ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТЭНГЭРЭЭС БУУГААГҮЙ

2016 оны 05 сарын 02

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг үг, энэ нэр томьёо биднээс яагаад тийм хол санагддаг юм бол. Уг нь ард түмэн бидний төр, нийгмийг удирдахад оролцдог гол хэлбэр, бүрэлдэхүүн хэсэг нь ИТХ билээ. Гэтэл өөрсдийнхөө дуу хоолой, хүсэл зориг хийгээд эрх ашгийг төрийн удирдлагын түвшинд төлөөлөх хамгийн ойрын түншээ төдийлөн ойшоодоггүй. Орон нутгийн сонгуулиар хэнд саналаа өгснөө босго даваад мартчихдаг бид аймаг, нийслэл, дүүргийн маань ИТХ-д хэдэн төлөөлөгч байдаг, тэд яг юу хийдгийг бараг мэдэхгүй.

Тэгсэн хэрнээ УИХ-ын сонгуулийн түүхийг бол хэдэн үеэр нь хүүрнэн өгүүлэх жишээний. Үүнд хоёр шалтгаан байх шиг. Юуны өмнө ИТХ ажлаа хангалттай хэмжээнд хийж чадахгүй байна. Хоёрдугаарт, нутгийн өөрөө удирдах ёсны мөн чанарыг ардчилалтай золгоод 26 жил (Энэ тухай шинэ Үндсэн хуулиар тунхагласнаас хойш 24 жил) болж буй монголчууд бид гүйцэд таниагүй явж ирснээс үүдэлтэй гэж тайлбарлаж болмоор санагдана. Тиймээс ИТХ-ын (Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хөгжүүлэх зарчим) ажил манайд хэрхэн явагдаж ирсэн тухай нийслэлийн ИТХ-аар жишээлэн тайлбарлая.

Нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндсийг тавилцсан А.Токвиль “Засаглалын анхдагч үндэс нь төр улс, тэр ч байтугай ард түмэн биш. Харин хувийн хэргээ өөрсдөө зохицуулахаар сайн дурын үндсэн дээр нэгдсэн бие хүмүүс мөн” хэмээн бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. Энэ зарчим манайд хэзээнээс үйлчилснийг санаж байна уу. Нийслэлийн ИТХ байнгын ажиллагаатай болж эхлэхээс өмнө буюу жилд хоёр удаа (төсөв батлах болон тодотгох, шагналын асуудал хэлэлцэх гэж) хуралддаг байхад нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр хэм хэмжээ тогтоосон шийдвэр тийм ч олон гарч байсангүй.

Үнэндээ иргэд төлөөллийн байгууллагынхаа тухай ямар ч ойлголтгүй байв. Нийслэлийн ИТХ-ын анхны тогтоол 1994 оны есдүгээр сард гарсан бөгөөд тэр нь “Нийслэл хотын хүндэт иргэнд өргөмжлөх, шагнах журам” байв. Түүнээс хойш 2012 он хүртэл ердөө хоёр л тогтоол гаргасан гэхээр ерөнхийдөө нийслэлчүүд эрх дураараа тарвалзаж байжээ гэсэн үг. Харин 2012 оны долдугаар сард нийслэлийн ИТХ-ын “Хуралдааны дэг”-ийг шинэчлэн баталж, ээлжит хуралдааныг сар бүрийн сүүлчийн долоо хоногийн пүрэв гаригт хийж байхаар тогтсоноос хойш улаанбаатарчуудын эрх “хязгаарлагдаад” эхлэв.


Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай анхны тогтоолоосоо эхлээд л олон нийтийн анхаарлыг татаж орхисон. Сайндаа ч биш, “Хэн ийм юм хийгээд эхлэв. Яахаараа намайг машины маань дугаараар хязгаарлан зорчуулж, дээрээс нь дахиад ачиж, дугуйг минь түгжиж зүрхэлдэг байна аа” гээд дургүй нь хүрсэн иргэд нэг зүг рүү муухай харсан хэрэг. Тэр зүгт нь нийслэлийн ИТХ байж байв.

