ИРГЭДЭЭ ЭМНЭЛЭГТ СААДГҮЙ ХҮРГЭХ ЗАМ ХЭРЭГТЭЙ

2015 оны 07 сарын 29

Өнөөдөр монголчуудад амьд явах баталгаа ер нь байна уу. Бид өвдсөн үедээ цаг алдалгүй эмнэлэгт хүрнэ гэдэг хүндрэлтэй болсон. Учир нь түргэн тусламжийн машин замын түгжрэлд боогдоод хэдэн цагт ирэх нь тодорхойгүй. Тэр хүртэл тэсэж чадвал анхны тусламж авч эмнэлэг бараадна. Ингээд эмнэлгийн гадаа очоод, дотогш нэвтэрч чадахгүй нэг хэсэг тойрч явдаг.

Хотын эмнэлгүүдийн орох, гарах гарц нь ихэвчлэн тодорхой бус, хэт нарийн байдгийг олон хүн хэлэх буй за. Амь нас нь минут, секундээр хэмжигдэж буй өвчтөнүүдийг хүргэж яваа яаралтай тусламжийн машин эмнэлэг рүү орж чадахгүй байгаа тухай иргэд ярьж байна. Хэдэн талд нь хувийн байгууллагууд барилга барьснаас орж, гарах замгүй болох дөхсөн эмнэлгүүдийн үүдээр хүн, машин нь багтаж ядан “чихэлддэг”. Түргэний тэрэг тэр нарийн замаар яваад оръё гэхээр хэн нэгэн хувиа хичээгч нь машинаа тавьчихсан байгаатай та ч бас таарсан болов уу. Эмнэлэг нь харагдаад байвч очиж чаддаггүй дэд бүтэцтэй хот манайхаас өөр бий болов уу.

ГАНЦ ХУУДАС ЦААС ӨГСНӨӨС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ

Гэмтэл согог судлалын үндэсний төв одоогийн байгаа энэ газартаа 1990 онд байгуулагдсан. Төрөлжсөн, нарийн мэргэжлийн гэмтэл согогийн тусламж үзүүлдэг Монгол Улсын цорын ганц эмнэлэг. Яаралтай тусламжийн тасгаар нь өдөрт 300-350, амбулаториор нь 100-150, хэвтэн эмчлүүлж буй 450-480 хүн үйлчлүүлдэг гэнэ. Энэ бол зөвхөн өвчтөнүүдийн тоо юм. Тэднийг дагаж ирэх ар гэрийнхэн гээд энэ байгууллагын хашаагаар нэг өдөрт орж, гарах иргэд 10 мянгад дөхдөг аж.

Анх байгуулахдаа зам, зогсоолыг нь тэр үеийн тээврийн хэрэгслийн тоонд нийцүүлэн хийсэн болохоор өдгөө ачааллаа дийлэхээ больжээ. 2010 оноос хойш энэ эмнэлгийн эргэн тойронд мөөг шиг олон барилга барьсан болохоор зам, гарцаа өргөтгөх боломжгүй болжээ. Түүнээс гадна ГССҮТ-ийн хойно байрлах орон сууцны оршин суугчид хашаан дотор нь машинаа тавьдаг гэнэ. Эмнэлгийн ажилтнууд энэ хүмүүстэй олон удаа уулзаж, хэлсэн ч үр дүнд хүрдэггүй талаар ярьж байв. Мөн энэ эмнэлэг 2010 оноос иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа хийдэг болжээ. Судалгааны 14.9 хувийг сэтгэл ханамжгүй гэх санал эзэлдэг бөгөөд үүний 80 хувийг зөвхөн замын эвдрэл, зогсоолын дутмаг байдал эзэлдэг аж. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үедээ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарт ГССҮТ-ийн эргэн тойронд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, баригдаж байгаа барилгын ажлыг зогсоох үүрэг даалгавар өгсөн байна.

Гэвч эмнэлгийн урд хэсэгт барилга барьж буй компанийн удирдлагуудад Баянгол дүүргийн Засаг дарга барилгын ажлыг зогсоох тухай мэдэгдэл хүргүүлснээс өөр ямар ч ажил хийгээгүй гэнэ. ГССҮТ-ийн Эмчилгээ, чанар, дотоод хяналтын албаны дарга Ч.Нямхүү “Манай эмнэлэгт бүх насныхан үйлчлүүлдэг. Гэтэл энэ замын байдлаас болоод түргэн тусламжаар болон өөрсдөө ирж байгаа өвчтөнүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах вий гэхээс бид үргэлж сэтгэл түгшиж явдаг. Ийм зүйл болохгүй гэх баталгаа алга байна шүү дээ. Яаралтай тусламжаар ноцтой гэмтэлтэй хүн ирж байгаа тохиолдолд бидэнд урьдчилан мэдэгддэг юм. Тэр үед замыг нь чөлөөлж гарцыг саадгүй болгодог. Заримдаа зам чөлөөлөх боломжгүй болбол эмч, сувилагч нар өвчтөн зөөдөг ороо бариад өөдөөс нь тосдог” гэж ярив.

