Үндэсний лигийн эргэн тойронд

2016 оны 05 сарын 02

МҮСБХ Үндэсний лигийг А, В гэсэн хоёр ангилалтай зохион байгуулж буй. Өнгөрсөн 2015 оны намар Үндэсний цомд өрсөлдөж хэсгээсээ шалгарсан найман баг А ангилалд багтаж байгаа. Харин хэсгээсээ шалгарч чадаагүй баг В ангилалд өрсөлдөж байна. Ингээд Үндэсний лигийн эргэн тойрны мэдээллийг тоймлон хүргэж байна.

Онцлох тоглолт

Дархан-Увс 103:108

Одоогоор багууд 3-4 тулаан хийхэд онцлох тоглолт хэд хэд гарчээ. Эхний онцлох тоглолт Үндэсний цомын аварга Дархан, шилдэг залуусаар хүчээ зузаатгасан Увс аймаг хоёр тулаан. Хоёр багийн тоглолт тэнцүүхэн эхэлсэн юм. Хоёр, гуравдугаар үед Дархан бага зэрэг давамгайлав. Дарханчууд тэргүүллээ хадгалсаар дөрөвдүгээр үеийг эхлүүлсэн бөгөөд тоглолтын цаг дуусахаас найман секундын өмнө тэд гурван оноогоор илүү байлаа. Бөмбөг дарханчуудын мэдэлд байсан. Гэвч бөмбөгийг тоглолтод оруулахад Увсын Болдбаатар таслан өөрөө алсын зайн шидэлт гүйцэтгэн тооны харьцааг тэнцүүлж, хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөв. Нэмэлт цаг Болдбаатар гайхалтай тоглолтоо үргэлжлүүлэн багаа ялалтад хүргэсэн юм. Тэрбээр тус тоглолтод 39 оноо, 17 самбар авсан бөгөөд энэ үзүүлэлтээ Үндэсний супер лигийн шилдгүүд болох А.Тэмүүжин, О.Нямбаяр нарын эсрэг авсан түүнийг хэр ирээдүйтэй тоглогч болохыг илтгэх биз ээ. Увс аймгийн баг одооогоор дөрвөн тоглолт хийж хоёр хожил авчээ. Дархан аймгийн баг мөн дөрвөн тоглолт хийж, хоёр хожилтой байна.

Төв-Архангай 114:125

Үндэсний супер лигийн шилдэг мэргэн бууч Э.Цэвэлдорж тэргүүтэй Архангай аймгийн баг, “Төв Ургац” багийн тоглогчид дээр тулгуурласан Төв аймгийн багтай ширүүн өрсөлдөөн үзүүлэв. Уг тоглолт тун гайхалтай болж гурав нэмэлт цаг сунагасны эцэст Арын сайхан хангай нутгийн залуус хүчирхэг өрсөлдөгчөө буулган авчээ. Тус тоглолтод Э.Цэвэлдорж сайн тоглолтоо үзүүлж багаа хожилд хүргэсэн бөгөөд тэрбээр сүүлчийн нэмэлт цагт найман оноо авсан нь ялалтын үндэс болжээ. Тэрбээр 35 оноо, 13 самбар, долоон оновчтой дамжуулалт өгч жигд тоглосон юм. Төв аймгаас Д.Дэлгэрням шилдэг тоглолтоо үзүүлэн 30 оноо, 19 самбар авчээ.

Ховд-Хэнтий 117:111

Үндэсний супер лигийн 2014-2015 оны улирлын Үнэ цэнэтэй тоглогч Д.Мөнхтүвшинээр ахлуулсан, Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан Ховд аймгийн баг, Спрайт супер лиг шилдэг баг “Хэнтий Эбэг”-ийн залуусаар гол хүчээ бүрдүүлсэн Хэнтий аймгийн багтай нүүр тулав. Тоглолт эхнээсээ өгөө аваатай өрнөлөө. Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед ховдчууд оноогоор тэргүүлж эхэлсэн хэнтийн залуус амар бууж өгөхгүй гэдгээ харуулан зүтгэсээр тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар тоглолт нэмэлт цаг сунгасан бөгөөд Монголын өнөө үеийн шилдэг сагсан бөмбөгч “SBL Хасын Хүлгүүд”-ийн Б.Билгүүний төрсөн дүү Б.Мөнхбилэг шилдэг тоглолтоо гаргаж, Д.Мөнхтүвшин багаа довтолгоонд зөв удирдаж Ховд аймгийн баг учраа буулган авлаа. Д.Мөнхтүвшин, Б.Мөнхбилэг нарын хослол 72 оноог авчирчээ. MVP Мөнхтүвшин 41 оноо авсан нь одоогоор “Үндэсний лигийн нэг тоглолтод авсан хамгийн өндөр оноо болоод буй. Хэнтий аймгийн залуус самбар дор, будагтай талбайгаас ихэнх оноог цуглуулсан бөгөөд төвийн тоглогч Ц.Отгонжаргал  нь 33 оноо, 22 самбар авчээ.

Урлаг  спортын одод

Үндэсний лигт өрсөлдөж буй аймаг бүрийн багт тухайн нутгаас төрөн гарсан спорт, урлагийн нэг, нэг одод тоглох ёстой. Эндээс заримыг нь дурдвал Дархан-Уул аймгийн багт олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар хүчин зүтгэж байна. Шилдэг жүдоч маань сагсан бөмбөг шаггүй тоглодог гэдгээ хэд хэдэн тоглолтод харуулаад амжсан шүү. Улсын аварга С.Мөнхбат Увс аймгийнхаа багтаа саяхан нэгдсэн юм. Түүний хувьд бөхчүүд дотроо сагсан бөмбөг сайн тоглодог хэмээн үнэлэгддэг. Мөн улсын арслан Д.Ганхуяг Өврийн сайхан хангай нутгийнхаа багт хүчээ өгч буй. Арсланг манай бөх сонирхогчид залуудаа сагсан бөмбөгөөр сайн тоглодог байсныг андахгүй мэдэх биз ээ. Ховд нутгийн багт улсын харцага Н.Батзаяа тоглож байна. 

“ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр Архангай аймгийнхаа багт тоглож байгаа. Цоомоогийн хувьд “Альянс Тех Харцага” багийн  үнэнч хөгжөөн дэмжигч бөгөөд мөн сагсан бөмбөг тоглох авьяастай нэгэн. Түүний одоогоор оноо авалтаар урлагийн оддыг тэргүүлж байгаа. Мөн довтолгооны хувь ч өндөртэй. Цоомоогийн хамтрагч “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал Сүхбаатар аймгийнхаа багт тоглож байна.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.