Г.Баярсайхан: “Сайн малчин”-ы анги нээх нь нийгмийн захиалга байсан

2016 оны 05 сарын 02

Монгол Улс 55.9 сая малтай болсон ч залуу малчдын тоо жилээс жилд цөөрч байгаа нь мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлын нэг болсон тул үүнийг шийдэх гарц нь малчин гэсэн мэргэжлээр залуусыг сургах гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үзэж буй. Тэгвэл түүний санаачилга бодитоор ажил хэрэг болж, өнгөрсөн пүрэв гаригт Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид “Сайн малчин” мэргэжлийн анги албан ёсоор нээгдлээ. Нээлтийн үеэр Г.Баярсайхан сайд “Улс орны эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбараар төсөөлж харахаас илүүтэй буянт мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтийг сайжруулан, малчид, фермерүүдийн орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгоход анхаарах шаардлага тулгарч байгаа. Гэтэл малчин болох залуусын тоо жилд нэг хувиар буурч байгаа нь анхаарахаас аргагүй асуудал юм. Надтай уулзсан ахмад малчид, улсын аварга, Хөдөлмөрийн баатар зэрэг олон хүн 1960-аад оных шиг мэргэжлийн малчин бэлтгэдэг тогтолцоог дахин нэвтрүүлж, тэр үеийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ зааж сургадаг уламжлалыг сэргээх санал гаргаж байсан тул би энэ ажлыг нийгмийн захиалга гэж харж байгаа” хэмээв.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг ажлын байраар хангадаг хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуй төрийн бодлогын төвд байдаг. Засгийн газраас малчдын хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуйн салбар, холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа тул мал сүргийн тоо толгойг өсгөх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байгаа юм. Гэтэл өнөөдөр мэргэжлийн боловсрол, сургалтын есөн байгууллагад эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжлээр 157, малын эмчээр 57, малын асаргаа мэргэжлээр 38 хүн сурч байгаа нь уламжлалт мал аж ахуйн сургалт үндсэндээ хаагдаад байгаагийн нэг илрэл хэмээн үзсэн Хөдөлмөрийн сайд малчдын залуу халааг бэлтгэх, мал аж ахуйн салбарт залуусыг татах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг судлах үүргийг салбарынхандаа өгчээ. Судалгааг аймаг орон нутаг дахь Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-үүдээрээ дамжуулан олон чиглэлд хийсний үр дүнд “Сайн малчин” мэргэжлийн ангитай болох нь зөв гэсэн шийдэлд хүрснээр анхных нь Ховд аймгийн “Хөгжил” коллежид үүдээ нээлээ.

 “Сайн малчин”-ы ангид Ховд аймгийн сум бүрээс залуус элсчээ. Нийт 25 суралцагчтай хичээлээ эхэлж буй энэ ангийн хамгийн залуу нь 14, хамгийн ахмад нь 39 настай аж. Тэд бүгд хөдөө мал дээр байдаг. Хэдийгээр аав ээжээсээ малчны арга ухаан сурч буй ч мал маллагааны орчин үеийн арга технологи, мал эмнэлэг, эмнэл зүйн ухаанд суралцах, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үр өгөөжийг ашиглах гээд олон зүйлийг суралцах хугацаандаа мэдэж авахаар энэ сонголтыг хийсэн гэдгээ тэд ярьж байлаа. “Сайн малчин” мэргэжлийн ангийг Ховдоос гадна Баянхонгор, Дорнод гэхчилэн бүс бүрт байгуулахаар төлөвлөжээ. “Сайн малчин” мэргэжлийн ангид эрчимжүүлсэн байдлаар ердөө таван сар суралцаад төгсөнө.

Бат-Очирын Дорждэрэм:

-Дөргөн сумаас ирсэн. Хөдөө мал малладаг. Ноднин дунд сургуулиа төгсөөд мал дээр гарсан. Ийм шинэ анги нээх гэж байгааг сонсоод суръя гэж бодоод ирсэн. Хэдийгээр хар багаасаа мал маллах арга ухааныг аав ээжээс өвлөсөн ч онолын талаас нь юм сонсч мэдэж авъя гэж шийдээд энэ сонголтыг хийсэн. Наад зах нь малдаа өвчин туслаа гэхэд шинж тэмдэг нь ямар байдаг, яаж эмчлэх гэхчилэн олон талын мэдлэгийг эндээс авна. Бас туршлагатай ахмад малчдаар хичээл заалгана гэсэн болохоор илүү их зүйл сурна гэж итгэж байгаа.

Батжаргалын Сүхбат:

-Би 14 настай, тавдугаар ангиасаа сургуулиас гарч мал маллаж байгаа. Манайх зургаан хүүхэдтэй. Тэднээс хоёр нь малчин болсны нэг нь би. Ямаа голдуу 600 гаруй мал малладаг. Сумаас бидэнд ийм анги нээгдэх гэж байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд сурахаар ирсэн. Малынхаа бэлчээрийг сонгох, үүлдэр угсааг нь сайжруулах гээд олон зүйлийг заана гэсэн.

Б.Энхжаргал:

-Манайхан бүгд малчин. Гэхдээ миний энд ирсэн шалтгаан малчны мэргэжлээр илүү нарийн мэдлэгтэй болохын хамт малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх арга зам, малын гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн яаж боловсруулах зэргийг сурах юм. Бидэнд заах хичээлийн талаар багш нарын ярьж танилцуулж байгаагаас би сурна гэж бодож ирсэн зүйлээ сурч чадна гэсэн итгэлтэй байгаа. Ийм сонголт хийсэндээ баяртай байна.

 

.