Гараа хугалсан 11 настай хүүхдээ өөрийн машинаар эмнэлэгт авчирсан иргэн Р.Баярмагнай “Энд ирээд эмнэлгийг хоёр удаа тойрсон боловч, зогсоол олж чадсангүй. Тэгээд машинаа нэлээд зайтай газар хашилга дамнуулаад орхичихлоо. Аргагүй эрхэнд л тийм газарт тавилаа. Машинаа эзгүй орхиж болохгүй байсан учраас эхнэрээ суулгаад үлдээчихсэн. Ямар ч зогсоолгүй, бас зам нь маш их эвдэрчээ. Хаа сайгүй байх том нүхэнд нь борооны ус дүүрээд юу байгаа нь харагдахаа байчихсан байна. Өмнө энэ эмнэлгийн замыг их түгжрэлтэй гэж сонсож байснаас биш яг ингэж явж үзээгүй болохоор сайн мэддэггүй байж. Энд үнэхээр машин байтугай явган хүн ч чөлөөтэй явах зай алга” гэж байв.

ЖОЛООЧ НАР ЗАМ ТОВЧИЛЖ, ТҮРГЭНИЙ МАШИНД СААД УЧРУУЛДАГ

П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг ийм бэрхшээлтэй тулгарч буй гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн нэг. Тэнд хөдөө орон нутгаас яаралтай тусламжаар хүнд өвчтөнүүд ирдэг. Гэтэл тэр холоос зорьсон өвчтөнүүд эмнэлэгт ирэхэд хүлээн авах зам, гарцгүй болсон гэхээр хэлэх үг олдохгүй байна гэсэн үйлчлүүлэгчид таарч байлаа.

III эмнэлэгт зүрх судас, тархины хагалгаа, эмчилгээ оношилгоог нарийн мэргэжлийн эмч нар хийдэг. Зөвхөн энэ төрлийн үйлчилгээ авахаар өдөрт дунджаар 50 гаруй хүн ирдэг гэнэ. Энэ нь яаралтай тусламжийн машинаар ирж байгаа өвчтөнүүдийн тоо юм. Түргэн тусламж хүлээж тэвчихгүй өөрсдийн машинаар өвчтөн авчрах хүн ч олон байдаг аж. Тус эмнэлэг анх 2012 онд “Дашваанжил” ХХК-д яаралтай тусламжийн машин ордог зориулалтын замаа алдсан гэнэ. Тэгээд тус компанийн шатахуун түгээх газрыг тойрч ордог байжээ. Гэтэл удалгүй тэр газар дээр нь “Дэл оюу дөл” ХХК протезийн үйлдвэр барих болжээ. Ингээд энэ эмнэлэг түргэн тусламжаар ирсэн өвчтөнүүдээ хүлээн авах замгүй болсон юм.

Тухайн үедээ нийслэл, дүүргийн удирдлагуудад удаа дараа албан бичиг явуулсан боловч амжилт ололгүй өнөөдөртэй золгожээ. Одоо энэ эмнэлгийнүүдэнд багтаж ядсан олон машины жолооч нар “Чи цаашаа, би наашаа” гэж хэрэлдэж зогсохыг өдөр, шөнийн алинд ч харж болно. Эмнэлгийн ажилтнууд хашаагаа эвдэн байж зам гаргаж, зөвхөн яаралтай тусламжийн машин оруулах болсон аж. Гэвч түүгээр нь зам товчлох гэсэн хүмүүс түргэний машины өөдөөс яваад түгжрэл үүсгэдэг гэнэ. Энэ талаар яаралтай тусламжийн эмч С.Наранбат “Яаралтай тусламжаар мэдээж хүнд өвчтэй хүмүүс ирдэг. Тэдний дотор зүрхний шигдээс, цус харвасан хүн байдаг. Гэтэл эмнэлгийн үүдэнд ирээд орж чадахгүй байгаа нь бидний ажилд хүндрэл учруулсаар байна. Бидний гаргасан, орох чиглэлийн зам түгжирсэн үед түргэн тусламжийн машин эмнэлгийн хойгуур тойрч гарах хэрэгтэй болдог.