Тэгэхэд л “Эд чинь ийм том эрх мэдэлтэй хүмүүс байсан хэрэг үү” гэж мэл гайхаад, олныхоо жишгээр дуугаа намсгасан даа. Өдөр ирэх тусам хүн ам, барилга байшин нь хүрээгээ тэлж буй Улаанбаатарын нутаг дэвсгэр дээрх асуудлыг хот хуулийн хүрээнд иргэдийнхээ оролцоотойгоор өөрсдөө л шийдэж, үр дүнг нь эргээд тайлагнадаг зарчимтай бид ингэж танилцсан юм.

2012-2015 онд нийслэлийн ИТХ 32, ээлжит бусаар зургаан удаа хуралдаж, 127 асуудал хэлэлцэн баталж, нийт 23 тогтоол гаргажээ. Мөн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид дээрх хугацаанд 36 тогтоол баталсныг 1993-2011 онтой харьцуулбал (40 тогтоол гарсан) хол зөрүү харагдаж байна. Энэ талаас нь харвал нийслэлийн ИТХ-д анх удаа олонх болсон Ардчилсан намынхан “бужигнуулж” өгсөн байгаа биз. Гэхдээ үүнийг аль талаас нь харахаас их зүйл шалтгаална. Дээрх тогтоолуудыг ардчилсан нийгэмд иргэдийнхээ эрх, эрх чөлөөнд халдсан хаалт гэж үзвэл тэр нь хэвээр байсаар л байна.

Харин “1.3 сая хүнтэй хотод эмх цэгц зайлшгүй чухал. Энэ бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ. Үүнийг зөрчихгүй л байвал бид бүгдээрээ амар тайван амьдарч болно” хэмээн сэтгэвэл амьдрал арай хялбар санагдах буй за. Аливаа зүйлээс дандаа сөрөг талыг олж “нээнэ” гэдэг уйтгартай шүү дээ. Тухайлбал, одоогийн нийслэлийн ИТХ-ын үед эхлүүлсэн олон ажлаас Гэр хорооллыг дахин төлөвлөх, Улаанбаатар-Орон сууцны сангаас нийслэлийн төрийн албан хаагчдад урьдчилгаан дээр нь хөнгөлөлт үзүүлэх, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох, Авто зам ашигласны төлбөр хураах журам хийгээд Бичил бизнесийг дэмжих замаар ядуурлыг бууруулах болон “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” зэрэг хөтөлбөрийн үр шим цөөнгүй хүний амьдралд “наалдсан” гэдэгт эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь энэ ажлууд бүгд иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан гэдэг л чухал.

Нийслэлийг бүхэлд нь хамаардаг нутгийн өөрөө удирдах байгууллага маань тогтмол, бас нээлттэй ажиллаж эхэлсний ачаар иргэдийн төлөөлөгчид улирал тутам 10 сая төгрөгийн урамшуулал авдаг байсныг бид мэдэж авсан гэхэд хилсдэхгүй. Үүнээс өмнө нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч бүр тойрогтоо ажиллана гээд улирал тутам 20 сая төгрөг авдаг ч түүгээрээ юу хийдэг байсныг мэдэхгүй л явсан шүү дээ. Төлөөлөгчдийн талаарх бидний ойлголт, мэдлэгийг зузаатгаж өгсөн бас нэг хүчин зүйл энэ байв.

“ИТХ-ыг хүн дурлаад байх зүйл биш гэж бодсон чинь ийм их мөнгө халаасалдаг байсан юм уу. Одоо тэгвэл болих хэрэгтэй” хэмээн олон нийтийн сүлжээгээр баахан бангадуулсны эцэст төлөөлөгчид маань энэ жилээс урамшуулалгүй болоодохов. Гэвч 2016 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн аль нэгээр сонгогдохын төлөөх марафон хэдийнэ эхэлжээ. Арга ч үгүй юм даа, үе үеийн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөс УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Шадар сайд, салбарын сайд тэргүүтэй томчууд төрөн гардаг хойно. Үүрэгт ажлаа сайн хийж байвал энэ ч дараагийн хэрэг л дээ. Ямартай ч төлөөлөгч гэдэг хүн тэнгэрээс буугаагүй иргэдийн дундаас, тэдний сонголтоор “төрдгийг” бид ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.143 holiin utgaar natsist

.