Ховд аймагт анхны “Сайн малчин” мэргэжлийн анги нээгдлээ

2016 оны 05 сарын 02

Залуу малчдын тоо жилээс жилд цөөрч байгаа нь мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлын нэг болсон тул үүнийг шийдэх гарц нь малчин гэсэн мэргэжлээр залуусыг сургах гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үзэж буй. Тэгвэл түүний санаачилга бодитоор ажил хэрэг болж, өнгөрсөн пүрэв гаригт Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид “Сайн малчин” мэргэжлийн анги албан ёсоор нээгдлээ.

Нээлтийн үеэр Г.Баярсайхан сайд “Улс орны эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбараар төсөөлж харахаас илүүтэй буянт мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтийг сайжруулан, малчид, фермерүүдийн орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгоход анхаарах шаардлага тулгарч байгаа. Гэтэл малчин болох залуусын тоо жилд нэг хувиар буурч байгаа нь анхаарахаас аргагүй асуудал юм.

Надтай уулзсан ахмад малчид, улсын аварга, Хөдөлмөрийн баатар зэрэг олон хүн 1960-аад оных шиг мэргэжлийн малчин бэлтгэдэг тогтолцоог дахин нэвтрүүлж, тэр үеийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ зааж сургадаг уламжлалыг сэргээх санал гаргаж байсан тул би энэ ажлыг нийгмийн захиалга гэж харж байгаа” хэмээв. “Сайн малчин”-ы ангид Ховд аймгийн сум бүрээс залуус элсчээ. Нийт 25 суралцагчтай хичээлээ эхэлж буй энэ ангийн хамгийн залуу нь 14, ахмад нь 39 настай аж. Тэд бүгд хөдөө мал дээр байдаг.

“Сайн малчин” мэргэжлийн ангийг Ховдоос гадна Баянхонгор, Дорнод гэхчилэн бүс бүрт байгуулахаар төлөвлөжээ.

Л.АРГАМЖИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
193.88.127.198 Estoi zuv saixan medee bna! Xugjultei ornd ch malchin meregjil baidag! Dor xayj 3-6 jil surdag ym bna lee! Unexeer zuv angi exluulj bgaad bayartai bna! Bayar xurgie, amjilt xusie!

.