Өөрөөр хэлбэл, “Дашваанжил” компанийн шатахуун түгээх станц болон протезийн үйлдвэрийн голын нарийн замаар явна гэсэн үг. Уг замаар нэг машин л багтах зайтай. Манай яаралтай тусламжийн тэрэгнүүд БНСУ-ынх. Намхан учраас шороон замаар явахад хүндрэлтэй байдаг гэсэн. Иймээс иргэд онцын шаардлагагүй бол түргэний машин ордог замаар битгий яваач ээ гэж хэлмээр байна” хэмээв. Харин тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэнийг хүргэж явсан тээврийн хэрэгслийн жолооч н.Баяраа “Энэ зам их хэцүү. Зорчигч хүргэж байгаа бидэнд ийм байгаа юм чинь түргэн тусламжийн машинд бүр хэцүү байх. Түгжрэлээс гадна шороон замтай болохоор машин тулаад байдаг. Амралтын өдөр ч зогсоол нь дүүрэн байдаг, ачаалал ихтэй зам. Даваа гаригт бол ийш зүглэх ч хэрэггүй” гэсэн юм.

ДУУДЛАГА ИРЭЭД БАЙХАД

МАШИН НЬ ГАРЧ ЧАДАХГҮЙ ТОХИОЛДОЛ БИЙ

Саяхан байрнуудын дундах замд түргэн тусламжийн машинд зам тавьж өгөхгүй байснаас эмч нар нь гүйж очоод өвчтөнийг дамжлан машиндаа суулгаж байгаа бичлэг цахим ертөнцөөр нэлээд шуугиан дэгдээсэн. Гэвч хүмүүст мэдэгдсэн нь л тэр болохоос иймэрхүү тохиолдол цөөнгүй гардгийг яаралтай түргэн тусламжийн эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн зам ч мөн л түргэн тусламжийн машин зорчиход хүндрэлтэй байдгийг тэндхийн ажилтан болон үйлчлүүлэгч нар хэлдэг. Учир нь тус эмнэлгээс гадна Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, “Сонгдо” эмнэлэг, Клиникийн нэгдүгээр амаржих газар бий. Ийм олон байгууллага ганцхан, нарийн зам ашигладаг. Тэр зам нь хоёр машин зөрөх төдий. Гэтэл хэнэггүй жолооч нар машинаа тавиад алга болчихно. УНТЭ элэг, цөс, үе мөчний гээд бүх төрлийн хагалгаа хийдэг гуравдугаар шатлалын эмнэлэг.

Тэндхийн Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Я.Бадамдорж “Манай эмнэлэг Сүхбаатар дүүргээс гадна бүх аймгаас өвчтөн хүлээн авдаг. Зөвхөн яаралтай тусламжаар өдөрт дунджаар 150 хүн ирж байна. Үүнээс гадна амбулаториор үйлчлүүлж байгаа өвчтөнүүд, эргэлтээр ирж буй хүмүүс гээд зөвхөн манай эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо мянга хол гарна. Гэтэл эргэн тойронд явган хүний зам бараг байхгүй, авто зам нь нарийхан. Зарим үед түргэн тусламжийн машин орох ямар ч боломжгүй болдог. Дуудлага ирээд байдаг, машин нь гарч чадахгүй, үүдэндээ зогсох тохиолдол ч бий. Бас нэг хүндрэлтэйасуудал нь яг энэ зам Энхтайваны өргөн чөлөө болон Элчингийн гудамжийг холбосон туслах зам болчихсон. Тэгэхээр жолооч нар манайхаар болон энэ замын орчим байрлах байгууллагуудаар үйлчлүүлэхгүй л бол зам товчлох гэж үүгээр зорчихоо болих хэрэгтэй.

Өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэх яаралтай тусламжийн машины зорчих гарцын асуудлыг шийдээгүйгээс хүний амь эрсдвэл буруутан нь мэдээж эмч, сувилагч болно. Иймээс хэн хэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэж ярив. Тус эмнэлэгт шинжилгээ өгсөн иргэн Н.Цэцэгсүрэн “Энэ эмнэлгийн зам их ачаалалтай байдаг. Явган хүний зам зарим хэсэгт байхгүй болчихсон учраас авто замаар нь явж байна. Бас сүүлийн хэдэн өдөр бороо ороод замын хажуугаар ус тогтсон тул замын голоор ч явж байна. Дээр нь машины зогсоол байхгүй, I эгнээнд тавьчихаар дугуй түгжчихдэг” хэмээв.

