусын тоо жилд 1.0 хувиар буурч байгаа нь анхаарахаас аргагүй асуудал юм. Тэгээд ч надтай уулзсан ахмад малчид, улсын аварга, хөдөлмөрийн баатар олон хүн 1960-аад онд мэргэжлийн малчин бэлтгэдэг тогтолцоо манай улсад байсныг ярьж, ахмад үеийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг, хойч үедээ зааж сургадаг уламжлалыг сэргээх талаар ярьж байсан болохоор би энэ ажлыг нийгмийн захиалга гэж харж байгаа. 

Бидний өнөөдөр нээж буй “Сайн малчин” мэргэжлийн анги улс эх орон даяар хүрээгээ тэлж малчдыг бэлтгэх мэргэжлийн боловсрол сургалтын агуулга, арга хэлбэр боловсронгуй болж мал сүрэг өсч үржин малчин түмний амьдрал дээшлэхэд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр мөн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн малчны мэдлэг, ур чадварт үндэслэн малчин мэргэжлийн зэргийг тодорхойлох, түүнд тохирсон нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай бөгөөд сайн, туршлагатай малчны амьдралын арга ухааныг мэргэжлийн боловсрол, сургалттай хослуулан шинэ залуу малчдаа сургаж бэлтгэхэд сургалтын зорилго оршиж буй" хэмээн онцолсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.