МИКРО АВТОБУСНУУД ЭМНЭЛГИЙН ХАШААН ДОТОР СҮЛЖИЛДДЭГ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ч мөн ийм асуудалтай тулгарсан гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн нэг. 1930 онд 15 ортой байгуулагдсан тус эмнэлэг одоо өдөрт 150 гаруй хүүхэд яаралтай тусламжаар хүлээн авдаг аж. Гэтэл яг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн гарц ганц урсгалтай нарийн замтай болчихоод буй. Үүнээс болж иргэдийн дунд маргаан үүсэхээс эхлээд түргэний машин ороход хүндрэлтэй болсон гэнэ. Уг замын уулзвар дээр “Экстра” орос худалдааны төв болон караоке үйл ажиллагаа явуулж байгаа. Караоке нь анх газрын албанаас авч байсан зөвшөөрөлтэй газар дээрх барилгаа энэ жил явган хүний зам руу өргөтгөөд барьчихсан. Энэ нь иргэд болон ЭХЭМҮТ-ийн ажилтнуудыг ихэд бухимдуулж байгаа аж.

Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн их эмч Ж.Эрдэнэбаатар “Манайд нэг, хоёрдугаар шатлалын болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд эмчлэх боломжгүй нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай хүүхдүүд ирдэг. Мөн төрөлхийн суурь өвчтэй, эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй хүүхэд ч олон. Нарийхан замтай гарц нь түгжирсэн үед түргэний машин орох хүндрэлтэй байдаг учраас эмч болон эцэг эхчүүд хүүхдээ тэврээд орж ирдэг. Баяр, наадмын үеэр ачаалал ихсэж энэ байдал улам дорддог” гэлээ. Түүнчлэн их, дээд сургуулийн хичээл эхлэхээр ЭХЭМҮТ-ийн урд байрлах Монголын үндэсний дээд сургуулийн багш, оюутнууд эмнэлгийн хашаан дотор машинаа тавьдаг аж. Энэ үед зогсоолын асуудал бүр ч хүнд болдог. Тэр ч бүү хэл, төв замын түгжрэл ихэссэн үед шугамын микро автобуснууд эмнэлгийн хашаан дотуур сүлжилдэн зам товчилж эмч, ажилтнууд болон иргэдийн бухимдлыг бардаг тухай тус байгууллагын ажилтнууд ярьж байна.

14.00 цагийн үед хоолны хордлогод орсон дөрвөн настай хүүхдээ эмнэлэгт авчирсан иргэн “Түргэн тусламж ирэхийг хүлээж байснаас өөрсдөө яваад ирсэн нь дээр. Гэвч энэ гарцаар нь орох гэж арав гаруй минут зогслоо. Орж ирээд зогсоол хайж бас л арваад минут тойрч явлаа. Аргагүйн эрхэнд хоёр машиныг хааж орхиод ирлээ” гэж байв. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гуравдугаар шатлалын дөрвөн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзахад байдал ийм байна. Тус эмнэлгүүдийн удирдлагууд холбогдох бүхий л байгууллагад албан бичиг хүргүүлж, биечлэн уулзаж байсан ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй аж. Эмнэлгүүдийн энэ асуудлыг хэн гэдэг албан тушаалтан, ямар байгуллага хариуцдаг болох нь ил тод биш гэнэ. Нэг албан бичиг хүргүүлэхэд манайд хамаагүй гээд өөр газар руу шилжүүлдэг.

Гэвч удалгүй тэр бичиг нь хаачсан нь мэдэгдэхгүй алга болдог, хариу ирдэггүй гэдгийг ГССҮТийн ажилтнууд ярьж байв. Мөн эмнэлгийн барилгаас 200 метр зайд өөр зориулалтын барилга барихыг хориглосон хуулийн заалт байдгийг ч тэд сануулж байв. Иймээс Эрүүл мэндийн яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар зэрэг байгууллага энэ хуулийг баримталж, иргэдийг эрүүл мэндийн тусламж авахад нь саад учруулж байгаа энэ мэт байдлыг таслан зогсоогооч гэж эмнэлгийн ажилтнууд болон иргэд хүсэж байгааг бид уламжилж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.75 ter gemtliin ergen toirond arai denduu ..bas eh nyalhasiin hashaaruu orhod ih hetsuu yum bnlee hotiin darga anhaaraldaa avaaasai harj l baiy ard tumen bugdiig harj bn shuu!!!!!!!

.